"Нэг л хазгай гишгэвэл задарчих эмзэг эв нэгдэл байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

"Нэг л хазгай гишгэвэл задарчих эмзэг эв нэгдэл байна"

"Нэг л хазгай гишгэвэл задарчих эмзэг эв нэгдэл байна"

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн комиссар Б.Ялалттай ярилцлаа.


-Хуваагдмал байсан сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, дээд лигээ эхлүүллээ. Энэ эгзэгтэй үед лигийн комиссараар сонгогдсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Комиссар гэдэг бол маш их хариуцлага гэж ойлгож, саналыг хүлээн авсан. Хуваагдмал байсан сагсан бөмбөгийг нэгтгэх эхний алхам учраас. Тиймээс хөрсийг нь зөв тавихын тулд дүрэм, журам, бичиг гээд эхнээс нь бүгдийг зөв эхлэх шаардлагатай тулгарч байна. Өмнө нь нэг лиг нь таалагдахгүй бол нөгөөд нь очно гэх маягтай байсан учраас дүрэм журам гэхээсээ илүүтэйгээр хувь хүний харилцаан дээр ихэнхдээ оршин тогтнодог байлаа. Тэгвэл энэ жил талууд харилцан буулт хийж, эв нэгдлийг эрхэмлэж байна. Гэхдээ маш эмзэг гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Ийм лигийн комиссараар ажиллана гэдэг асар их хариуцлага. Үүнийгээ ч ойлгож, ажиллахыг хичээж байна.

Эндээс Монголын сагсан бөмбөг зөв голдиролдоо орчихвол миний оруулж чадах өв энэ юм уу даа гэж бодож байна.

Комиссар нь тусдаа, лигийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах алба тусдаа, мөн шүүгчдийн холбоотой хамтран ажиллаж байна. Ингэснээр харилцан эрх тэгш байдалтай, хариуцлага хүлээх зарчим бүрдлээ. Урьд нь шүүгчдээ хөлслөж, тоглолтууд дээр ажиллуулдаг байлаа. Ерөнхийдөө өмнөх алдаануудаа л засч, сайжруулж, суурийг нь зөв тавих чиглэлд бид илүү их төвлөрч байна.

-Комиссар гэж сонгогддог албан тушаал уу, эсвэл томилогддог албан тушаал уу?

-Сонгогддог алба гэх нь зүйтэй болов уу. Надад санал тавьсан. Би долоо хоног бодсоны эцэст хүлээн зөвшөөрсөн. Лигийн хуваарь ч шахуу байсан. Бараг лиг эхлэхээс долоо хоногийн өмнө л ажилдаа орсон доо.

-Нэгдсэн гэж тодотгоод буй “Янзтай” дээд лиг ямар зохион байгуулалттай, улиралд хичнээн тоглолт явагдах вэ?

-Энэ жилийн лигийн тэмцээнд нийт 13 баг оролцож байна. Хоёр лигт тусдаа өрсөлдөж байсан дээд лигийн багууд болон шинэ багууд нэгдэн оролцож байна. Өмнө нь дээд лигт 13 баг оролцож байсангүй. Монголд анх удаа ийм зүйл тохиож байгаа учир лигийн хуваарь их шахуу байгааг ойлгох хэрэгтэй. Хэрэв хуваарийг нь шахуу тавихгүй бол нэг баг долоо хоногт нэг л тоглох болчих байсан. Сагсан бөмбөгийн дээд түвшний баг тамирчдад тохиромжгүй хуваарь гэх үү дээ. Тиймээс өдөр бүр лигийн талбайд тоглолттой, шахуу явж байна. Нэг баг улиралд 12 тоглолт хийн, улиралд хамгийн өндөр амжилт үзүүлсэн найман баг нь плей-оффт шалгарна.

Ганцхан тойргоор улирал нь дуусах учир улирлын тоглолт бүр үнэ цэнтэй, алдаа гаргах эрхгүй болж байгаа юм. Улирлын төгсгөлд хайнга, сул хаясан тоглолтоосоо болж, багууд плей-оффын шатнаас мултрах аюултай гэсэн үг.

Зун Азийн наадам болон Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат биднийг хүлээж байна. Тиймээс шигшээ багтаа бэлтгэл хийх боломж, хугацаа олгох үүднээс дөрөвдүгээр сар гэхэд лигээ дуусгах зорилготой байна.

-Улирлын дундуур амралт болон бүх оддын тоглолт бий юу?

-Цагаан сарын амралт бий. Энэ амралтаас өмнө улирлын тоглолтуудаа дуусгаад, амралтын дараагаар плей-оффын шатаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Техникийн зөвлөгөөн, багуудын санал, эздийн уулзалтаар легионер тоглогчтой байх эсэхийг зөвлөлдсөн. Олонхийн саналаар улирлын тоглолтуудаа монгол тамирчдаараа дуусгаад, плей-оффт легионер тамирчдыг оруулж ирье гэх шийдвэр гаргасан.

УОК-ын шийдвэрээр л ордон дүүрэн үзэгчтэй байх эсэхийг шийднэ.

Бүх оддын тоглолтын талаар ярихад улирлын тоглолт дууссаны дараа болно гэж төлөвлөж байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаа харах хэрэгтэй байх. УОК-оос тэмцээн уралдааныг зогсоочихгүй бол бид лигээ зогсолтгүй явуулах л төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

-Лигийн комиссарыг аль ч сагсан бөмбөгийн холбоонд харъяалагддаггүй гэж ойлгож болох уу?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, тоглогчдын “Ирээдүй” холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо хамтарч, ирээдүйгээ бодъё гэсэн үүднээс энэ нэгдсэн дээд лигийг зохион байгуулж байна. Би эдгээр холбоодоос ирсэн дээд лигийг хариуцан ажиллах комиссарын саналыг л хүлээн авсан. Тиймээс би аль ч холбоонд харъяалагдахгүй. Лигээ л хариуцан ажиллана.

-Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат биднийг хүлээж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүн болон дасгалжуулагчийн албыг хэрхэн сонгох вэ? Энэ дээр таны оролцоо, нөлөө бий юу?

-Нэгдүгээрт, энэ жилийн лиг шигшээ багийг бэлтгэлтэй байлгах үүднээс шахуу болж байгааг ойлгох нь зүйтэй. Хоёрдугаарт, Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг залуучууд бүгд нэг лигтээ нэгдэн өрсөлдөж, шигшээ багаа дундаасаа бүрдүүлэх нь зөв гаргалгаа. Шигшээ баг, лиг хоёр бол тусдаа ойлголт. Би бол лигийг амжилттай зохион байгуулж, санхүүгийн хувьд алдагдалгүй, ашигтай ажиллуулах, зөв системийг олж тохируулах гэх зэрэг хариуцлагын асуудалтай холбогдоно. Харин шигшээ баг холбооны асуудал. Тиймээс холбоод нэгдэн нийлж, удирдлагаа сонгосны дараа хэн шигшээ багийг удирдаж, хэн хэн бүрэлдэхүүнд нь багтахыг шийднэ. Өөрөөр хэлбэл, лигийн комиссар энэ дээр ямар ч оролцоогүй, нөлөөгүй.

-Дээд лигийн багуудын бүрэлдэхүүнийг харахад заримд нь оюутнууд, ерөнхий боловсролын сурагчид байна. Ерөнхийдөө Монголд драфтын систем эргэн сэргэх цаг болсон юм биш үү?

-Лиг маань шинээр эхэлж буй хариуцлагатай, эмзэг энэ үед бүх юмыг алдаа мадаггүй хийхийн тулд эхлээд цаасан дээр бичигдсэн дүрэм журмынхаа дагуу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол гаргасан дүрэм журмыг хэн нэг нь зөрчдөг, үл тоодог, үзэмжээр шийддэг байсан асуудлууд өмнө нь байсан нь нууц биш. Тиймээс хөрс сууриа л зөв, эрүүл тавих хэрэгтэй. Үүний дараагаар лигт хэдэн баг байх ёстой вэ, тамирчдаа драфтаар авах уу,, худалдаж авах уу гэх зэрэг асуултуудын хариулт олдоно. Хоёр дахь улирлаас л хариултууд нь гарч ирнэ гэж би харж байна.

Лигийн тэмцээнийг зөв эхлүүлэх л надад чухал байна.

Би Монголын сагсан бөмбөгт драфт хэрэгтэй гэж боддог. Урьд нь ШУТИС, МУИС-ийн оюутнууд драфтлагдаад, лигт орж ирж байлаа. Яалт ч үгүй хэрэгтэй, эрүүл систем. Багуудыг эн тэнцвэртэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэх систем. Нэг мөнгөтэй, эсвэл том хөрөнгө оруулагчтай баг шилдэг тоглогчдыг хамаад авах биш, багууд амжилтынхаа урвуу пропорционалиар сайн тоглогчдыг авах хэрэгтэй. Энэ жил лигийн сүүл мушгисан баг драфтын ачаар ирэх жил плей-оффын баг болох жишээтэй.

Энэ бол сагсан бөмбөг, спонсоруудаа дэмжих төгс систем учир драфт хэрэгтэй.

-Легионер тамирчдын тал дээр лигээс хязгаар заах уу? Сүүлийн хоёр жил Монголын сагсан бөмбөг эрүүл, дотоод өрсөлдөөнөөр явлаа гэж харагдаж байна.

-Лимит тогтоосон. Нэг багт хоёр хүртэлх легионер тамирчин байж болохоор тусгасан. Гэхдээ талбай дээр нэг л легионер байна. Би 2017 онд дасгалжуулагч нарт нэг санал тавьж байсан л даа. Юу вэ гэхээр, талбай дээрх өрсөлдөөнийг хоёр легионер хүчирхэг тоглогчоор бус монгол тамирчдын оролцоотой шийдье гэсэн юм. Легионеруудын тоог олон болгох бус, цөөлөх нь зөв. Гэхдээ легионер байх хэрэгтэй. Бид зөвхөн хоорондоо, дотооддоо өрсөлдөөд сайжрахгүй. Мөн үзэгчдэд харагдах легионеруудын гоё сайхан, энтертэйнин зүйлс хэрэгтэй.

Нэг монгол тамирчин сэлгээнд суух бус, нэг легионер тамирчинтай дөрвөн монгол тамирчин талбайд байх нь чухал.

-Энэ жил лигийн зүгээс ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Зохион байгуулалтыг өмнө байгаагүйгээр өөр түвшинд хийхийг зорьж байна. Сая нээлтээ "Степпе арена"-д хийлээ. Бүх оддын тоглолтыг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ гэдэг талаар ярилцаж байна. Өмнө хэлсэнчлэн комиссар, зохион байгуулалтын алба гээд дотроо салж байна. Би комиссар гээд өдөр тутмын үйл ажиллагаа, билетийн борлуулалтад оролцохоосоо илүүтэйгээр хэрхэн дүрмийн алдаа гаргахгүй байх вэ, шүүгчидтэй яаж харьцаж, шүүлтийг сайжруулах вэ, багууд юун дээр анхаарах вэ гэдэг дээр төвлөрч байна. Нээлтийн өдөр дөрвөн тоглолт зохион байгуулж, бүтэн нэг өдрийн арга хэмжээ зохион байгууллаа. Бүх оддын тоглолтыг ч өргөн хүрээнд явуулахаар төлөвлөж байна.

-Лиг санхүүгийн хувьд хараат бус, алдагдалгүй, ашигтай ажиллаж чадаж байна уу?

-Сагсан бөмбөг маш их хөрөнгө зарцуулдаг спорт. Нэг багаас л гэхэд жилдээ 200-300 сая төгрөг гарч байна. Лигийн тоглолт зохион байгуулах нь бас 200-300 сая төгрөг болдог. Легионер тамирчид ирэхээр энэ тоо бараг хоёр дахин өсдөг. Тэрбум, тэрбум гээд том тоо л яригдана. Энэ бүхэн эргээд ашигтай байж чадаж байна уу гэвэл би үгүй гэнэ. Угтаа модель нь, хөрс нь зөв байж чадвал Монголд хамгийн ашигтай спорт сагсан бөмбөг.

Энэ жил бид анх удаагаа лигийн шууд дамжуулах эрхээ худалдлаа.

Бид маркетингийн алба гарган спонсоруудтайгаа харьцаж байна. Өмнө нь комиссар энэ бүх ажилд оролцдог байсан бол одоо ажлуудаа тэгш хуваарилан тус тусдаа хийж байна. Комиссар өмнө нь хэн гэдэг шүүгч аль тоглолтыг шүүхийг шийддэг байсан. Одоо шүүгчдийн эрх мэдэл, зохион байгуулалтын асуудал дээр лиг оролцох эрхгүй. Энэ бол эрүүл систем.

Мөнгө санхүү гэхээсээ илүүтэйгээр хөрс, суурь, уялдаа холбоог нь зөв тавьж чадвал сагсан бөмбөгт л хэрэгтэй.

-Лигийн хүчний тэнцвэр алдагдсан харагдаж байна. Хүснэгтийн байрлалыг харахад ялгаа илт байна лээ. Энэ ялгааг хэрхэн арилгах вэ?

-Эхний арга зам нь драфт бол яах аргагүй мөн. Энэ жил хоёр талаас эвлэлдэн нэгдэж байгаа учир лигийн багуудыг нээлттэй хүлээн авсан. Гэхдээ манай багш, дасгалжуулагч нар ч хэлдэг. Монголын мэргэжлийн тамирчдын нөөц бололцоог сайн шахвал 6-8 баг гарна. Ингэж чадвал үдэш бүр өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолт гарна гэдэг. Сагсан бөмбөгөөр хичээллэгсдийн тоо болон хилийн чинадад гялалзаж буй залуу тамирчид их байна. Тиймээс багууд тэнцвэртэй байх бүрэн боломжтой. Энэ жил яагаад ялгаатай харагдаж байгаа вэ гэвэл юм эхэлж байна. Эхлэл бүхэн төгс байдаггүй. Дараагийн улирлаас эхлэн зарим багууд нэгдэж, хүчирхэг легионер авчирч, дотоодоосоо ур чадвартай тамирчидтай гэрээ байгуулах гэх зэрэг солилцоо наймааны арга зам бий.

-Муу амалж байгаа юм биш шүү. Холбоод хоорондоо учраа олохгүй бол ирэх улиралд нэгдсэн лиг гэж байхгүй болох уу?

-Тийм зүйл битгий болоосой гэж хүсч байна. Нөгөө талдаа тийм зүйл болоосой гэж хүсч байгаа хэсэг бүлэг хүмүүс ч бий. Ийм л учраас эмзэг гэж тодорхойлоод байгаа юм. Нэг л хазгай гишгэвэл задарчих эмзэг эв нэгдэл сагсан бөмбөгт байна. Энэ л эв нэгдлийг алдагдуулалгүй, хуралтай нь золгуулах хүсэлтэй. Хурлаараа шинэ ерөнхийлөгч нь сонгогдож, хэнийг томилж, ажлаа хийлгэхээ шийдэх биз. Тэр хүртэлх эмзэг цаг үед нь алдаагүй ажиллах нь миний гол үүрэг.

-Энэ улирлыг мартъя. Ирэх улирал лигийн багуудын тоо өсөх үү, багасах уу? Та юу гэж бодож байна вэ?

-Ирэх улиралд одоо байгаа 13 баг шиг олон баг оролцоно гэж би харахгүй байна. Арав орчим байх болов уу. Гэхдээ би шийдэхгүй, ирэх улирлыг урьдчилж хэлэхэд эрт байна. Нөхцөл байдал тодорхойгүй байна. Холбоод нэгдсэн хурлаа хийгээд, удирдлагаа томилог.

-Жил бүр олны дунд эргэлзээ, маргаан дагуулдаг “Тэргүүн тоглогч”-ийн сонгон шалгаруулалт энэ жил хэрхэн явагдах вэ? Улиралд сайн байсан нь энэ шагналыг авдаг юм уу, эсвэл плей-оффт сайн байсан нь юм уу? Хоёр шагнал өгөх боломж байхгүй юу?

-Өнгөрсөн жил лигийн зохион байгуулагч, багуудын дасгалжуулагчид, шүүгчид, сэтгүүлчид гээд 11 хүнээс санал авч, ардчилсан байдлаар тодруулсан. Дараа нь санал авсан байдлыг олон нийтэд нээлттэй зарласан. Энэ жил ч энэ аргаар тодруулна. Гэхдээ ялгаатай нь улирлын "MVP", "Тэргүүн тоглогч" гэсэн шагналыг тусад нь олгоно. Ингэхээр бүх зүйл ойлгомжтой, маргаангүй шийдэгдэх байх.

-Яагаад Б.Ялалт гэдэг хүн Монголын сагсан бөмбөгийн ажил хэрэгт оролцох болов гэж олон хүн гайхаж магадгүй л дээ?

-Надад телевизийн контентоо бэлтгэн, сагсан бөмбөгөө тайлбарлаад явах боломж бий л дээ. Би чинь SPS телевизийн контентын газрын захирлын хариуцлагатай ажил хийдэг хүн шүү дээ. Зүгээр л Монголд сагсан бөмбөг хөгжихөд миний зүгээс хийж чадах зүйл байвал яагаад би татгалзах ёстой гэж л боддог юм. Би жил бүр л Америкийг зорьж, тэндэхийн сагсан бөмбөг, NBA-ийн бүх оддын тоглолтын зохион байгуулалтыг харж байна. Дүрэм, журмын сайжруулалт дээр би суухад хэзээ ч татгалзахгүй. Энэ миний анх удаагаа Монголын сагсан бөмбөгт оролцож байгаа хэрэг биш. 2017, 2010, 2006 онуудад хэвлэл мэдээлэл, дүрмийн талаас нь аль аль холбоодоо дэмжиж л байлаа. 2006 оноос л хойш Монголын сагсан бөмбөгтэй холбоотой явлаа.

-Та комиссар хүний хувиар Монголын сагсан бөмбөг сонирхогчиддоо юу амалж чадах вэ?

-Нэгдсэн дээд лигийн тэмцээнийг шударга, зохион байгуулалт сайтай, бүгдэд нээлттэй болгохын төлөө зохион байгуулах комиссоо төлөөлөн хичээнэ ээ гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж