Ж.Гомбожав: Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулсан юм

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Ж.Гомбожав: Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулсан юм

Ж.Гомбожав: Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулсан юм

-Монгол Улс социалист системийн орнуудаас хамгийн түрүүнд Үндсэн хуулиа баталсан. Үүний гол хүч нь харийн гүрний хараат байдал, нөлөөнөөс гарах гэсэн чин эрмэлзэл юм-

Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Тухайн үед Ардын Их Хурлын даргаар ажиллаж байсан  Жамбын Гомбожавтай Үндсэн хууль хэрхэн хэлэлцэн, баталж байсан талаар ярилцлаа.

-Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөх асуудал 1988 оноос эхлэн яригдсан гэдэг. Тухайн үед Үндсэн хуулиа өөрчлөх нийгмийн ямар нөхцөл шаард­лага, тохироо бүрдсэн байв?

-Хуучин Зөвлөлт Холбоот Улсын /ЗХУ/ Төрийн тэргүүн Л.И.Брежневийн дараа 1980-аад оны эхнээс Ю.В.Андропов болсон. Энэ үеэс л өөрчлөн байгуулалтын асуудал эхэлсэн гэж эрдэмтэн, судлаачид ярьдаг. Харин манай монголчууд М.С.Горбачевын өөрчлөн байгуулалт гэж ярьдаг. Гэхдээ өөрчлөн байгуулалтын энэ тусгал нөлөө тухайн үед манай улсад орж ирсэн. Ингээд төр, засгийн удирдлагын арга барилд шүүмжлэлтэй хандаж эдийн засгийн талаар томоохон өөрчлөлт хийж эхэлсэн.  Ялангуяа 1980 оны сүүлчээр эрчимтэй өрнөсөн байдаг. Тухайн үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд Ж.Батмөнх даргатай Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс байгуулсан түүхтэй. Гэтэл 1989 оны сүүлчээр социалист системийн орнуудад ардчилсан хувьсгалын үйл явц өрнөж эхэлсэн, ЗХУ ч задарсан. Манай улсад ч бас ялгаагүй залуучууд, тэр үеийн МАХН-ын удирдлага, тэдний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг бүлэг хувьсгалын үйл явц өрнүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өрнөсөн 1911, 1921, 1990 оны хувьсгалд гадаад, дотоодын аятай тохироо бүрдсэн байлаа гэж хэлж болно. Би зөвхөн 1990 оны хувьсгалын тухай энд ярья. ЗХУ-ыг бүрдүүлж байсан зарим улс тусгаар тогтноод бие даасан үед манайд тавих анхаарал нь суларсан. Нөгөө талаар БНХАУ манай улс хоёрын харилцаа 1960 оноос хойш нэлээд хөндийрсөн байлаа. Ийнхүү хоёр хөрш гүрний  төр, засгийн үйл ажиллагаа манай улсад анхаарал хандуулах явдал суларч үүлэн чөлөөний нар гарсан гэхэд хилсдэхгүй. Монголчууд бид энэ боломжийг ашиглаж чадсан юм. Монгол Улс социалист системийн орнуудаас хамгийн түрүүнд Үндсэн хуулиа баталсан. Бусад орнууд Монголыг Үндсэн хуулиа баталсанд гайхдаг байлаа.  Социалист системд байсан зарим улс бүр 1996, 1997 он хүртэл Үндсэн хуулиа баталж чадаагүй байсан. Тэгэхээр монголчууд эвтэй байх юм бол юу ч хийж чаддаг гэдгийг дэлхийд харуулсан даа. Үүний гол хүч нь харийн гүрний хараат байдал нөлөөнөөс гарах гэсэн чин эрмэлзэл.  Иймд шинэ Үндсэн хууль 1924, 1940, 1960 оныхоос их онцлог нөхцөлд бүтсэн юм.

-Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахад ямар ямар ажил өрнөж байв. Ер нь энэ Үндсэн хуулийн гол онцлог нь юунд бий гэж та үзэж байна вэ?

-Манай улсад 1990 оны эхээр улс төрийн олон нам шинээр байгуулагдсан. Урд нь улс төрийн нэг намын тогтолцоотой байсан шүү дээ. Нөгөө талаар харийн гүрний оролцоогүйгээр өөрсдөө төр засгаа шинээр төвхнүүлсэн юм. Үүгээр зогсохгүй өөрсдөө Үндсэн хуулиа боловсруулж баталсан. Зөвхөн өөрсдөө боловсруулж баталсан гэхээр хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн  ололт амжилтыг тусгаагүй гэсэн үг биш.  Тухайлбал, 1991 оны дундуур НҮБ-ын шинжээчийн баг ирж Үндсэн хуулийн төслийн бүлэг, заалт бүрээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан. Үүнээс гадна АИХ-ын дэргэд  парламентын бүлгэм гэж бий. Энэ бүлгэмд АИХ-ын 430 депутат хамрагддаг. Тэгээд Гадаад харилцааны яамтай хамтран дэлхийн 10 гаруй орны төлөөлөл оролцуулан Үндсэн хуулийн төслөөр санал бодлоо солилцсон. Мөн ард түмний дунд ч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийг 1992 оны зургадугаар сарын 10-аас есдүгээр сарын 1 хүртэл бүх ард түмнээр хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт 900 гаруй мянган хүн оролцож 500-аад мянган хүн үг хэлж 5177 санал төвд ирүүлж байсан юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл гэж хэлж болно. Урд нь Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс нь 16 хүний бүрэлдэхүүнтэй, таван ажлын хэсэгтэй байлаа. Улсын Бага Хурлаар долдугаар сарын 5-нд Ардын Их Хурлын даргын мэдээллийг сонсож, тогтоол гаргасан. Энэ тогтоолд Үндсэн хууль боловсруулах комиссын бүрэлдэхүүнийг өргөтгөсөн. Ингээд 10 ажлын хэсэгтэй, АИХ, Улсын Бага Хурлын  гишүүн, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 90 хүний бүрэлдэхүүнтэй болж Үндсэн хуулийн төслийг боловсруулсан юм шүү дээ.

Зарим эрдэмтэн, судлаач Ардын Их Хурал төрийн хэрэгт оролцох оролцоо бага байсан гэж ярьдаг юм билээ. Би ингэж бичсэн хүний ном хүртэл олж үзсэн. Энэ бол тухайн цаг үеийн үйл явдлыг мэдэхгүй хүний ажил. Жишээ нь 430 хүн нэг дор хуралдаад суух ямар нэгэн боломж байгаагүй. Тэгэхээр Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэж парламентын хоёр танхим байгуулсан. Доод танхим болох Улсын Бага Хурлын танхимд Ардын Их Хурлын оролцоо бүрэн шингэсэн юм. Улсын Бага Хурал 53 гишүүнтэй байлаа. Тэдний 41 нь Ардын Их Хурлын депутат байсан юм. Үндсэн хууль боловсруулах эхний таван ажлын хэсгийн дөрвийг нь Ардын Их Хурлын депутат тэргүүлсэн байдаг. Тэгэхээр Ардын Их Хурал өөрийн төлөөллөөр дамжуулж төрийн хэрэгт оролцож байсан гэж хэлж болно. Ардын Их Хурлын депутат Монгол Улсын аймаг, нийслэл, сум, хороо бүрээс сонгогдсон нь их онцлогтой. Энэ онцлог нь Үндсэн хуулийн төсөл боловсруулж, гаргахад ихээхэн ач холбогдолтой байлаа.

-Та Үндсэн хуулийн төсөл боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлэхэд олон хүн үг хэлж, санал гаргаж байсан гэлээ. Яг ямар асуудалд саналууд ирж байв?

-Үндсэн хуулийн төслийн заалт бүрээр маш олон санал ирж байсан. Тухайлбал, Монгол Улсын нэр, Төрийн бэлгэ тэмдэг зэрэгт иргэд санал ирүүлж үзэл бодлоо илэрхийлсэн юм.

-Үндсэн хууль батлахаар хэлэлцэж байх үед олон хоног маргасан ямар ямар асуудал байсан бэ?

-Төрийн тогтолцоог сонгох асуудлаар олон хоног маргасан.  Төрийн тогтолцоо гэдэг нь манай улс Ерөнхийлөгчийн  эсвэл парламентын засаглалтай байна гэдэг асуудал шүү дээ. Үүнийг бараг ес хоног хэлэлцээд холимог маягийн тогтолцоо хийсэн. Энэ бол дэлхийн улс орнуудад байдаггүй юм. Үндсэн хуулийн анхны төсөлд Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдгийн төдий Монголын ард түмний эв, эеийг илэрхийлэгч байхаар зааж өгсөн. Гэтэл Үндсэн хууль хэлэлцэн батлах явцад нэлээд эрх мэдэл нэмсэн. Миний санаж буйгаар Ерөнхийлөгч 18 эрхтэй болсон. Тухайлбал, Ерөнхийлөгч нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэх мэт эрх нэмж оруулсан юм. Тэр ч бүү хэл Засгийн газарт ямар ч асуудлаар чиглэл өгч болох байдлаар эрх олгосон. Иймэрхүү маягаар холимог тогтолцоо бүрдүүлсэн. Энэ нь сайн, муу хоёр талтай. Миний хувьд уг асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Монголын ард түмэн төрийнхөө уламжлалыг гээжээ хэмээн үздэг. Монгол Улс 1924, 1940, 1990-1992 онд парламентын хоёр танхимтай байсан. Харин 1960 оны Үндсэн хуулиас эхлээд парламентын нэг танхимд шилжсэн түүхтэй. Үүнээс хойш Үндсэн хуульд Ардын Их Хурлын Тэргүүлэгч нэрийн дор нам зарим заалтад маш олон удаа өөрчлөлт оруулсан. Хэчнээн удаа өөрчлөлт оруулна тэр хэмжээгээр Үндсэн хуулийн агуулга алдагдаж байдаг юм. Үүний бодит жишээ үр дагавар ч өнөөгийн нэг танхимтай парламентад харагдаж байна.

-Ардын Их Хурлаас 1992 онд баталсан Үндсэн хуулийг өнөөгийн өнцгөөс харвал ямар нэг алдаа дутагдал бий юү?

-Би 1992 онд батлагдсан Үндсэн хуульд дутуу бодож хийсэн зүйл байгаа гэж хардаг. Тэр нь парламентын уламжлалт тогтолцоогоо алдсан явдал юм. Хязгааргүй эрх мэдэлтэй  нэг танхимтай парламентад хяналт тавьдаг байгууллага байхгүй болчихож. Үүнийг бид дутуу боджээ гэж үздэг. Миний хувьд парламент дээд, доод хоёр танхимтай байх нь зөв гэсэн байр суурьтай явдаг юм. Хууль тогтоодог байгууллагад дээд танхим буюу цөөн гишүүнтэй ард түмний төлөөлөл хяналт тавьдаг байх ёстой. Уг нь үүнийг бид бодоогүй биш бодож үзсэн. Тэгээд Үндсэн хуулийн Цэцийг есөн хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулсан юм. Харин Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Шүүх гэсэн институцүүд гурав гурваар нь томилохоор хуульд тусгаж өгсөн. Нөгөө томилогдсон гурван хүн нь нэр дэвшүүлсэн субъектийнхээ эрх ашгийг хамгаалдаг нь өнгөрсөн 30 жилд харагдлаа.  Энэ нь алдаа болсон байна. Үүнээс гадна ард түмний сайн мэдэх бас нэг жишээ хэлье. УИХ-ын гишүүд “Төсөв батлах гэхээр 76 тойрогт хуваагдаж түүнд хамаг хөрөнгө цацдаг боллоо. Улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй томоохон төслүүд хэрэгжүүлж чадахгүй байна” гэж ярьж байгаа. Энэ бол Үндсэн хуулиа ойлгоогүй, мэдээгүй байна гэсэн үг.  Яагаад гэвэл Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн төсвөөс нэг ч төгрөг зарах эрх байхгүй. Гэтэл УИХ-аас салбар хуулиуд гаргаад ийм байдалд хүрчихсэн. Үүнийгээ Үндсэн хууль руу чихдэг тал байгаа юм. Ер нь өнгөрсөн 30 жилд Үндсэн хуульд алдаа дутагдал байна гэсэн шүүмжлэл нэлээд гардаг. Тэгэхээр Үндсэн хуульд алдаа байна уу эсвэл салбарлаж гарсан 800 гаруй хуульд байна уу гэдгийг шинжлэн судалж үзэх хэрэгтэй. Миний хувьд салбар хуулиудаар янз бүрийн субъектүүд эрх мэдлээ нааш, цааш нь оруулаад 1992 онд бидний баталсан Үндсэн хууль яг бичсэнээрээ хэрэгжсэнгүй гэж харж байгаа юм. Бид Үндсэн хуулийн эцэст Мэдэгтүн, Сахигтүн! гэдэг үг бичсэн. Гэтэл өнөөдөр нэлээд зүйл дээр Үндсэн хуулиа Мэдэхгүй, Сахихгүй байна.   Тэгээд 1992 оны Үндсэн хууль маш муу болсон гэж ярих хүн олширсон шүү дээ. Харин яг ямар зүйл заалт нь муу болсон  гэдгийг тодорхой хэлдэггүй. Тэгэхээр муу хууль гэж үнэлж байгаа бол монголчууд өөрснийгөө л муулж байна гэсэн үг. Өмнөх Үндсэн хуулиудыг харийн гүрний заавар, оролцоотой хийсэн юм шүү дээ.

-Тэгэхээр сүүлийн үед Төрийн сүлдийг шүүмжлэх яв­дал нэлээд гарах болсон. Тө­рийн Сүлд батлахад ямар хэлэлцүүлэг, үйл явдал өрнөж байсан юм бэ?

-Манай иргэд, зураачдаас маш олон загвар ирсэн. Тэр загваруудаас Ц.Ойдовын зурсан зургийг үндэс болгож Сүлд хийсэн. Ц.Ойдов одоогийн Сүлд шиг  зураг ирүүлээгүй. Улсын Бага Хурал дээр ярьж байгаад зураач Ш.Тэнгисболдын цагаан шонхор шувууны дүрстэй Сүлдний загвар оруулж ирсэн. Үүнийг Ардын Их Хурал хэлэлцээд ер нь морьтой Сүлд байх нь зүгээр гэж шийдсэн. Тэгээд Ц.Ойдовын зураг дээр нэлээд засвар өөрчлөлт хийгээд баталсан юм. Зарим хүн Төрийн Сүлдийг ийм, тийм байна гээд шүүмжилдэг. Ардын Их Хурлын депутатууд “Төрийн Сүлдэд зүгээр нэг морь зурчхаар хүнсэнд хэргэлдэг адуутай адил болох гээд байна. Ийм учраас бэлгэдлийн шинж чанар байх хэрэгтэй” гэж ярьсан юм. Дэлхийн 200 гаруй улс орнууд дунд Төрийн Сүлддээ дэлхий дээр байдаггүй бэлгэдлийн амьтан дүрсэлсэн байдаг шүү дээ. Жишээлбэл ОХУ-ын Сүлдэд хоёр толгойтой бүргэд бий. Дэлхий дээр хоёр толгойтой шувуу байхгүй биз дээ. Гэх мэтчилэн яривал олон асуудал байгаа. Төрийн Сүлдийг Үндсэн хуульд хэрхэн томьёолсныг сайн уншаад үзэх хэрэгтэй.  Тийм ч муу Сүлд болоогүй. Анхдугаар Богд Жавзандамбын Соёмбо үсгийг голд нь байршуулаад Монголын ард түмний сайн сайхны билгэдэл нар, сар, гал, чандмань гурван эрдэнэ, төгсгөлгүй түмэн наст хээ зэргийг оруулсан юм. Энэ мэт билгэдлийн маш чухал зүйлс бий. Ер нь аливаа зүйлийг шүүмжлэхэд амархан байдаг даа.

-Та туршлагатай улс төрчдийн нэг. Яг өнөөдөр манай улсад тулгамдаж буй ямар ямар асуудал байна гэж хардаг вэ?

-Манай Үндсэн хуулийг олон улсын судлаач, шинжээчид дэлхийн жишиг загварт тэнцэхүйц хууль болсон гэж дүгнэдэг. Бид Үндсэн хуулиа 1992 онд баталснаар Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон юм. Харин өнгөрсөн 30 жилд эдийн засгийн баталгаа нь бүрэн хийгдээгүй байна. Эдийн засгийн баталгаа дутуу хийгджээ гэдгийг ковидын үед бид харлаа. Хөрш орны хилийн боомт түр саатахад бидний ойр зуурын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж байна. Тэгэхээр манай залуу үеийнхэн, төр барьж буй хүмүүс эдийн засгийн баталгаагаа бий болгох талаар анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай улс 1999 онд Үндсэн хуульдаа долоон өөрчлөлт хийх гээд тэр нь батлагдаагүй. Үндсэн хуулийн Цэцэд маргалдаад хүчингүй болсон. Тэгээд 2000 онд түүнийг цэг, таслалын зөрүүгүй УИХ-аар баталчихсан юм шүү дээ. Би үүнийг эсэргүүцдэг. Үүнээс хойш 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад зарим зүйл өөр хоорондоо зөрчилтэй болоод хувирсан.  1992 оны Үндсэн хууль бүхэлдээ нэгэн цогц юм. Түүний аль нэгэн зүйлийг хөндөх юм бол нөгөө зүйлтэйгээ холбогддог. Үүнийг нь дутуу бодоод хийсэн. Жишээлбэл дутуу боджээ гэдгээ өнөөгийн УИХ-ын гишүүд хэлж байна шүү дээ. УИХ-ын дөрвөн гишүүн л Засгийн газарт орж ажиллаж болно гээд тоо тавьчихсан. Үүнийгээ өнөөдөр яаж ч хөдөлгөж чадахгүй байдалд орчхоод байгаа биз дээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэц хэрэг үүсгээд Үндсэн хуулиа бараг өөрчлөх тухай яриад байх юм. УИХ-ын зарим гишүүн өргөдөл өгчихсөн Цэц л шийднэ гэсэн асуудал гарч байна. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц хуульд өөрчлөлт оруулдаг байгууллага биш. Үндсэн хуульд тухайн асуудал буруу бичигдсэн эсвэл зөв бичигдсэн эсэх нь Үндсэн хуулийн Цэцэд хамаагүй. Гагцхүү тухайн нэгэн субъект Үндсэн хуулийг мөрдөж байна уу, үгүй юу гэдгийг хянаж дүгнэлт гаргадаг байгууллага. Өөрийн эрхэд байхгүй асуудлыг хэлэлцэнэ гэдэг бол өнөөдөр дэлхийд  шившиг болно.

Т.Жанцан Монголын мэдээ сонин.

2022 оны нэгдүгээр сарын 12. Лхагва. №007 (5579)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж