Англи улс 2020 оны тавдугаар сард анх удаа орон даяар Covid-19-ийн хөл хорио тогтоосон билээ. Тухайн үед “Downing street”-д болсон үдэшлэгт ерөнхий сайд Борис Жонсон оролцсон уу гэх асуулт цахим сүлжээгээр тархав.
Ерөнхий сайдын хувийн нарийн бичгийн дарга Мартин Рэйнолдс тавдугаар сарын 20-ны өдөр болсон тус үдэшлэгт уригдсан хэд хэдэн албан тушаалтнууд руу цахим шуудан илгээсэн гэдгийг нэгэн эх сурвалж мэдээлжээ. Уг цахим шуудан ил болсноор Борис Жонсонгийн толгойн өвчин бас нэгээр нэмэгдлээ. Цахим шуудангийн утга нь “Өөр өөрийн уух юмаа авчраарай” уриатай арга хэмжээнд оролцохыг хүссэн байжээ. Ерөнхий сайд уг үдэшлэгт эхнэр Кэрри Жонсоны хамт оролцсон байж болзошгүй гэнэ. Үдэшлэгт 40 гаруй хүн оролцсон байна.
Тухайн үед Covid-19-ийн халдварын дэгдэлтээс сэргийлж олноор цуглахыг хориглоод байсан. Сэтгүүлч Борис Жонсонгоос үдэшлэгт оролцсон эсэхийг асуухад хариулахаас татгалзжээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ бол мөрдөн байцаагчдын л мэдэх асуудал” гэв.
Энэ явдлаас гадна 2020 оны арванхоёрдугаар сард буюу Covid-19-өөр өвчлөгсөд эмнэлэгийн орыг дүүргэж байх үед Борис Жонсон мөн л үдэшлэгт оролцсон гэх шуугиан гарч байв.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ