БАЙР СУУРЬ: Эдийн засаг сэхэл авах эсэх хилийн хоригоос хамаарна

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Эдийн засаг сэхэл авах эсэх хилийн хоригоос хамаарна

БАЙР СУУРЬ: Эдийн засаг сэхэл авах эсэх хилийн хоригоос хамаарна

Айлаар зүйрлэвэл Монгол Улс шинэ оны эхэнд эдийн засагт ирэх сорилтуудыг хэрхэн даван туулах арга замаа тодорхойлох гээд амаргүй цаг үед байна. Хэдийгээр энэ онд эдийн засаг сэргэх эерэг төсөөлөл байгаа ч эрх баригчид 2022 оны төсвийг хэт өндөр баталсан, хилийн хориг, бараа бүтээгдэхүүний хомсдолоос гадна омикроны давлагаа зэрэг олон хүчин зүйл эдийн засгийн урсгалыг дахин “боомилох” бололтой. Энэ талаар эдийн засагч, шинжээч судлаачид ч бас шүүмжлэл хэлсээр байна. 2022 оны эдийн засгийн өнгө ямархуу байх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.


ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС МУУДНА

Эдийн засагч Ц.ДАВААДОРЖ: 

-УИХ-аас 2022 оны улсын төсвийг алдагдалтай баталсан, цар тахал дахин тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн. Засгийн газрын барьж буй бодлогыг харахад төсвөө шүтсэн байдалтай. Засгийн газар зардлаа ихээхэн танамаар л харагдаж байна. Ер нь улсын хөрөнгө оруулалт цаашид тэлэх асуудал хувийн секторын нуруун дээр байдаг. Гэтэл заримыг нь улс үүрч, заавал төрийн шаардлагагүй байхад хөрөнгө оруулалт хийж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Яагаад гэвэл эдийн засгаа эргээд тэтгэж, өгөөж болж чадахгүй хөрөнгө оруулалтууд маш их байгаа юм. Хэдийгээр хөшөө дурсгал, соёлын өв хэрэгтэй ч шууд эдийн засагт эргэж нөлөөлөх нь урт хугацааных байгаа юм. Уг нь үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжсэн арга хэмжээнүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаашид хилийн хориг үргэлжилсээр байвал бараа, бүтээгдэхүүний хомсдолоос авахуулаад эдийн засгийн идэвхжил суларна. Ер нь жил бүрийн нэгдүгээр сард улсын орлого, эдийн засгийн нөхцөл байдал муу байдаг. Гэхдээ энэ жил хил хаалттай, цар тахлын тодорхойгүй нөхцөлд бүр муудах байх. Уг нь Цагаан сараар эдийн засгийн урсгал сэргэдэг байсан ч энэ жил сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй бололтой. Улмаар дотоодын эдийн засгийн идэвхжлийг сэргээж чадахгүй болов уу.

Бидний хувьд 2021 оны 11-12 дугаар сарын үед эдийн засаг сэргэх нааштай хүлээлттэй байсан ч оны сүүлчээр цар тахлын тодорхойгүй нөхцөл дахин үүсч эхэллээ. Мөн урд хөрш хилийн хоригоо чангаруулсан. Товчхондоо улсын эдийн засаг хүнд байдалд орлоо.

Бараа, бүтээгдэхүүний хомсдол ихэсч, дотоодод ч бас махны нийлүүлэлтийн хомсдол, үнийн хөөрөгдөл гээд дур дураараа л аашилцгааж байна. Тэгэхээр инфляцын өсөлтийг Монголбанк дангаараа барьж дийлэхгүй. Хэдий мөнгөний зөөлөн бодлого барьж байгаа ч улсын төсөв тэлэх хэрээр энэ арга хэмжээг сулруулаад байгаа юм. Энгийнээр тайлбарлавал, Монголбанк мөнгөө хямгадвал инфляцыг тогтвортой барина. Гэтэл эсрэгээрээ Засгийн газар халамж тэтгэвэр, үнэ чөлөөлөх байдлаар улсын төсөвт их хэмжээний мөнгөний эргэлтийг үүсгэж тэлж байна.

Үүнээс харахад Монголбанк, Засгийн газар хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байна. Уг нь хоорондоо хамтарч ажиллавал эдийн засаг богино хугацаанд сэхэл авна. Засгийн газар ч иргэдээ зах зээлийн нийгэмд амьдрах чадвартай, үүрэг хариуцлагыг нь хүлээлгэж сургахгүй байна.

Өөрөө хэрэглэсэн бол төлбөрөө төлдөг өндөр хөгжилтэй орны ухамсрыг суулгахгүй, иргэд нь хашгирах төдийд үнийг нь чөлөөлдөг муу зан сургачхаар эдийн засаг голдрилоороо явахгүй байгаа юм. Эдийн засаг эргэлдэж байгаа хэсэг нь голдрилдоо орохгүй, улс төржүүлж бужигнуулахаар тогтвортой болохгүй байна. Засгийн газар халамж олгож, үнэ чөлөөлж, иргэдээ дэмжиж байгаа юм шиг атал эргээд эдийн засагт маш их хор нөлөөтэй байна. Эдийн засаг бол улстөрчдийн тоглоом биш.

          ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ЭСЭХ НЬ ХИЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАМААРНА

Эдийн засагч Ц.БАТСҮХ: 

-Энэ оны эдийн засаг гадаад нөхцөл байдлаас их хамаарна. Хэрэв Хятадын талтай ойлголцож, хилийн хориг суларч, экспортын орлогын голлох бүтээгдэхүүнүүдээ нийлүүлж чадвал эдийн засаг сэргэх төлөвтэй. Харин өнөөдрийн нөхцөл байдал энэ оны хоёрдугаар улирал хүртэл үргэлжилбэл маш хэцүү. Тодруулбал, бараа, бүтээгдэхүүний бодит хомсдолын улмаас үнийн хөөрөгдөл үүснэ. Ер нь инфляцын дарамт иргэдийн амьжиргаанд хүнд цохилт болох дүр зураг ажиглагдаж байна. Ялангуяа инфляц хөөрөгдөх гол хүчин зүйл бол мах, шатахуун, түлш. Эдгээрт Засгийн газар бодлого хэрэгжүүлбэл инфляцыг тогтвортой барьж магадгүй. Энэ асуудлыг Монголбанк зөвхөн мөнгөний бодлогоор хязгаарлах боломжгүй.

Засгийн газар аль болох нийлүүлэлтийн хангалтыг сайжруулах сувгуудад арга хэмжээ авснаар инфляц тогтворжино. Нөгөө талд дэлхий дахины анхаарлыг татсан омикроны давлагаа олон улсын судалгааг харахад удаан үргэлжлэхгүй, нэг сар орчмын дараа тогтворжих бололтой. Тиймээс Засгийн газар энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээнүүд хэрэгжүүлбэл хоёрдугаар улирлаас эргэлтийн нөлөө харагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, шинэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг таагүй, хоёрдугаар улирлаас сэргэх магадлалтай.

Хамгийн гол нь эдийн засгийн нөхцөл байдал ямар байх нь хилийн нөхцөл байдлаас хамаарна. 2021 оны эдийн засгийн нөхцөл байдал их тодорхойгүй байсан. Нэгдүгээр улирлын өсөлт эерэг төсөөллүүд гаргаж байсан ч дараагийн улиралд уналтууд үргэлжилсэн сөрөг дүр зураг ажиглагдсан. Миний хувьд эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого үр дүнтэй болоогүй. Нэг талаас байгаа оноогүй, бас зарим бодлого хожимдсон. Эрх баригчдад ч бас төсөөлөөгүй нөхцөл байдал үүссэн байх. Тэгэхээр 2020 онд бидний төсөөлснөөс 2021 оны эдийн засаг маш муу гарсан.

ЗЭС, НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ ЭДИЙН ЗАСГИЙГ “АВАРСАН”

Эдийн засагч Г.РАГЧААСҮРЭН:

-Хилийн хориг Монголын мэдлээс гарсан асуудал болсон. Бид хэчнээн хичээсэн ч хилийн хоригийг сулруулж чадахгүй байна. Энэ асуудлыг олон улсын дипломат харилцаагаар шийдэх болов уу. Хилийн хоригоос үүдэн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь инфляц өсөх нэг хүчин зүйл болсон. Нөгөө талаас харвал, Засгийн газар эдийн засгийг сэргээх зорилготой 10 их наядын хөтөлбөр, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулж, нийгмийн халамжийн бодлого зэрэг маш олон арга хэмжээ авсан. Үр дүнд нь, мөнгөний нийлүүлэлт асар их нэмэгдсэн гэж харж байна. Тухайлбал, 2021 оны наймдугаар сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 30 хувийн өсөлттэй байна.

Үүнээс харахад, импортын бараа, бүтээгдэхүүн буурсан, дотоодын үйлдвэрлэл бага байхад эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд ийм их хэмжээний мөнгө бий болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засгаа сэргээх гэж маш их мөнгө зарсны нөгөө талд хилийн гацаанаас үүдэн үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Энэ нь тогтмол цалинтай болон халамж, тэтгэврийн орлоготой хүмүүсийн бодит худалдан авах чадвар буурахад нөлөөлж байгаа юм.

Хэдийгээр эрх баригчид эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлж байгаа ч нөгөө талдаа сөрөг үр дагавар авчирч байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт инфляц болж хувирсан. Магадгүй эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлээгүй бол инфляц өсч, эдийн засаг одоогийнхоос муудахгүй байсан уу гэх асуудал яригдах байх. Өнгөрсөн онд эдийн засгийг аварсан ганц зүйл нь зэс, нүүрсний үнэ өндөр байлаа. Экспортын бодит хэмжээ бага байсан ч орлогоо бүрдүүлсэн. Гадаадаас орж ирэх ам.долларын урсгал тасраагүй учраас валютын ханш ч тогтвортой байлаа.

Зэсийн нийлүүлэлтээс олсон их орлогоор эдийн засгаа дэмжих ёстой байсан. Гэвч дотоодод хангалттай үйлдвэрлэл явуулж чадаагүй. Учир нь, үйлдвэрлэл явуулах түүхий эдээ мөн л урдаас импортолдог тул гацаа үүссэн. Хэрэв нарийн царигтай төмөр замаа барьсан бол эдийн засгийн нөхцөл байдал өөр түвшинд яригдах байсан болов уу. Дүгнэж хэлэхэд, 2022 оны тухайд хил гаалийн хамаарал, Засгийн газрын эдийн засгийг сэргээх амбицыг харвал инфляц дахин өснө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж