Улсын Их Хурлын гишүүн асан С.Жавхлан 2021 оны есдүгээр сард "Улс төрөөс гарч, уран бүтээлийн ажилдаа эргэн орно. Миний 30 дуутай цомог удахгүй худалдаанд гарна" гэж ярьж байв. Түүний хувьд төв талбайд УИХ-ыг тарахыг шаардан суулт зарлаж “Шаардлагатай гэвэл өлсгөлөн зарлахад бэлэн" байгаагаа мэдэгдсэн удаатай.
Тэгвэл улс төр хөөсөн С.Жавхлан урлагтаа буцаж иржээ. Тэрбээр өнөөдөр /2021.01.11/ С.Жавхлан нэртэй тоглолтоо хийхээр болсноо зарлаад “Өнгөрсөн хугацаанд миний бие тааруу байлаа. Монголын ард түмний тус дэмээр хүнд өдрүүдийн ард гарч, эргэж хөл дээрээ бослоо. Уг нь нэгдүгээр сарын 17-ноос эхлэн нэгдүгээр сарын 28-ныг хүртэл “С.Жавхлан” нэртэй тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар төлөвлөж байлаа. Гэвч омикрон халдварын улмаас олон өдөр биш нэг л өдөр хийхээр болсон” гэдгээ дуулгав.
Дашрамд дурдахад, С.Жавхлан 2021 оны есдүгээр сард АН-ын хэрүүл, тэмцлээс залхан намын гишүүнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Түүний хувьд 2020 оны тавдугаар сарын 14-нд АН-д элсч байв. Тухайн үед С.Жавхлан “Өнөөдөр ес дэх гишүүн болж, АН-ыг бүтэн болгож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа дуу хоолой маань хүрэхгүй байлаа. Өөрийнхөө үзэл санааг Монгол Улс даяар хүргэх вэ гэж хичээсэн ч бүгдэд хүрээгүй. Тиймээс олуулаа болж, хонхны дуу дуугаргаж, хөх тэнгэр шигээ монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй” гэж мэдэгдэж байлаа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ