Цагаан сарыг өнжиж цар тахлыг давъя!

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Цагаан сарыг өнжиж цар тахлыг давъя!

Цагаан сарыг өнжиж цар тахлыг давъя!

Өнгөрсөн оны сүүлээр өдөртөө 100-200 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол өдгөө халдварын тохиолдол 1000 давах болсон. Энэ нь нэгд, шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, омикрон хувилбар Монголд хэдийнэ орж ирснийг ЭМЯ хүлээн зөвшөөрсөн.  Тэр тусмаа энэ сарын сүүл буюу ирэх сарын эхээр өдөртөө 20-40 мянган хүртэл халдварын тохиолдол өсөхийг УОК сануулж, зайнаас ажиллахыг уриалах болсон. Гэхдээ сар шинийг хорихгүй гэсэн.  Цагаан сарыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Сүүлийн хоёр жил цар тахлаас болж гэр, гэртээ тэмдэглэсэн.  Энэ жил ч мөн цагаан сарыг гэр гэртээ тэмдэглэхийг эмч, судлаачид анхааруулж байгаа. Гэсэн хэнэггүй нь дэндсэн монголчууд сар шинээр айл хэсээд явахгүй гэсэн баталгаагүй. Тиймээс энэ жил ахиад цагаан сарыг цомхон тэмдэглэе. Ингэж байж л бид цар тахлыг даван гарна.

Баяр тэмдэглэх сургаар байдгаа барж, зээл авч ууц, өвчүү чануулахаас эхлээд зочны гар дээш харуулах бэлэг бэлдэх түмэн ажил иргэдийг бужигнуулдаг. Уламжлалт баяраа утгагүй болгодог мөнгөөр золгох хүртэл эдийн засагт нөлөөтэй. Энэ мэт олон зүйлсээс иргэд халширсан. Ямар сайндаа хорио тогтоовол 2000 бууз биш, 200 бууз чимхэнэ гэцгээнэ.

Монголчууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзсан. Түүний тулд халдварын тархалтыг ч тодорхой хэмжээнд тогтоон барьсан юм. Тухайлбал, иргэд 2020 оны цагаан сараа цомхон тэмдэглэсэн бол өнгөрсөн жил ч нийтээр өргөн дэлгэр шинэлээгүй. Хоёр жил ийнхүү хэвшсэн хүмүүс баяр наадмыг заавал өргөн хүрээнд тэмдэглэх шаардлагагүйг ч ойлгоод, хөл хорих саналыг дэмжиж байна. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, аймаг орон нутаг руу чиглэх шаардлагатай хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй. Ингэснээр нийгмийн амьдралд сөрөг нөлөөгүй. Мөн баярын дараа батлагдах халдварын тохиолдол ч өсөхгүй байх боломжтой юм.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Омикроны оргил үед эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэх учир вакцинд хамрагдаагүй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд түлхүү анхаарна. Монгол Улсад Covid-19-ийн дөрөв дэх давлагаа эхэлж байгаа бөгөөд энэ сарын 20-ноос ирэх сарын 10-нд оргил үе нь тохионо гэж тооцож буй. Энэ үед өдөрт 18-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн судалгаа бий” гэсэн.

Халдварын тархалт ийнхүү нэмэгдэхийг тооцоолсон бол яагаад хөл хорих, зарим хязгаарлалтыг тогтоохоос татгалзаж байгаа нь иргэдийн гайхашралыг төрүүлж буй юм. Хоногт бүртгэгдэх халдвар нэмэгдвэл нас баралт ч дагаад өснө. Тиймээс цагаан сар тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэх хүн олон байна.

Энэ талаар эрүүл мэндийн салбарын эрдэмтэд ч онцолсон. Тэд "Омикроныг улирлын томуутай адилтгаж болохгүй. Зарим дарга нар Англи, АНУ-д хөнгөн гэж үзэж байна. Тав хоногт эдгэнэ гэж байна. Бидний эрүүл мэндийн байдал тэдэнтэй зүйрлэшгүй доогуур. Бараг насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрх, бөөр, элэг, чихрийн шижин гээд л архаг суурь өвчтэй.

Омикрон суурь өвчнийг бариад л авна, юун тав хоног. Таван жилийн дараа ч ямар эмгэг илрэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй. Хөрсөн дээрээ буугаад, хүний нягтрал, бөөгнөрлөө зоригтойхон бууруулмаар байна даа. Ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газрууд богиносгосон цагаар ажиллах гэх мэтчилэн. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэх нь зөв" гэж анхааруулсаар байгаа.  Тэгэхээр илүү амь гэж байхгүй учраас энэ удаад цагаан сарыг өнжье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж