…Цонхны шил ялимгүй чичирсхийхэд гайхан харвал тэртээ доор аварга том сэнс эргэлдэж байхыг үзэв. Хүмүүний амьдрал ийм том сэнс мэт ажээ. Хүчирхэг сэлүүрээрээ агаарыг сорон авч, хоромхон зуур залгиж орхино. Түүн лугаа хүмүүс бид ч амьдралд залгиулж, гагцхүү амжиж бүтээсэн бүхэн нь л он цагийг сөрөн зогсдог билээ. /Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг “Шилний цаанаас ширтэхүй” аян замын эсээ тэмдэглэл 2019-09-12/
Хүний амьдрал урт удаанаараа бус, утга агуулгаараа хэмжигддэг ажээ. Бичсэн шигээ тэр амжиж бүтээснээрээ он цагийг сөрөн зогссон. Бүр гарцаагүй чадсан. Яагаад ч юм хорвоогийн мөнх бусыг буй бүхнээрээ сануулсаар, бүр эцэст нь өөрийн биеэр батлан тэр одов. Үгүй ээ одсонгүй. Бүр оршсоор байна. Ийм хүн оддоггүй юм. Тэр одсон ч бүтээсэн бүхэн нь он цагийг сөрөн оршсоор байх болно.
…Хэдхэн хоногийн өмнө хөршийн франц эр толгой сэгсрэн асууж билээ. “Яагаад танайхаар дүүрэн Америк, Хятад, Солонгос сургууль дүүрэн байгаа юм бэ. Та нар хүүхдүүдээ Монгол байлгахыг хүсдэггүй юм уу“ гэв. Хэлэх үг олдохгүй, зүрх сэтгэл хичнээн хөндүүр байсан гэж санана. Гаднын хүн гарцаагүй үнэнийг олж хараад, гайхсандаа асуусан хэрэг. Тийм ээ, тэд өөрийн үр хүүхдүүдээ МОНГОЛ байлгахыг хүсэхгүй. Учир нь удахгүй тэд бөөнөөрөө энд биш тэнд очиж амьдарна. Харин энд тэд биш бид муу нэртэй хэдэн багш үнэн шударгыг хайсаар гагцхүү хардах сэтгэлээр л хангалуун хоцорно. Бод доо, 1990 оны гял цал АРДЧИЛЛААС минь одоо юу үлдэв. Ганцхан хардах эрх. ЖИЧ. Харин ТЭД гээд байгаачуулыг та бид өдөр бүхэн зурагтаар өнгөтөөр хардаг билээ. ЭЦЭСТ НЬ ЯДАЖ Л ХАРДАХ ЭРХ ҮЛДЭЭСЭН АРДЧИЛАЛ ЧАМДАА БАЯРЛАЛАА. /Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг “Багш гэдэг нь багс юм” 2017-10-05 нийтлэлийн хэсгээс/
Багш нарын өдрөөр тэр ийнхүү бухимдан бичсэн юм. Хөрөнгө чинээнээс илүү хэл соёл, улс төрөөс илүү утга учир, хэлбэрээс илүү агуулгын тухай ойлгуулахаар тэр туурвидаг байлаа. Хэл яриагаараа төдийгүй хийж бүтээж, заадаг байлаа. Улиглаж бус ухааруулж, өөрөө өөрийгөө хэрхэн олохыг үлгэрлэж тэр амьдарсан. Бүтээж, туурвисан бүхнийхээ ард буух эзэн, буцах хаягтай, “буруу бол батлаарай” гэсэн шиг “Гарцаагүй” хэмээн тамгалдаг байв…
Түүний жимээр түүний шавь нар, дараа дараагийн үеийнхэн алхах нь зайлшгүй.
Тэр нэг удаа ингэж бичсэн юм.
“…Аан, бас Харвард төгсчихвөл л хаан суух юм гэсэн гэнэн бодолтой, гэгээн зүстэй хөвгүүд үүгээр нэг, үүдээр нэг мөөрөлдөж байна. Англи хэлтэй бүхэн атаман байх ёстой гэж Америк суртал номлож байна. Тэгдэггүй юм гэхээр өөдөөс тэнэгээр дуудах нь энүүхэнд болов. Тэд ч бас өөрсдийгөө тэргүүн эх орончдын торгон цэрэг гэж үзнэ. Соёл ярих мөртлөө салаавч гаргахыг ердийн зүйл гэж үзнэ. Асуудал энд л байгаа юм. Харь хэл сурах дамжаа дүүргэсэн боловсролоо хаан суух эрдэм сурлаа гэж худгийн мэлхий шиг андуураад, бяраа танихгүй зүтгэж, бэлчээрээ ололгүй майлж байна. Төр барина гэдэг чинь сольж өмсөх гонжоомныхоо тоогоор соёлтой гэж өөрийгөө төсөөлөөд, соёрхол хүсдэг зүйл биш гэдгийг ухаарч ойлгох хүртэл тэдэнд нэлээд цаг хугацаа хэрэгтэй байна. /Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг “Эх орончдын тухай эмзэг нэгэн тэмдэглэл” 2016-05-27/
Зургаан жилийн өмнө ингэж бичсэнээс нь одоо хэр ойлгоогүй бид цаашаа хэчнээн хугацаанд ойлгож, ойлгосон ч хожимдсон гэмшил болохыг бүү мэд. Учир нь харьд одогсдын тоо өдрөөр бус цагаар өсч, харьжсан соёл түгэн дэлгэрсээр… Төлөөсөнд нь бид юу алдсаныг хожмын өдөр шүүх болно. Тэгээд бүр энэ бүхний төгсгөлд бус эхлэлд нь сануулж байж гэж Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуягийг судлах нь зайлшгүй.
Тэр гагцхүү үнэнийг, мөн чанарыг хайсан. Хайснаа ч олсон учраас туурвисан. Өөр олон залуус олж хараасай гэсэндээ хэлэх биш, хийж харуулсан. Ингэхдээ зүрхээ зүсч, сэтгэлээ сийчүүлэн ганцаардсан. Ингэхийн тулд тэр сэтгүүлзүйн бузар булайг эсэргүүцсэн. Тэгээд зогсоогүй яруу найрагчдынхаа явуургүй байдлыг ч илчилсэн юм. Ингэхийн тулд боловсролоос илүү бодит байдлыг зөвөөр хардаг “арми”-тай болохыг зорьсон билээ. Тиймээс ч тэр зоригтой шулуухан, шударга шүүмжилдэг.
“Гагцхүү бүх шатны боловсролд уран зохиолын мөн чанарыг жинхэнээс нь ойлгуулдаг болчихвол “тэргүүн зэргийн зохиолч” хэмээх титэм өөртөө асаасан, оюун санааны хувьчлалын сиймхийгээр олз олохыг санаархагчид байраа ойлгож, сууриа танина. Олон ботиор хэвлэгдсэн гялгар хавтастай, гөлгөр нүүртэй зузаан зузаан зугаацлын бичлэгүүд “НОМЫН ДЭЛГҮҮР” нэртэй дамын мөлжлөгийн тавиур дээр цагийн тоосонд даруулж, ном зохиогч нэр зүүх дур ихтэнгүүдийн үе дуусах болно. Нийтийг боловсролоор гэгээрүүлэх нь байдлыг өөрчлөх ганц боломж /Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг “Ном дайрсан бараан сүүдрүүд” нийтлэл 2016-04-30/
Явж явж үнэнтэй тулах нь гарцаагүй тухай л шүлгээрээ, өгүүллэгээрээ, жүжгээрээ, нийтлэлээрээ тэр бидэнд ойлгуулахыг хичээж, түүнийхээ хэрээр үнэнийг эрхэмлэсэн хэн бүхнийг тоож, түүнээс зугтагчдад амьдралын гашуун үнэнийг өгүүлсээр явлаа. Тэр хэн хүнийг хувцас юугаар нь бус бодол, сэтгэлээр нь нөхөрлөдөг, түүнийгээ уран бүтээлээрээ ч зарладаг.
Заримд нь тэр нь эрээ цээргүй, ичгүүр сонжуургүйгээр илчилсэн санагддаг биз. Амьдралд дэндүү хайртайдаа тэр ад үзэгдэж, худалтай эвлэрч чадалгүй үнэнтэй нүүр туллаа. Худал хуурмаг хорвоод инээсэн хөргөө үлдээгээд тэр одлоо. Ингэхдээ өөрийн гэсэн өвөө ном болгон баринтаглаад, хойч үедээ үлдээгээд одлоо. Хайран, залуугаараа гэж халаглахыг хүссэнгүй. Хар залуугаараа бодол сэтгэл нь болохоо байчихсан хүмүүсээс хамаагүй он удаан жил, бүр төсөөлөшгүйгээр урт удаан хугацаанд тэр бодож сэтгэсэн юм. Бодуулж, сэтгүүлсээр ч байх биз.
Үүний ч тулд хором бүрээ өөрөөсөө харамлан нойроо хугаслан номоо, нийтлэлээ, шүүмжээ, судалгаагаа, яруу найргаа бичсэн билээ. Тиймээс энэ нийгмийн тэнэг шагналыг, утгагүй үнэ цэнийг тэр тоогоогүй. Нэхэн шагнавал доромжлол болно. “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээ бичихдээ аль хэзээний бидэнтэй салах ёсоо хийчихсэн юм бил үү, хэн мэдлээ… Зайлшгүй үнэн гэвэл түүний талаар он удаан жил бид ярих болно.
Таван жилийн өмнө тэр өөрийн бүтээлийн жагсаалтыг явуулж байлаа. Гэхдээ сэтгүүлчийн хувиар бичсэн нийтлэлүүдээ жагсаалтдаа оруулаагүй. Түүнээс хойш хэдэн нийтлэл, хэдэн жүжиг, хэдэн өгүүллэг, хэдэн шүлэг, хэдэн шүүмж, хэчнээн санаа түгээснийг ч таашгүй. Зөвхөн сэтгүүл зүйн бүтээлээс нь эхний хуудсыг сөхөхөд энэ. Цаашаа тайз, дэлгэцийн урлагийн судалгаа, шүүмж, өөрийнх нь бүтээл, яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүдийнх нь талаар салбар салбарынхан гарцаагүй судлах болно. Түүнд чимэг хэрэггүй. Гэхдээ бид жуумалзсан түүний инээдийг харж, хараад зогсохгүй хамт нэг цаг хугацаанд амьдарч чадсан азтай улс.
Миний мэдэх Момо, таны таних зохиолч, азтай нэгнийх нь багш, Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуягийн бүтээл он цагийг сөрөн оршсоор байх болно…
Профессор П.Батхуягийн бүтээлийн жагсаалт 20
- Ном бүтээл
А. Уран сайхны бүтээл
- “Замдаа гарцгаая” /хамтын/ Улаанбаатар 1997 он
- “Буух зурвас” /шүлгийн/ Улаанбаатар 1998 он
- “Бурхангүй” газар” /хүүрнэл зохиолын/ Улаанбаатар 2004 он
- “Өнгөт ертөнц” /шүлгийн/ Улаанбаатар 2004 он
- “Хүрэл зүрх” /хүүрнэл зохиолын / Улаанбаатар 2006 он
- “Яруу найраг-миний цонх” /шүлгийн/ Улаанбаатар 2007 он
- “Үнэд орох цаг” /хүүрнэл зохиолын/ Улаанбаатар 2007 он
- “Үйлийн үрийн байшин” /хүүрнэл зохиолын/ Улаанбаатар 2008 он
- “Тэнгэр хэмээх шувуу” /түүвэр зохиол/ Улаанбаатар хот 2009 он.
- “Улаан хотын зүрх” /шүлгийн/ Улаанбаатар 2010 он
- “Тайзгүй жүжгүүд”/жүжгийн/ Улаанбаатар 2010 он
- “Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд” /роман/ Улаанбаатар 2010 он
- “Залбирлын эсээс” /эсээний/ Улаанбаатар 2011 он
- “Салхи, чулуу борооны сахиус” /шүлгийн / Улаанбаатар 2011 он
- “Биоплазм шүлгүүд” /шүлгийн/ Улаанбаатар 2013 он
- “Металл хотын уянга” /шүлгийн / Улаанбаатар 2014 он
- “Ганцаардлыг иднэ” /жүжгийн / Улаанбаатар 2014 он
- Хүүрнэл зүрх /хүүрнэл зохиол/ Улаанбаатар 2014 он
- “Хүрэл зүрх” 2018 он
- Залбирлын эсээс 2018
- “Их үдийн хот: загасны хайрс шиг гудамж” 2018 он
- “Очирбатын Дашбалбар”
- “Эсрэг цаг”
- “Нохой далайн зомгол”
Б. Судлал шүүмжийн ном
- “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи” /судалгааны/ Улаанбаатар 2005 он
- “Сүхбаатарын Батмөнх” /судалгааны / Улаанбаатар 2005 он
- “Яруу найргаар ярилцахуй” /шүүмжийн/ Улаанбаатар 2006 он
- “Шинэ сэрэхүй” /шүүмж, нийтлэлийн/ Улаанбаатар 2008 он
- “Стандарт бус шалтгаан”/шүүмж, нийтлэлийн/ Улаанбаатар 2009 он
- “МУЗ-ын стандарт бус шалтгаанд зориулав” /шүүмж, судлалын/ Улаанбаатар 2010 он
- “Хэлбэргүй бодлогошрол” /шүүмжийн/ Улаанбаатар хот 2011 он
- “Эсрэг цаг” /шүүмж, нийтлэлийн/ Улаанбаатар 2014 он
- “Эсрэг цаг-2” /шүүмж, нийтлэлийн/ Улаанбаатар 2014 он
- “Монголын театрын түүх” /судалгааны/ 2016 он
- Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл
- “Төрийн шагналт зохиолчдын стастистик” /өгүүлэл / МУБИС, ЭШБ 1 26, 2002
- “Яруу найргийн үнэлэмж өөрчлөгдөхөд бодгалийн гүйцэтгэх үүрэг” ИМДС, ЭШБ-03,2004 он
- “Монгол яруу найргийн мөнхийн үнэт зүйлс” Дэлхийн яруу найрагчдын чуулга уулзалт, Улаанбаатар хот 2006 он
- Монголчуудын нээсэн Хон-гил-доны тууж” Монгол-Солонгосын Зохиолчдын симпиоузим 2006 он
- “Экологийн уран зохиол” Боловсрол ДС,ЭШБ 003, 2007 он
- “Д.Нямсүрэнгийн яруу найргийн таашаал” ЭШБ хурал, 2008 он
- “1990 оноос хойших үеийн яруу найргийн үнэт зүйлсийн чиг хандлага” Нийгмийн ухааны залуу эрдэмтдийн чуулган 2006 он
- “1990 оноос хойших үгүүллэг туужийн зохиолын үнэт зүйлс” МЗЭ-ийн 80 жилийн ЭШБХ, 2009 он
- “Энэ шүлгэнд аялгуу оруулаад үз” УбИС, ЭШБ, 2007 он
- “Хүнийг хүний ёсоор нээхүй” ИМДС,ЭШБ-006, 2010 он
- “Учиртай гурван толгой жүжгийн “Карма” илтгэл ДБЭТ “Илтгэлийн эмхтгэл” № 002 2014 он
- “Д.Мягмарыг ойлгох хоёр хязгаар авдар ба бэртэгчин” СУИС, ЭШБ, №09, 2013 он
- “Учиртай гурван толгой жүжгийг үйлийн үрээр тайлбарлахуй” /Учиртай гурван толгой дуурийн түүхэн тэмдэглэл / 2014 он
- Нийгмийн сэтгэл зүй ба урлагийн боловсрол” СУИС, “Соёл урлаг судлал” 2014 № 6
- “Б.Ринченгийн тайз дэлгэцийн бүтээлийн онцлог” ШУА, ХЗХ, 2015 он
- “Шалтгаан ба “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн задлан шинжлэл МУИС,
- Тайзны урлагийн цаг хугацаа-оронзайн асуудал УДЭТ, СУИС – 2016 он
- Балдоржийн шагналт сэтгүүлзүйн бүтээлүүдийн зохиомжийн судалгаа МСНЭ, “Балдорж сан, СУИС 2016 он
- “ Эрхи товчис” бүтээлийн арван шалтгаан МУИС, ШУС, 2016 он
- Эрхлэн хэвлүүлсэн бүтээлүүд
- “Монгол салхи” /зохиолчдын түүвэр/ Улаанбаатар 2009 он
- “Монголын нэн шинэ үеийн яруу найраг” /залуу яруу найрагчдын түүвэр зохиол/ 2010 он
- “Монгол салхи”-II / зохиолчдын түүвэр/ Улаанбаатар 2013 он
- “Монголын нэн шинэ үеийн яруу найраг” Хөх хот 2015 он
- Гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд
- “A Very big white elephant” яруу найргийн түүвэр 2009 он /англи хэлээр/ орчуулсан Саймон Смит
- “A pair melody of the stone monument” шүлгүүд 2006 он /англи хэлээр/ орчуулсан М.Саруул-Эрдэнэ
- “Fishlike “ үгүүллэг 2010 он/англи, солонгос хэлээр/ орчуулсан Андрей Шмиек, Ли-Сун
- “Стихи” шүлгүүд /орос хэлээр/ орчуулсан Б.Бадрал /Н.Нимбуевийн ойн шүлгийн чуулган/ 2009 он
- “Хонгил-Доны тухай Монгол өгүүлэл /солонгос хэлээр / орчуулсан Б.Баярмаа “ASIA” сэтгүүл 2009 он
- “Ирээдүйн нүд” /англи-монгол хэлээр/ орчуулсан Давид Смит Бехам 2010 он
- “Өөр нулимс” үгүүллэг /хятад хэлээр/ орчуулсан Ц.Цолмон 2008 он
- “Songs of steppy” /шүлгүүд/ швед хэлээр Стокольм 2013
- “Монголын сонгомол өгүүллэг” /япон хэлээр/ “Хүрэл зүрх” үгүүллэг 2013 он
- EGO-CENTERED CHARACTER OF HAIKU /англи хэлээр/ 2014 он
- Монголын шилдэг өгүүллэг /франц хэлээр/ “Хүрэл зүрх” үгүүллэг 2015 он
- Бүлэг шүлгүүд /япон хэлээр/ "Япон ба Монгол” сэтгүүл 2015, NO.131,9
- “Өөр нулимс”, “Бурхан ба эрвээхий”,”Торгоны хээ” өгүүллэгүүд /солонгос хэлээр/ ASIA magazine, 2016, 03
- 1488 hours (essay) 2016,003 Seoul…
Холбоотой мэдээ