Путин “өнгөт хувьсгал”-ыг зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Путин “өнгөт хувьсгал”-ыг зөвшөөрөхгүй

Путин “өнгөт хувьсгал”-ыг зөвшөөрөхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш орнууддаа “өнгөт хувьсгал” гарахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Тэрбээр энэ үгээрээ Казахстан, Украины үйл явдлуудад АНУ-ыг буруутгаж буйгаа илэрхийлэв. Өмнө нь Гүрж, Украинд төрийн эргэлт гарч, ОХУ-ын талыг баримтлагч засгийн газрыг түлхэн унагаасан үйл явдлыг Путин “өнгөт хувьсгал” гэж тодорхойлж байгаа аж.

Өнгөт хувьсгал гэж юу вэ? Хамгийн энгийнээр тодорхойлбол эрх баригчдыг иргэдийн шаардлагыг биелүүлэхийг, эсвэл зөвшилцөж чадахгүй бол засаг төрийг солиход чиглэсэн ихэвчлэн тайван аргын /жагсаал, цуглаан, суулт, ажил хаялт/ цогц эсэргүүцлийн хөдөлгөөн юм. Харин Төв Азийн орнуудыг дарангуйлагч нар, авлигад бүрэн автсан, олон улсын өрсөлдөөний талбар гэж олон улс хардаг.

Дээр нь хээл хахууль, автократ дэглэм, геополитикийн чухал байрлал гэсэн хүчин зүйлүүд нь томоохон бослого гарах суурийг бүрдүүлж байдаг гэж үздэг. Казахстан бол Төв Азийн үсрэнгүй хөгжиж буй орнуудын нэг бөгөөд 2019 оныг хүртэл сүүлийн 30 жил Нурсултан Назарбаев төрийн эрхийг дангаар барьсан. Энэ оронд шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал богино хугацаанд үймээн самуун, хүчирхийлэл болж хувирсан юм.

Путин Казахстанд улс төрийн бослого, үймээн гармагц энхийг сахиулагчдаа илгээсэн нь нөхцөл байдал удаан үргэлжилж, хүрээгээ тэлэхээс болгоомжилсон алхам гэдгийг ажиглагчид онцолж байв. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/ нь Казахстаны ард иргэдийн жагсаалыг “гадаадаас санхүүжүүлсэн террорист үйл ажиллагаа” гэж тодорхойлон, энхийг сахиулах ажиллагаа явуулахаар болсон. Энэ хүрээнд 10 улсаас 3600 энхийг сахиулагчийг Казахстанд илгээхээр болсон ба эхний ээлжинд тэргүүлэгч ОХУ өнгөрсөн долоо хоногт цэрэг, байлдааны техник хэрэгслээ хөрш улс руугаа илгээсэн юм.

Оросын цэргүүд Казахстанд нөхцөл байдал тогтворжиж, дэг журам тогттол байрших болно гэж мэдэгдсэний дараа ХАБГБ-ын уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Кассын Токаев тэгэх шаардлагагүй гэв. Токаев өчигдөр хэлэхдээ ХАБГБ-ын армийн даалгавар дуусч, хоёр хоногийн дараагаас цэрэг, армийг нутагт нь буцааж эхэлнэ гэж хэлсэн нь гадаадын цэргийг удаах хүсэлгүй байгаагийн илрэл юм.

Токаев ХАБГБ-аас цэргийн тусламж хүсэхдээ ОХУ-ыг дэглэмүүдийг хамгаалах аюулгүй байдлын хамгаалагч гэж үзсэн боловч улсынхаа тусгаар тогтнолд ноцтой алхам хийсэн байж магадгүй гэж болгоомжилжээ. “ОХУ нь Казахстанд цэргээ удаахгүй байсан ч энхийг сахиулах ажиллагааныхаа хариуд ямар нэгэн зүйл олж авах гэж хичээх нь тодорхой” гэж Колумбиа их сургуулийн Төв Азийн шинжээч Александр Күүлей ярьжээ.

Нөгөө талд Украины хурцадмал байдал ОХУ нь хилээс цэргээ эргүүлэн татаж, АНУ-ын албаныхантай яриа хэлэлцээ эхлүүлснээр түр намжаад байна. Женевт Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хэлэхдээ “Хэрэв Украины асуудлаарх ОХУ, НАТО-гийн дипломат хэлэлцээ бүтэлгүйтвэл Москва цэрэг-техникийн арга хэмжээ авах боломжтойг онцолжээ.

Орос, АНУ болон Европын хэлэлцэгч талуудын хооронд энэ долоо хоногт дараалан болох өндөр түвшний гурван уулзалтын эхнийх нь өндөрлөсний дараа Сергей Рябков ингэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Зүүн Европ дахь НАТО-гийн хүрээгээ тэлэх үйл явцыг үргэлжлүүлсээр байвал АНУ “галаар наадаж” буйгаас ялгаагүй гэв.

АНУ-ын талаас ОХУ нь НАТО-той хийж буй энэхүү яриа хэлэлцээг Украиныг түрэмгийлэх хэрэгсэл болгон ашиглаж байгааг анхааруулсан байна. Хэлэлцээ бүтэлгүйтсэн тохиолдолд ОХУ нь Украин руу дайралт хийх шалтаг болохоос тэд болгоомжилжээ. Хариуд нь Рябков хэлэхдээ, “АНУ хоригоор сүрдүүлсээр байна. Тэд түүх болон саяхан болсон үйл явдлуудаас сургамж аваагүй байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж