"Давхар дээл"-ийг дэмжинэ VS дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

"Давхар дээл"-ийг дэмжинэ VS дэмжихгүй

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адъшаа, хуульч Д.Үүрцайх нар “давхар дээл”-ийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ. Улс төрийн хүрээнд, Үндсэн хуулийн Цэц эдгээр гишүүдийн маргаан Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, УИХ түүнийг нь хүлээж авна гэсэн таамаг өрнөж буй. Тиймээс энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах магадлалтай болоод байна. Энэ долоо хоногийн VS буландаа хоёр талын байр суурийг хүргэж байна.


 

Д.Тогтохсүрэн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга:

-УИХ-ын гурван гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргана. Гаргахдаа Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргахгүй юм. Үндсэн хуулийн 64, 65 дугаар зүйлд зааснаар Цэц нь УИХ-д санал ирүүлнэ. Тодруулбал, 39.2 дахь заалт бусад заалтуудтайгаа зөрчилдөж байгаа тул УИХ авч үзнэ үү л гэдэг санал ирнэ. Дараа нь УИХ уг саналыг нь авч хэлэлцээд, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар болбол 57 гишүүнээрээ өргөн барина. Тэгээд дөрвөн хэлэлцүүлгээрээ хэлэлцэнэ. Тэгж байж шийднэ.

Үндсэн хуулийн асуудал жижиг биш учраас өргөн хүрээнд урт хугацаанд хэлэлцэнэ. Мөн 2008 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль гэж бий. Энэ хуулиар босго бас өндөр. Өмнө нь хөндсөн заалтыг найман жилийн дотор дахин хөндөхгүй гэж заасан. Процессын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал цаг хугацаа шаардсан. Бид хоёр туйлд туйлшраад байна. Өмнө нь нэг хэсэг “давхар дээл”-гүй явсан. Дараа нь “давхар дээл”-гүй байж болохгүй юм байна гээд 100 хувь өмссөн. Улмаар парламентын хяналт суларч, Засгийн газар УИХ-ынхаа дээр гарч байна гэх асуудал үүссэн. Үүнийгээ болиулахаар зохистой хэмжээ хэмээн дөрөв гэх тоо тогтоосон. Одоо дөрөв арай бага байна гээд байна.

Бид нэг зарчмыг барих ёстой. Монгол улс сонгодог парламентын тогтолцоо руу бүрэн орох ёстой. Үүний хамгийн утга учиртай гурван зүйлийг хийх гэж байгаад хийж чадаагүй. Тодруулбал, “давхар дээл”-тэй байх ёстой. Гадаадын улс орнуудад ард түмний санал авсан гишүүд сайдаар ажиллана гэдэг зарчим байдаг. Холимог тогтолцоотой байх нь мөн үндсэн зарчим. Бас нэг нь Ерөнхийлөгчөө парламентаас сонгох. Энэ гурван асуудлыг 2019 онд хийе гэж яриад дэмжлэг авч чадаагүй. Бусдыг нь бол хийсэн. Цаашид Монгол улс  сонгодог парламентын зарчимтай байя гэвэл үүнийг хийх ёстой. Энэ нь цаг хугацааны л асуудал. Хэзээ нэгэн цагт хийгдэх байх. Бид улс төрд карьерын системээ хийж чадахгүй байна. Япон зэрэг бусад улс нам, улс төрдөө ийм системтэй. Тэр системээр ажлаа хийдэг.  Манай улс ийм системийн нэгдсэн бодлогогүй учраас дурын нөхөр сайд болоод байна. Үүнд л бухимдаад байгаа юм.

Б.Пүрэвдорж
АН-ын гишүүн:

-2016 оны сонгуулийн өмнө МАН цөөнх байхдаа “давхар дээл”-ийг эсэргүүцэж жагсдаг байсан. Үүнийхээ үр дүнд 2016 оны сонгуульд ялалт байгуулсныг санаж байгаа байх. Энэ итгэл үнэмшлээрээ Ерөнхий сайд болон УИХ-ын дөрвөн гишүүнээс бүрдсэн Засгийн газар байгуулж болно гэсэн заалтыг 2019 онд Үндсэн хуульдаа оруулсан. Гэтэл одоо Үндсэн хуулийн Цэцээр дүгнэлт гаргуулаад, Засгийн газартаа “давхар дээл”-тэй гишүүд авчирна гэдэг нь өөрсдийнхөө байр сууриас яаж буцдагийг харуулж байна. Иргэдийн саналыг авчхаад хулхиддагийн тод жишээ энэ юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр далимдуулан “давхар дээл”-ийн асуудлыг оруулж ирнэ гэвэл дэмжихгүй. Мэдээж парламентын гаднаас Засгийн газрын гишүүн болно гэдэг хүнд л дээ. Гэхдээ мэргэшсэн сайд нь урт хугацаандаа салбарынхаа асуудлыг илүү сайн авч явна гэж үзэж байна. Тиймээс “давхар дээл”-ийн асуудлыг дэмжихгүй. Манай намын хоёр гишүүн Цэцэд хандсан нь гэнэтийн явдал болсон. Энэ асуудлыг дахиад бүлгийн хэмжээнд ярилцах зайлшгүй шаардлага бол бий. Бид улсын төрийн том бодлого дээр заавал нэг байр суурьтай хандах ёстой. Ер нь УИХ дахь АН-ын бүлэг гурван асуудал дээр нэг байр суурьтай байна. Нэгдүгээрт, он дамжаад баахан сонгууль болдог. Тэр сонгуулиас нь болоод улс эх орны ажил хойш татагддаг. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ынхан ялалт байгуулчхаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд бүтэн жил бэлтгэлээ хангасан. Ийм зүйл хаа сайгүй байна.

Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой гэдгийг дэмжиж байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд аймаг, аймгаас сонгогдоод гараад байхаар улсын төсвийн ихэнх хөрөнгө оруулалтыг тийшээ тавиулдаг. Тиймээс сонгуулийн холимог системтэй болчихвол нэг хэсэг Их хурлын гишүүд улс эх орныхоо том бүтээн байгуулалт, том зүйл дээр анхаарлаа хандуулдаг болно. Мөн сонгуулийн санал гээгддэг асуудал байхгүй болно. Нийт сонгогчдын 40 хувийн санал авчхаад 65 суудал авдаг байж болохгүй. Гуравдугаарт, Монгол Улс  2.5 сая орчим хүнтэй байхдаа 76 Их хурлын гишүүнтэй байна гэж тооцож гаргаж байсан. Өнөөдөр 3.4 сая хүрчихлээ. 2024 он гэхэд 3.5 сая гараад явчихна. Бүхэл бүтэн сая хүнээр хүн ам нэмэгдэх нь. Тиймээс гишүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. 99 гишүүнтэй байлгах асуудлыг бол дэмжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж