Улаанбаатар хотод улсын гэх тодотголтой цөөн номын сан бий. Гэвч нийслэл хотод төдийгүй орон нутагт, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдгийн зэрэгцээ, шаардлага хангасан номын сан байхгүй гэхэд хилсдэхгүй. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг Үндэсний номын сан шинэ барилгаа удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор энэ онд үүдээ нээх ёстой.
Албаныхны мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд баригдаж буй Үндэсний номын сангийн 11 давхар, 9948,2 ам метр талбай бүхий шинэ байр 87 хувийн гүйцэтгэлтэй байна.
Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос “амь” орж эхэлсэн байна. Биднийг очиход тус барилгын гадна пасадын ажил дутуу байлаа.
ШИНЭ НОМЫН САН ИРЭХ ЗУРГАДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Лифт, тааз, тусгаарлагч хаалгыг бэлэн болгожээ. Энд тэндгүй тоос шороо бужигнаж, дотоод заслын ажил ид өрнөж байв. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байна. Тус номын сан 450 хүний суудалтай, мөн харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байх юм.
Мэдээллийн эрин зуунд шинэ технологи нэвтрүүлж, ном хэвлэлийг скайнердан тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдэх аж. Түүнчлэн номын үзэсгэлэнгийн болон хурлын танхим, мини театр, ном, бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн үйлчилгээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж, барилгын ашиглалт болон олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр орлого олохоор төлөвлөжээ.
Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
УРД ХӨРШ ХИЛЭЭ ХААСНААС БОЛЖ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА
Урд хөрш хилээ хааснаас болж барилгын материал саатсан тул гадна пасадын ажил, дотор заслын зарим материал хүлээгдэж байгааг ажилчид хэлэв. Удахгүй интерьер зургийн дагуу дотоод заслаа хийхээр төлөвлөж байгаа аж.
Барилгын ажилчдын хэлснээр, тус барилгын ажил 2019 онд идэвхжиж байсан ч цар тахлын улмаас ажлаа зогсооход хүрсэн байна. Тиймээс барилгын хугацаа 2020 онд ашиглалтад орох ёстой байсан ч хойшилж, улсын баяр наадмаас өмнө орох төлөвтэй байгаа аж. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр, барилгын материалын үнэ өсч, материал муутай байгаа учраас одоогоор 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буйгаа хэлэв. Хэрэв хил гааль нээгдвэл хугацаандаа багтаж орохыг хичээж буй гэлээ.
Соёлын яамнаас "Үндэсний номын сангийн барилга энэ оны зургадугаар сард багтан ашиглалтад орно" гэж мэдээлэв. Мөн нүүлгэлтийн бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн бөгөөд номын сан хөмрөгөө цэгцлэхээс эхлээд олон ажил хүлээгдэж байгаа аж. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Он удаанаар хүлээж байгаа номын сангийн шинэ барилга хараахан ашиглалтад ороогүй байна. Манай хамт олон шинэ байр ашиглалтад орохоор ямар үйлчилгээ үзүүлэх вэ, уншлагын танхимыг яаж зохион байгуулах вэ, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ яаж хүссэн номыг нь уншуулах вэ гээд байнга л бодож, төлөвлөж сууна. Шинэ байр маань 450 хүний суудал бүхий хүчин чадалтай олон улсын стандарт, жишигт нийцсэн техник, технологийн шийдэл бүхий ховор, үнэт ном судрын хадгалалт хамгаалалтын орчин бүрдсэн, хурал, семинар, арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулах танхимуудтай цахим номын сан байна” хэмээн дурджээ. Ийнхүү удтал дуншсан барилга удахгүй үүдээ нээж, нийслэл хот орчин үеийн номын сантай болох нь ээ.
Гэрэл зургийг Г.Санчир
Холбоотой мэдээ