УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:
-2022 онд эдийн засгийн өмнө тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь инфляци. Дэлхийн төв банкууд инфляцийн улмаас бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авах талаар ярьж байна. Зарим улс орон дээрх арга хэмжээг аваад эхэлсэн. Үнийн өсөлт ард иргэдийн бодит орлогыг залгиж ядуурал руу түлхдэг. Үүн дээр Монголбанк ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх вэ. Бодлогын хүүг бага дээр барина гэдэг нь өөрөө 2022 оны инфляцийг бууруулах гэсэн бодлоготой хэр нийцэх вэ. Инфляци 2022 онд толгойн өвчин болно шүү. Бодлогын хүү өсөх нь эдийн засгийн онолын хувьд зөв хэдий ч хүмүүст таалагдах шийдвэр биш. Зээлийн хүүг буулгах, бага байлгана гэдэг нь популист шийдвэр. Мэдээж олон хүнд таалагдана. Гэхдээ гарах үр дагавар нь хүнд. Эргээд бүгд төлдөг.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:
-Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд инфляци 10 хувьтай байна. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр хувиар давсан. Төв банкны зүгээс инфляци үүссэн шалтгааны талаарх нарийн судалгааг бусад байгууллагатай хамтран хийж байна. 10 хувийн инфляцийн дотор хүнсний болон хүнсний бус гэж хоёр бүлэглэхэд хүнснийх нь 19.1 хувь, хүнсний бус инфляци нь 6.6 хувьтай байна. Үүнийг дундажлахад 10 хувьтай байна. Хүнсний бус инфляци дотроо хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь шатахуун. Нийт 10 хувийн инфляци дотор дангаараа хоёр нэгж хувийг эзэлж байна. Инфляци нийлүүлэлтийн шинжтэй буюу тээвэрлэлтээс шалтгаалж байгаа учраас мөнгөний бодлогоор хариу арга хэмжээ авахад түвэгтэй байна. Монголбанкны зүгээс 2021 оны дөрөвдүгээр улиралд бодлогын хүүгээ өсгөх эсэх дээр ярилцаад 2022 оны нэгдүгээр улирлын байдлыг харж байгаад шийдвэрээ гаргахаар болсон. Ер нь өнөөдрийн нөхцөл байдлаас харахад бодлогын хүүг нэмэх шийдвэр гарахаар байна. 2020 онд эдийн засаг дөнгөж сэргэсэн. Эдийн засаг сэргэж байх үед нь бодлогын хүүг өсгөх нь тодорхой хэмжээгээр сэргэлтийг саармагжуулж өсөлтийг зогсоох сөрөг үр дагавартай байсан учраас бодлогын хүүг өсгөөгүй. 2020 онд Монгол Улсын эдийн засаг 4.3 хувиар агшсан бол 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:
-Зээлийн жигнэсэн дундаж хүү нь буурсан байна. Үүн дотроо цалин болон хэрэглээний зээлийн дундаж хүү нь хэд байгаа вэ. Иргэд зээлийн хүү буураагүй гэж шүүмжилж байгаа. Жигнэсэн дундаж хүүг тооцоолохдоо ипотекийн зээлийн багц орсон уу. Ороогүй бол дундаж хүү нь хэдтэй байна вэ. Хоёрдугаарт 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд шинэ зээл гэхээс илүүтэй өмнө гаргасан харилцагчдын зээлийг дахин санхүүжүүлсэн хэмжээ нь ямар түвшинд байна вэ?
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:
-Зээлийн дундаж хүү 14.5 байна. Хөтөлбөрийн зээл буюу ипотек, 10 их наядын хөтөлбөрийн зээлийг оруулах юм бол 13.8 хувьтай байна. 2020 оны наймдугаар сард буюу стратеги баталж байх үед цалингийн зээлийн дундаж хүү 17 байсан бол өнөөдрийн байдлаар 14 байна. Гурван нэгжээр буурсан. Ерөнхийдөө зээлийн дундаж хүү буураад явж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.ГАНБААТАР:
– Бизнесийн зээл анх удаагаа авч байгаа тохиолдолд хүү хэд байгаа вэ?
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Бизнесийн зээлийн хувьд иргэдийн зээлээс илүү тухайн банкиндаа ашигтай бол нөгөө талдаа шаардлага өндөр. Гэхдээ эргэлтийн зээлийн хувьд ойролцоогоор дунджаар 15 хувьтай буюу банкууд өөрсдийн чадамжаас хамаарч сарын 1.4 хувийн хүүтэй байна. Банкууд эргэлтийн зээлээ олохдоо тухайн харилцагч байгууллагуудад зээлийн бодлогоо ТУЗ-ийн хурлаар батлуулдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:
-10 их наядын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд нийт гаргасан эх үүсвэрийн хэдэн хувийг дахин санхүүжүүлэхэд зориулсан бэ. Үүнээс гадна нийгэм д зээлийн хүртээмж муу байна гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, банкууд олон жил харилцсан харилцагчдаа дэмжээд шинээр зээл авах хүсэлт гаргасан иргэдийг төдийлөн дэмжихгүй байна.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:
-2020 онд дотоодод цар тахал бүртгэгдэхэд Монголбанк бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зээл болон хүүгийн дарамтыг чөлөөлөхөд анхаарсан. Тухайн хугацаанд 4317 зээлдэгч зээлдээ бүтцийн өөрчлөлт хийсэн. Харин дахин санхүүжилтийн хүрээнд 271 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2021.01.11/ хуралдана. Хуралдаанаар:
- Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцах,
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны тайлан болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2021.12.28-ны өдөр ирүүлсэн, хаалттай
- · Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Бусад асуудлыг хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ