Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) өнгөрсөн онд дэлхийн нүүрсний хэрэглээ ойрын гурван жилдээ буурахгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд шаардагдаж буй цахилгаан эрчим хүчний асар их эрэлтийг хий, салхи ба нарны эрчим хүчний салбар хангаж дийлэхгүй байгаа юм.
Хэдийгээр улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхийн тулд хийн хаягдлаа бууруулах амлалт өгсөн ч хүлэмжийн хий ялгаруулдаг гол эх үүсвэр, хамгийн бохир түлш хэмээн ад үзэгддэг нүүрсний эрэлт хэрэгцээ эрчим хүчний салбарт эрс нэмэгдэж байна. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа нүүрсний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ сэдвийг онцоллоо.
Нүүрсний хэрэглээ дахин сэргэсэн нь ногоон эрчим хүчинд сайнаар нөлөөлөх магадлалтай. Хэдийгээр байгаль хамгаалагчид эсэргүүцсээр байгаа ч дэлхий даяараа нүүрс дахин түлж эхэлснийг ВВС онцолсон билээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг 2021 онд цахилгаан эрчим хүчний эрэлттэй зэрэгцээд байгалийн хийн үнэ огцом өссөн нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 9 хувиар өсөх гол шалтгаан болсон гэж дүгнэжээ.
Өнгөрсөн оны сүүлийн сарын байдлаар Европт салхи багатай, сэрүүхэн, байгалийн хийн хомсдол үүссэн, Францын АЦС-уудад хийж буй засварын ажил сунжирсан зэрэг шалтгааны улмаас байдал бүр дордсон. Дипломат сөргөлдөөний улмаас Австралиас нүүрс худалдан авахаа больсон хятадууд түр хаагаад байсан уурхайнуудаа бүрэн хүчин чадлаар нь дахин ажиллуулж эхэлсэн билээ. Үнэ өсч, тээвэрлэлтэд саатсанаар нийлүүлэлтийн тасалдлыг богино хугацаанд нөхөх боломжгүйд хүрсэн.
Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхий даяар нүүрснээс богино хугацаанд ангижрах боломжгүйг тэмдэглээд, 2022 онд өнгөрсөн онтой харьцуулахад 1.5 хувиар илүү нүүрс шатаах төлөвтэй байгааг онцлов.
Тус агентлаг жил тутмын тайландаа “Дэлхий даяар нүүрсний хэрэглээ 2022 онд урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрч, 2024 оны эцэс хүртэл хэвээр хадгалагдана” гэж дурджээ. Энэ нь олборлолт, экспортоо эрс нэмэгдүүлж буй ОХУ-ын хувьд сайн мэдээ аж. IEA-гийн таамаглалаар тус улсын нүүрсний олборлолт 2024 он гэхэд 2,8 хувиар өсч, Оросын эрх баригчдын стратеги төлөвлөгөөнд тусгаснаар, экспортын хэмжээ ирэх 15 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэх нь.
Нүүрсний хэрэглээ өсч, байгалийн хийн үнэ дээд түвшинд хүрсэн нь эрчим хүчний салбарын ногоон хувьсгалыг хурдасгах шалтгаан болж байна. Учир нь, нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг ажиллуулахын тулд Европын эрчим хүчний компаниуд хүлэмжийн хийн хаягдлын квот гэдэг зүйлийг худалдан авах ёстой. Хэр их хаягдал ялгаруулна тэр хэрээр квот үнэтэй байх юм. Европын Холбоо ийм арга хэрэглэж, аж үйлдвэр, эрчим хүчний салбаруудыг экологид ээлтэй ногоон технологид шилжүүлэх зорилго тавьжээ.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, нэг тонн нүүрсний үнэ гурван оронтой тоо руу дөхөж, улмаар 200 еврод хүрч магадгүй аж.
Дэлхийн нүүрсний хэрэглээний 2/3 нь оногддог Хятад, Энэтхэг хоёр нүүрсний хамгийн том хэрэглэгчид юм. IEA-гийн хийсэн тооцооллоор, дэлхий даяар олборлож буй нүүрсний тал хувийг хэрэглэдэг Хятадад ойрын гурван жилийн хугацаанд эрэлт жилд 1 хувиар, Энэтхэгт 2024 он хүртэл жилд 4 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийлээд бараг 3 тэрбум хүн амтай энэ хоёр улс нүүрсэнд суурилсан эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох нь.
IEA дүгнэлтдээ “Хорт хийн хаягдлыг бууруулахаар төлөвлөсөн зорилтдоо хүрэхийн тулд Хятад, Энэтхэг хоёр хэр хурдан, хэр үр дүнтэй ажиллах вэ гэдгээс нүүрсний салбарын хувь заяа хамаарна” гэж дурджээ. Хоёр улс “Хийн хаягдлыг бууруулж, ирээдүйд нүүрснээс бүрмөсөн татгалзана” гэж амласан ч тодорхой хугацаа заагаагүй билээ.
Хөгжиж буй орнуудын хувьд ногоон хувьсгалын өртгийг өндөр хөгжилтэй улсууд төлөх ёстой. Учир нь, тэдний хуримтлуулсан хаягдал өнөөгийн уур амьсгалын дулаарлын уг шалтгаан болж байгаа бөгөөд аж үйлдвэрийн хувьсгалын үед ямар нэгэн хязгаарлалтгүй байгаагүй учраас тэдгээр улс баяжиж хөлжсөн гэж үзэж буйгаа илэрхийлдэг. IEA-гийн тооцоолсноор, энэ онд Европ ба АНУ-д нүүрс “мода”-наас гарах төлөвтэй байгаа аж.
Манай урд хөрш Хятад улсад нүүрсний импорт хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.
Тус улсын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн байна. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1 хувиар тус тус өсчээ.
Хангалттай нөөц базаах бодлоготой холбоотойгоор нүүрсний импорт нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын станцуудын нүүрсний нөөц ч дээд хэмжээнд хүрсэн байна.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо 2022 онд эрчим хүчний нүүрсний үнийг 550-850 юань/тонн-д (86-133 ам.доллар) барихаар төлөвлөж, дотоодын уурхай, цахилгаан станцуудын төлөөлөлд танилцуулав. Өөрөөр хэлбэл, энэ онд эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 700 юань/тонн-д хэлбэлзэхээр байгаа нь уурхайн компаниудад харьцангуй боломжит ханш болохыг шинжээчид онцолж буй юм.
Монгол Улс 2021 онд нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45 хувиар буурсан үзүүлэлт боловч орлогын дүн нь 30 хувиар өсч, 2.76 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Сарын дүнгээр авч үзвэл, манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сард 541 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх сарынхаас даруй 68 хувиар буурсан дүн юм.
Эрчим хүчний хувьд нүүрснээс хамгийн их хамааралтай 10 улс
Эх сурвалж: BBC, SXCOAL, BLOOMBERG, WORLDATLAS
Холбоотой мэдээ