Энэтхэг даяар Covid-19-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаа хэдий ч энэ Баасан, Бямба гаригт нэг сая орчим Хинди шашинтнууд Ганга мөрний эрэг дээр цугларч, ариун усанд орох төлөвтэй байна гэж "Ройтерс" агентлагт мэдэгдэв.
Шинжилгээний хүчин чадлаас шалтгаалан Мягмар гаригт тус улсад 168.063 шинэ Covid-19 халдвар бүртгэгдсэн ч сарын дотор 20 дахин өсчээ. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь гэрээр эмчлүүлсэн бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн тоо дөрөв, тавдугаар сарынхаас хэд дахин бага байна.
Хурдацтай тархаж байгаа омикрон хувилбараас шалтгаалан олон муж шөнийн хөл хорио зарлаж, хувийн оффисууд, рестораныг хаасан байна. Гэсэн хэдий ч мянга мянган мөргөлч баруун Бенгалийн зүүн муж дахь арал дээр жил бүр болдог Ганга мөрний ёслолын талбайд цуглараад эхэлжээ.
Урьдчилсан тооцоогоор мөргөлчид 800 мянгаас нэг сая хүртэл нэмэгдэж магадгүй аж. Уг ёслолыг хариуцсан Баруун Бенгалын сайд Банким Чандра Хазра "Бид олон хүн цугларуулахгүйн тулд нисгэгчгүй онгоцоос ариун ус цацах ажлыг зохион байгуулсан ч мөргөлчид голд орохыг хүсч байна. Бид тэднийг зогсоож чадахгүй” гэж "Ройтерс" агентлагт ярьжээ.
Жил бүрийн нэгдүгээр сарын 14-нд Макар Санкранти гэх Хинди шашны чухал өдөр мөргөлчид Ганга мөрөн, Бенгалын булангийн бэлчирт усанд орохоор Гангасагар тосгонд очдог. Өнгөрсөн жил ч мөн адил Энэтхэгийн хойд хэсэгт болсон ижил төстэй томоохон шашны наадмын үеэр олон сая хүн цуглаж, дельта халдвар тархах нөхцөл бүрдсэн. Тиймээс эмч нар ихэд санаа зовж, уг баяр наадмыг зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг цуцлах хүсэлт мужийн дээд шүүхэд гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Энэтхэгт нийт 35.88 сая Covid-19 халдвар бүртгэгдсэн нь АНУ-ын дараа орох дэлхийн хамгийн их үзүүлэлт юм. Энэ долоо хоногийн Даваа гаригт нас барсан хүний тоо л гэхэд 277-оор нэмэгдэж нийт нас баралт 484.213 болжээ.
Эх сурвалж: Reuters
М.Гэрэлмаа
Холбоотой мэдээ