Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж буй. Түүний хэвлэн нийтлэх эрх одоог хүртэл хаалттай хэвээр байна.
Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодруулахад “Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан хэвээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Одоогоор хариу ирээгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагаагүй амаар болон эрх бүхий албан тушаалтны бичгээр гаргасан шийдвэр хуульд нийцэх ёстой. Гэтэл хуульд нийцээгүй зүйл болсон. Хүний өөрийн үндсэн жам ёсны эрх буюу хэвлэн нийтлэх эрх чөлөөг шахан боогдуулсан, үзэл санааны хоригдол болгосон, давхар ялласан хэрэг болж байна. Угтаа шүүхийн шийдвэр гүйтгэх газрын 409 дүгээр ангид дамжин өнгөрөх, шүүхийн шийдвэр нь эцэслэн гараагүй, ялтан биш хүмүүс байдаг.
Гэтэл Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож, үндсэн эрхэнд нь халдаж байна.
Зөвхөн Э.Бат-Үүл дээр ийм зүйл болж байна. Өмнө нь хүмүүс захидал, харилцаагаа бичээд өмгөөлөгчөөрөө дамжуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байлаа. Би өнгөрсөн долоо хоногт очиж уулзсан. Одоогоор нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Үзэг, цаас нийлүүлэх эрхийг нь хорьж байна гэдэг хорих ангийн удирдлага хүний эрхийн маш ноцтой зөрчил гаргаж байна" гэв.
Э.Бат-Үүл 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хорих ангиас захидал бичсэн. Тэрбээр захиандаа "АН-ын гишүүдэд шуналт олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө намаа нэгтгэхийг уриалсан" байдаг.
Холбоотой мэдээ