Цагийн ажил хийдэг оюутнуудын дийлэнх цалингаа авч чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Цагийн ажил хийдэг оюутнуудын дийлэнх цалингаа авч чаддаггүй

Цагийн ажил хийдэг оюутнуудын дийлэнх цалингаа авч чаддаггүй

Цагийн ажил эрхлэгчдийн дийлэнх нь оюутнууд. Тэд суралцахын зэрэгцээ хэрэглээнийхээ болон сургалтын төлбөрийнхөө мөнгийг олохын тулд цагийн ажил хийдэг. Гэвч цалин хөлсөө авч чадалгүй хулхидуулах явдал ч цөөнгүй. Сүүлийн жилүүдэд Монголд ажиллах хүчний хомсдол нүүрлэснийг ажил олгогчид шүүмжилдэг. Атал цалингаа цаг тухайд нь өгдөггүй, ярьсан тохирсондоо байдаггүй, НДШ төлдөггүй, цалин бага зэрэг олон шалтгаан ажиллах хүчний хомсдол бий болгодог байна. Цагийн ажил хийдэг оюутан, залууст ямар бэрхшээл тулгардгийг сонирхлоо.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлагийн сургуулийн оюутан Д.Бумбаяр:

-"Цайны газар өргөтгөх ажилд тоосго зөөх ажилтан авна" гэсэн зарын дагуу очсон. Эхний өдөр 4000 ширхэг тоосго зөөлгөсөн. Дараагийн өдрүүдээс өрлөгчний туслах хийсэн. Би тэнд 12 өдөр, өдрийн 50 мянгаар ажилласан. Ажил дуусаад, цалингаа авах гэтэл "Хоолны мөнгө хасагдаж байгаа шүү" гээд, миний цалинг өдрийн 45 мянгаар тооцож өгсөн. Анх тохирохдоо өдрийн хоол цаанаасаа гэсэн хэрнээ цалин авах болохоор хасч тооцсон нь таалагдаагүй.

МУБИС-ийн 3-р дамжааны оюутан Л.Гантөгс:

Өмнө нь ажил олгож байсан ах "Барилгын бригадад арматур зангидах ажил хийх үү" гэхээр нь найзтайгаа очсон. Өдрийн 50 мянган төгрөгийн цалингаар тохиролцсон. Нийтдээ ес хоног ажиллаад, 450 мянган төгрөг авах ёстой байсан ч өгөөгүй. Утас руу нь залгахаар холбогдохгүй, фэйсбүүкээр блок хийчихсэн байсан. Одоо ч цалингаа авч чадаагүй.

Барилга, технологийн политехник коллежийн оюутан Б.Чагнаа:

-Ихэнх газрууд цагийн ажилтнаас илүү тогтвортой ажиллах хүмүүс авах сонирхолтой байдаг. Зарим газар ачаа бараа зөөх хүн хэрэгтэй болохоор цагийн ажилтан авдаг байх. Миний хувьд зун амралтаараа арьсны үйлдвэрт ачигч, бас барилгын туслах хийдэг. Арван жилд байхаасаа хойш таньдаг ахынхаа бригадад ажилладаг байсан. Одоо ч ажиллаж байна. Тэгэхээр цалингаа өгөхгүй байх вий гэж санаа зовдоггүй.

МУИС-ийн оюутан С.Өсөхбаяр:

-Өнгөрсөн зун солонгос хоолны газар зөөгчийн ажил хийсэн. Тус хоолны газар нэг өдөр ажиллаад, нэг өдөр амардаг. Цалингаа 15 хоногоор бодож өгдөг гэсэн үг. Эхний сарын цалингаа авчхаад, дараа сар нь хичээл орох дөхсөн болохоор гурван хоног ажилласан. Гурван өдрийн цалин 60 мянгыг авах гэтэл менежер нь над руу хариуцлага алдсан гэж уурласан. Ер нь оюутнууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх нь элбэг. Унааны мөнгө өгдөггүй, зөөгч хийхийн хажуугаар аяга тавгаа угаадаг байсан. Бас барилгын туслах хийхээр очсон. Очоод гурван цаг ажиллаж байтал "Тууштай ажиллах хоёр хүн нь ирчихлээ" гээд надад цалин, тэр бүү хэл унааны мөнгө ч өгөөгүй.

Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Э.Энхжин:

-“ТБД андууд”-ын ойролцоо байдаг солонгос хоолны газар зөөгчийн ажилд хоёр охин авна гэсэн зарын дагуу найзтайгаа очсон. Эхний гурван өдөр дадлага хийлгэнэ гээд цалингүй ажиллуулсан. Дөрөв дэх өдөр нь зохион байгуулагч нь "Та хоёрыг ажиллуулахгүй" гэж утсаар хэлсэн. Угаасаа тэр газар ийм аргаар олон охидыг үнэгүй ажиллуулдаг болохыг сүүлд мэдсэн.

Ийнхүү цагийн ажил хийдэг оюутнууд цалингаа хулхидуулах нь цөөнгүй аж. Тэд цалин бага ч эелдэг харилцаатай хамт олны дунд, цалингаа цагтаа тавьдаг, унаа хоолны урамшуулал өгдөг, хулхидаж, хуурдаггүй газарт ажиллах дуртай байдгаа нуусангүй. Нэг өдрийн бүтэн цалин тэдэнд гурав хоногийн хоолны мөнгө болдгийг зарим нь хэлж байлаа. Мөн ажилдаа очих, харихдаа алхах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж