Цаг агаар огцом хүйтрэхэд хэн хүнгүй гангалахаас илүүтэй дулаалахыг боддог. Хүйтэн салхи хавирга нэвт үлээж байхад загварлаг харагдана гэдэг хэцүү шүү. Нэгэн үе том размерын зузаан хүрэм загвар муутайд тооцогдож байв. Доогуур нь хэчнээн гайхамшигтай хувцас өмсөөд ч шагай хүрсэн урт, хөвсгөр хүрэм дэгжин харагдах нь юу л бол гэж боддог байсан билээ.
Гэтэл энэ өвөл загварын чиг хандлага өөрчлөгдөж, тав тухтай бөгөөд загварлаг байдлыг нэг дор мэдрэх боломжтой болжээ. Дэлхийн одод үүнийг батлаад эхэллээ. Жишээлбэл, Рианна, Ирина Шэйк, Бэд Банни зэрэг дэлхийн одод санаанд оромгүй өнгө, загвар бүхий хөвсгөр хүрэмүүд сонгожээ. Ийнхүү хөвсгөр хүрэм нэг шат дээш ахив.
Хэдэн жилийн өмнө өндөр зэрэглэлийн загварын тайзан дээр хөвсгөр хүрмүүд харагдаж байсан. “Balenciaga”-гийн 2016 оны намрын коллекцыг та санаж байгаа бол битүү чимэглэлтэй хоолойтой цамцыг улаан хөвсгөр хүрэмтэй хослуулж байв. Гэхдээ өнөөдрийг хүртэл албан ёсны болон спортлог загвар хослуулсан хувцасууд нь өмсөхөөс илүүтэй бэлгэдлийн шинж чанартай байсан билээ. Энэ нь олон тоогоор зарж борлуулах зорилгоор үйлдвэрлэгддэггүй байсан гэсэн үг юм. Харин орчин цагт өдөр тутамдаа өмсөж болох нь гэсэн санааг оддын хувцаслалтаас харж болохоор боллоо.
Нью-Йоркийн гудамжинд дуучин Рианна хиймэл үстэй захтай, хурц тод өнгө хослуулсан хөвсгөр хүрэм өмссөн байсан нь анхаарал татав. Энэ хүрэм дангаараа тэгтлээ анхаарал татахаар эд биш ч Рианна “Balenciaga”-гийн гялгар, урт түрийтэй хослуулснаар донжийг нь олж чаджээ. Харин Ирина Шэйк илүү минимал байдлыг сонгосон байна. Урт бөгөөд өргөн загварын хүрмийг энгийн хар өмд, зөөлөн ултай пүүзтэй хослуулжээ.
Ерөнхийдөө алдартнуудын дунд өнгөний хурц, тод шийдэлтэй хүрмүүд мода болох хандлагатай байна. Тухайлбал, Ким Кардашиан болон Билли Эйлиш нар гүн улаан өнгийн хөвсгөр хүрэм сонгожээ. Бэд Баннигийн хувьд “American music awards”-т ирэхдээ номин ногоон өнгө сонгосон байв. Ингэснээрээ тэр пастел өнгө ч бас улаан хивсний ёслолд тохирдог гэдгийг харуулсан юм.
Реппер Лил Нас Икс “iHeart Jingle Ball” тоглолтын үеэр ягаан өнгийн хүрэм, банзал өмссөн байв. Энэ нь хөвсгөр хүрмийг илүү театрчилсан хэв маягтай болгож өгчээ. Хөвсгөр хүрмийг ер нь юутай ч хослуулж өмсөж болох нь гэсэн санаанууд эндээс харагдаж байна. Ямар ч хувцастай хамт өмссөн энгийн хэв маягийг мэдрүүлэх боломжтой. Цаашлаад илүү дээд зэрэглэлийн чимэг зүүлт сэлттэй хослуулсан ч болох нь. Дараах зургуудаас дэлхийн одод хэрхэн хөвсгөр хүрмээр гангарсныг сонирхоорой.
Эх сурвалж: VOGUE
Холбоотой мэдээ