Цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн талаар хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Үүний нэг жишээ нь, гадаадаас ирсэн иргэдийг олон хоногоор тусгаарлах шийдвэр. УОК-оос хэд хоногийн өмнө /2021.12.25/ цар тахлын омикроны давлагаанаас сэргийлж, гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлахаар болсон. Гэтэл 20 хонолгүй өнөөдөр /2022.01.12/ энэ шийдвэрээ цуцалж байгаагаа мэдэгдэв.
Энэ талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулахдаа "Дэлхийн 147 улсад цар тахлын омикрон хувилбар тархаад байна. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын сүүлчээр цар тахлын халдвар оргил үедээ хүрэхийг эрдэмтэд тооцоолсон. Ерөнхий сайд гадаадаас ирж буй иргэдийг омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах, эдгээр иргэдийг онгоцны буудал, хилийн боомтод PCR шинжилгээнд хамруулах ёстой. Энэ шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг чиглэл өгсөн" гэсэн юм.
Гадаадаас ирсэн иргэдийг 20 зочид буудалд тусгаарлаж, 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөгийн төлбөр төлж байв. Иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээнд "Халдвараас сэргийлэх бус, мөнгө авах л зорилготой арга хэмжээ болж байна" гэж бухимдлаа илэрхийлсэн.
Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногт сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэн ирснээс халдварын 232 тохиолдол 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн тусгаарлах байранд төлж, эрхээ хязгаарлуулсан хохирлыг хэн барагдуулах вэ. Энэ удаа УОК дахин иргэдийн эрхэнд халдлаа.
УОК-оос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 удаа шийдвэрээ өөрчилсөн ч албажаагүй шийдвэр хэрэгжүүлж, олон мянган хүний эрхийг хязгаарлан, ноцтой зөрчил гаргасан талаар хуульчид судалж, тогтоосон байдаг. Энэ судалгаагаар гадаадаас ирсэн 24025 иргэнийг хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн байна. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 30-ны өдөр хэрэг үүссэн" талаар хуульчид мэдээлсэн юм.
УОК-оос цар тахал нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж, олон удаагийн эргэж буцсан шийдвэр гаргаж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Ямар ч судалгаа, тооцоогүй шийдвэрийн хохирогч нь иргэд болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд мөнгөөрөө "тоглуулсаар" байх уу?
Холбоотой мэдээ