Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

"Бодлогын хүүг нэмнэ"

"Бодлогын хүүг нэмнэ"

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:

-2022 онд эдийн засгийн өмнө тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь инфляци. Дэлхийн төв банкууд инфляцийн улмаас бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авах талаар ярьж байна. Зарим улс орон дээрх арга хэмжээг аваад эхэлсэн. Үнийн өсөлт ард иргэдийн бодит орлогыг залгиж ядуурал руу түлхдэг. Үүн дээр Монголбанк ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх вэ. Бодлогын хүүг бага дээр барина гэдэг нь өөрөө 2022 оны инфляцийг бууруулах гэсэн бодлоготой хэр нийцэх вэ. Инфляци 2022 онд толгойн өвчин болно шүү. Бодлогын хүү өсөх нь эдийн засгийн онолын хувьд зөв хэдий ч хүмүүст таалагдах шийдвэр биш. Зээлийн хүүг буулгах, бага байлгана гэдэг нь популист шийдвэр. Мэдээж олон хүнд таалагдана. Гэхдээ гарах үр дагавар нь хүнд. Эргээд бүгд төлдөг.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд инфляци 10 хувьтай байна. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр хувиар давсан. Төв банкны зүгээс инфляци үүссэн шалтгааны талаарх нарийн судалгааг бусад байгууллагатай хамтран хийж байна. 10 хувийн инфляцийн дотор хүнсний болон хүнсний бус гэж хоёр бүлэглэхэд хүнснийх нь 19.1 хувь, хүнсний бус инфляци нь 6.6 хувьтай байна. Үүнийг дундажлахад 10 хувьтай байна. Хүнсний бус инфляци дотроо хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь шатахуун. Нийт 10 хувийн инфляци дотор дангаараа хоёр нэгж хувийг эзэлж байна. Инфляци нийлүүлэлтийн шинжтэй буюу тээвэрлэлтээс шалтгаалж байгаа учраас мөнгөний бодлогоор хариу арга хэмжээ авахад түвэгтэй байна. Монголбанкны зүгээс 2021 оны дөрөвдүгээр улиралд бодлогын хүүгээ өсгөх эсэх дээр ярилцаад 2022 оны нэгдүгээр улирлын байдлыг харж байгаад шийдвэрээ гаргахаар болсон. Ер нь өнөөдрийн нөхцөл байдлаас харахад бодлогын хүүг нэмэх шийдвэр гарахаар байна. 2020 онд эдийн засаг дөнгөж сэргэсэн. Эдийн засаг сэргэж байх үед нь бодлогын хүүг өсгөх нь тодорхой хэмжээгээр сэргэлтийг саармагжуулж өсөлтийг зогсоох сөрөг үр дагавартай байсан учраас бодлогын хүүг өсгөөгүй. 2020 онд Монгол Улсын эдийн засаг 4.3 хувиар агшсан бол 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:

-Зээлийн жигнэсэн дундаж хүү нь буурсан байна. Үүн дотроо цалин болон хэрэглээний зээлийн дундаж хүү нь хэд байгаа вэ. Иргэд зээлийн хүү буураагүй гэж шүүмжилж байгаа. Жигнэсэн дундаж хүүг тооцоолохдоо ипотекийн зээлийн багц орсон уу. Ороогүй бол дундаж хүү нь хэдтэй байна вэ. Хоёрдугаарт 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд шинэ зээл гэхээс илүүтэй өмнө гаргасан харилцагчдын зээлийг дахин санхүүжүүлсэн хэмжээ нь ямар түвшинд байна вэ?

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Зээлийн дундаж хүү 14.5 байна. Хөтөлбөрийн зээл буюу ипотек, 10 их наядын хөтөлбөрийн зээлийг оруулах юм бол 13.8 хувьтай байна. 2020 оны наймдугаар сард буюу стратеги баталж байх үед цалингийн зээлийн дундаж хүү 17 байсан бол өнөөдрийн байдлаар 14 байна. Гурван нэгжээр буурсан. Ерөнхийдөө зээлийн дундаж хүү буураад явж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.ГАНБААТАР:

– Бизнесийн зээл анх удаагаа авч байгаа тохиолдолд хүү хэд байгаа вэ?

МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:

-Бизнесийн зээлийн хувьд иргэдийн зээлээс илүү тухайн банкиндаа ашигтай бол нөгөө талдаа шаардлага өндөр. Гэхдээ эргэлтийн зээлийн хувьд ойролцоогоор дунджаар 15 хувьтай буюу банкууд өөрсдийн чадамжаас хамаарч сарын 1.4 хувийн хүүтэй байна. Банкууд эргэлтийн зээлээ олохдоо тухайн харилцагч байгууллагуудад зээлийн бодлогоо ТУЗ-ийн хурлаар батлуулдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:

-10 их наядын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд нийт гаргасан эх үүсвэрийн хэдэн хувийг дахин санхүүжүүлэхэд зориулсан бэ. Үүнээс гадна нийгэм д зээлийн хүртээмж муу байна гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, банкууд олон жил харилцсан харилцагчдаа дэмжээд шинээр зээл авах хүсэлт гаргасан иргэдийг төдийлөн дэмжихгүй байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-2020 онд дотоодод цар тахал бүртгэгдэхэд Монголбанк бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зээл болон хүүгийн дарамтыг чөлөөлөхөд анхаарсан. Тухайн хугацаанд 4317 зээлдэгч зээлдээ бүтцийн өөрчлөлт хийсэн. Харин дахин санхүүжилтийн хүрээнд 271 тэрбум төгрөгийг зарцуулсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ:
-Оны эцэс гэхэд валютын нөөц, валютын ханш хэд байхаар төсөөлж байна вэ. Төв банк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй. Мөнгөний бодлогын хүүг өсгөх шиг амархан зүйл байхгүй. Монголбанк хуралдаад л шийдчих асуудал. Гэхдээ Монголбанк инфляцийг бууруулахын тулд Засгийн газартай хамтран ямар шийдлийг хайж байна вэ. Цаашдаа агаарын тээврээр гарах боломжтой экспортын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тал дээр судалгаа хийж байна уу. Хятад гэхэд газрын ховор металь дээрээ хатуу хяналт тавьчихлаа. Харин манайх цэвэр зэсийн гулдмайг агаарын тээврээр гаргах боломжтой. Гэтэл өнөөдөр "МИАТ" компани 60 тэрбумын алдагдал хүлээгээд сууж байна. Иргэний агаарын тээврийг давхар хөгжүүлэхгүй бол зөвхөн төмөр замын боомт, авто тээврийн боомтыг харж сууснаар экспортын орлого улам хумигдах шинжтэй. Цар тахал хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй шүү дээ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:
-2020 оны сүүлийн хагасаас эхлэн валютын ханш нэг түвшинд хадгалагдаж байна. 2020 оны эхэнд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байсан бол 2021 оны эхэнд 4.5 тэрбум ам.долларт хүрсэн. 2021 оны зургадугаар сард таван тэрбум ам.долларын босгыг давах шахсан. Гэвч хилийн гацаанаас шалтгаалж экспортлох бүтээгдэхүүнээ ч гаргаж чадахгүй байдалд орчхоод байна. Хилийн боомтын тоо, хүчин чадлыг нэмэх талаар Засгийн газартай зөвлөлдсөн. Санхүүжилтийн асуудлыг Хөгжлийн банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл буюу бодлогын хүүгийн түвшинд эх үүсвэр гаргах боломжийн талаар судалж байна. Мөн боомтын тэг цэгээс ачаа барааг хүний оролцоогүйгээр татахад хамтарч ажиллахад бэлэн байна гэх хүсэлтээ тавьсан. Энэ хүрээнд сртатегийн бүтээгдэхүүн буюу нефтийн бүтээгдэхүүний 45 хоногийн нөөц бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авч байна. Мөн эрчим хүчний салбарт гэхэд гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын хэвийн ажиллагааг хангах, бусад дулааны цахилгаан станцуудыг нэмэхэд бодлогын хүүгийн түвшинд эх үүсвэрийг гаргах боломжтой. Банкуудыг орох боломжоор хангана. Алттай уусган баяжуулдаг химийн хольцууд орж ирэхгүй байгаа учраас алтны худалдан авах хэмжээ өмнөх оноос хоёр тонноор бууурсан. Энэ нь өөрөө түүхий эд дутагдаж байгааг харуулж байна.

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2021.01.11/ хуралдана. Хуралдаанаар:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж