Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон БОАЖ-ын сайд Н.Уртнасан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тавьсан Улаанбаатарын агаарын бохирдол ямар шалтгаанаар нэмэгдсэн талаарх асуултад хариулахдаа “Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан нь нүүрс” болохыг тодотгоод шахмал түлш хямд тул иргэдийн хэрэглээ хоёр дахин өссөнөөс болсон гэжээ. Захын хүүхэд ч агаарын бохирдлын эхний шалтгаан нүүрс гэж төвөггүйхэн хариулчих байх л даа. Харин түлш хямд болохоор иргэдийн хэрэглээ ихэссэн гэдэг МАН-ынхны бодож олсон “бодлогын хариу”.
Нөгөө “Бодоод, бодоод бодын шийр дөрөв” гэдэг шиг МАН-ынханд үүнээс өөр хэлэх үг, тайлбар олдоогүй бололтой.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Айл өрхүүд мод түлэх нь эрс багассан. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш 1875төгрөг байхад нэг шуудай мод 6-7 мянган төгрөг байна. Үүнээс шалтгаалан гэр хорооллынхон сайжруулсан шахмал түлшээ бүрэн шатаалгүй дахин нэмж ноцолт биш уугилт болгож байна” гэж иргэдийг буруутгажээ. Угаасаа манай дарга нарт буруугүй, буруу бүхэн бусдынх болдог хойно. Тэгээд ч бид хүртэх ёстойгоо хүртэж байна.
Улаанбаатарын агаарын бохидолтой тэмцэх нэрээр маш их мөнгө угаасан. Зуух үйлдвэрлэж, дулаалга хийж, сан байгуулж, жагсаал, суулт зарлаж, нүүрс шуудайлж, түлшээ сайжруулаад ч үр дүнгээ өгсөнгүй. Арга байж уу, утаатай тэмцэх жинхэнэ эрмэлзэл манай улстөрчдөд байхгүй.
Лав хорь орчим жил утаатай тэмцэх нэрээр улсын төсөв, зээл тусламжийн багагүй мөнгийг зарцуулсан, идсэн, уусан. Улсын мөнгө уйлдаггүй, утаа буурдаггүйн ард улстөрчдийн ашиг сонирхол байгаа нь, мөнгө угаах, албан тушаал авах, тендер “хусах” сайхан далим болдог нь хэвийн үзэгдэл болж дээ.
Жишээ нь, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү өдгөө У.Хүрэлсүхийн зөвлөх хийж яваа. Тэр ч бүү хэл “Тавантолгой түлш” компанид ТУЗ-ийн гишүүн. Ингээд харахаад түүний зорилго нь утаа биш байсан нь тодорхой. Энэ мэтээр улстөрчид утаатай тэмцэхээ больсон цагт Улаанбаатарын утаа жинхэнээсээ буурч магадгүй. Түүнээс нааш төрийн мөнгө "ёолохгүй".
Ганцхан статистик дурдахад 2017-2020 оны хооронд Улаанбаатарын утаанд 456 тэрбумыг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс 273.1 тэрбумыг утаанд зарцуулсан бол 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-аас зээлээд Улаанбаатарын агаарын бохирдолд зарцуулсан боловч үр дүн нь өнөөдрийн саарал манан. Нэмээд нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Харамсалтай нь, зарцуулах мөнгөний тоо “томрох”-ын хэрээр Улаанбаатарын агаарын бохирдлын төвшин нэмэгдсээр өдгөө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Уг нь, нэгхэн сая хүн амтай хот шүү дээ. Энэ мөнгөөр гэр хорооллыг барилгажуулсан бол хэчнээн яндан цөөрөх байсан бол.
Гэр хорооллыг барилгажуулах нь Э.Бат-Үүлийн мөрөөдөл байсан юм. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Улаанбаатарыг утаанаас салгах зорилготой. Даанч, 2016 оны орон нутгийн сонгуулиар МАН хотод олонх болсныхоо дараа Су.Батболд гэр хорооллыг барилгажуулах төслийг гацаасан даа.
Монгол Улсын Их сургуулийн Химийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Н.Амгалан itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хоногийн дундаж хэмжээ 2020-2021 оны өвөл Монгол Улсын стандарт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.1-2.7 дахин, ДЭМБ-ын стандарт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20.6-26.6 дахин өндөр байсан”-ыг онцолж.
2020-2021 оны өвлийн утаа өнөөдрийнх шиг өтгөн саарал байгаагүй гэвэл Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-ын стандарт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэд дахин өндөр байгааг хэлэхэд хэцүү. Хамгийн аймаар агаарын бохирдлыг хамгийн том хохирогч нь хүүхдүүд. Тэд хорт хавдар тусах хамгийн эрсдэлтэй бүлэг гээд бод доо. Халамж горьдоод, улс төрийн намуудын угжны хурга болоод явбал утаа буурахгүй. Үнэндээ,“гал их түллээ” гэж МАН-ын дарга нараар загнуулж байгаа нь тавилан юм даа. Тэр тусмаа сонгуулиар саналаа худалддагийн үр дагавар. Мөнгөөр сонголтоо худалдчихаад эргээд эрүүл мэндээ золиод сууж буй иргэдийн буруу нь үнэн шүү дээ. Энэ чинь бидний сонгосон төр. Иймээс эрх баригчдыг биш өөрсдийгөө л буруутгая, иргэдээ. МАН энэ бүхэнд буруугүй, манай төрийн байж байгаа царай л энэ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ