Иргэн, комедиан Д.Амартүвшинг өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, зөрчлийн хэрэг үүсгээд байсан. Түүнд холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр "Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэлээ" гэж өөрийн цахим хуудастаа бичсэн байна.
Цар тахлын үед бизнес эрхлэгчид туйлдаа хүрч байгааг илэрхийлэн "Тэвчээр тасарлаа" нэртэй хөдөлгөөн эхлүүлсэн. Тус зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 мянган төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэж байв.
Тэднийг хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаад байсан юм. Иргэн Д.Амартүвшин “Уг нь үзэл бодлоо илэрхийлсэн юм. Өнгөрсөн зун “Гацалт” флаш моб хийсний улмаас торгуулсан. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө ял авлаа гэж бодож байна. Монгол олон улсын гэрээ конвенцид нэгдсэн орон. Гэтэл тэр гэрээ конвенци нь хааччихсан юм, бүү мэд. Зургадугаар сарын сүүлээр “Гацалт” флаш моб зохион байгуулж, үйлчилгээний салбар дампуурсан, мөнгөгүй болсон, өр ширэнд идэгдсэн бизнесийн байгууллагад зориулаад гурван минутын гашуудлын зогсолт хийсэн юм.
Эрх баригчид түүнд эмзэглэсэн бололтой. Зөрчлийн хуулиар хэрэг нээсэн. Долдугаар сарын 28-нд хавтаст хэрэгт гарын үсэг зуруулаад, наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон. Тухайн үед нотлох баримтын шаардлага хангахгүй гээд 14 хоног хойшилсон. Тэрнээс гурван сарын дараа гэнэт ухаан орсон юм шиг шүүх хурал зарлаад ийм юм болчихлоо” гэж хэлж байлаа.
Холбоотой мэдээ