Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Америкийн мэс засалчид хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгасан талаар өнгөрсөн Даваа гаригт Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны сургуулиас мэдэгдэв. Энэ мэс засал нь эрхтний донорын хомсдолыг арилгах шийдэл байж болох юм.

Өдгөө 57 настай, АНУ-ын иргэн Дэвид Беннетт зүрхний эдгэшгүй өвчтэй аж. Эмч нар өнгөрсөн Даваа гариг (2022.01.10)-т түүнд гурван өдрийн өмнө генийн өөрчлөлттэй гахайн зүрх шилжүүлсэн суулгасан талаар мэдээлжээ.

Өдгөө өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан зүрх хэвийн ажиллаж буй эсэхийг сайтар хянаж байгаа аж. Мэрилэндийн Анагаах ухааны сургуулийн багийн хийсэн энэхүү интервенц нь генийг засварлах шинэ технологийн ачаар гахайн зүрх хүнд шилжүүлэн суулгах боломжтойг харуулсан анхны мэс засал болжээ.

Энэхүү мэс заслыг хийхийн тулд Анагаахын сургууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд АНУ-ын Холбооны эрүүл мэндийн газар (FDA)-аас зөвшөөрөл авчээ. Энэ нь өвчтөн Дэвид Беннеттийн хувьд ч хамгийн сүүлийн "горьдлого" байсан аж.

Мэрилэндийн оршин суугч тэрбээр мэс засал хийхээс нэг өдрийн өмнө "Үхэх, эсвэл амьтны эрхтэн шилжүүлэн суулгах л хоёр зам үлдсэн. Би амьдрахыг хүсч байна. Энэ нь маш хүнд, хэцүү хагалгаа гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ бол миний эцсийн сонголт байлаа" гэж хэлжээ. Сүүлийн хэдэн сарын турш хэвтэрт байсан тэрбээр "Би эрүүл болоод, орноосоо босохыг тэсэн ядан хүлээж байна" гэж нэмж хэлсэн байна.

Өвчтөнд гахайн зүрх шилжүүлэн суулгасан доктор Бартли Гриффит хэлэхдээ “Эрхтний дутагдлын хямралыг шийдвэрлэхэд нэг алхам ойртуулж чадлаа" гэжээ.

Дэвид Беннетт гэр бүлийн хамт

Гахайн зүрх нь хүний зүрхтэй анатомийн хувьд ижил бүтэцтэй. Тиймээс гахай нь хүнд тохиолддог олон өвчлөлийн эмчилгээг боловсруулахад загвар болон ашигладаг.

Дэлхий дахинд 30-аад сая хүн зүрхний дутагдалтай гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байжээ. Үүнээс болж жилд дунджаар 20 орчим сая хүн нас бардаг бөгөөд нийт нас баралтын гурван хүн тутмын нэг нь зүрхний дутагдлаас болж амьсгал хураадаг байна. Генийн сайжруулалт хийсэн гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгадаг болсноор энэхүү өвчлөлтэй тэмцэх ажилд "хувьсгал" авчирна гэж эрдэмтэд үзжээ.

Амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах буюу “ксенотрансплантац” мэс ажилбарыг анх 43 жилийн өмнө буюу 1979 онд Их Британийн мэс засалч Теренс Энглиш амжилттай хийж байжээ.

Эх сурвалж: AFP, FRANCE24, ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж