Ардчилсан намын хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.
-Ардчилсан намын тамга, тэмдгийн маргаан эцэслэгдлээ гэж өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ мэдээлсэн. Тэгэхээр намын тамгыг хэн төлөөлөх эрхтэй болсон гэсэн үг үү?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар Ц.Туваан тэргүүтэй нөхөрт хэрэглэж буй тамгыг хүчингүй болгосон юм. Хүчингүй болгосон төрийн шийдвэрийг эсэргүүцэж, Ц.Туваан нарын хүмүүс шүүхэд гомдол гаргасан. Миний бие шүүхэд гурав дахь этгээдийг төлөөлж оролцсон. Ц.Тувааны талынхан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгох эсэх талаар шүүхийн шийдвэр гартал С.Эрдэнэд хэрэглэж буй тамгыг түдгэлзүүлж өгөөч ээ” гэсэн хүсэлт гаргасан байсан. Шүүх “АН бол нэг тамгатай юм байна. Хэрвээ та нарын хүсээд буй хүсэлтийг хангачих юм бол АН тамгагүй болно. Тэгэхээр намын үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор энэ тамгыг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй” гэсэн юм. Би улстөрч гэхээс илүүтэй хуульч хүн. Тэгэхээр миний гаргаж буй тайлбар, нотолгоо хуулийн хүрээнд байх ёстой. Шүүх захирамж гаргахдаа дээрх хоёр зүйлийн аль, алиныг нь хэрэгсэхгүй болголоо. Тэгэхээр уг захирамжийг давж заалдаж болно, үгүй ч байж болно. Хэрвээ “давна” гэвэл маргаан үргэлжлээд явна. Гурав дахь этгээд гэгдэж буй С.Эрдэнэ талаас давж заалдахгүйгээр шүүх хурлыг дуусгах хүсэлтэй байгаа. Харин нөгөө талынхан бол давна гэдгээ шүүх хуралд мэдэгдсэн. Бид гайхаж байна. Ямар үндэслэлээр давж заалдах гээд байгаа юм бол гэдгийг.
-АН-ыг эвлэрч нэгдээсэй гэсэн хүлээлт нийгэмд байдаг. Гэтэл та нар хоёр тийшээ харсан хэвээр. Яагаад эвлэрч нэгдэж болохгүй байгаа юм бэ, шалтгаан нь юу байна?
-Маш товчхон хэлэхэд, АН улсын бүртгэлд зөвшөөрөлтэй, тамга тэмдэгтэй, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нам байжээ. Тэгсэн сонгуульд ялагджээ. АН-ын дүрэмд сонгуульд ялагдсан бол бүх удирдлагууд төдийгүй ҮБХ гишүүд бүгдээрээ огцроод Их хурлаа хуралдуулж, шинэ удирдлагуудаа сонгохоор заасан. Тэгээд АН-ын дарга байсан С.Эрдэнэ тамгаа өгөөд намаа шинэчлээрэй гэж захиад явсан. Гэтэл Ц.Туваан намаа шинэчлэх ажлыг хийхгүй, шууд дүрэм өөрчилнө гэсэн. Үнэндээ шинэчилсэн, шинээр сонгогдсон баг дүрэм өөрчлөх ёстой болохоос огцорсон хүмүүс өөрчлөх ёсгүй. Тиймээс “дүрэм өөрчилж байгаа нь буруу байна. Тэгвэл бид шинэчилье” гээд М.Тулгатыг даргаар сонгочихсон. Гэтэл нөгөөдүүл “Та нар шинэчлэх ёсгүй. Бид шинэчилнэ. Бид дарга сонгоно” гээд гүйгээд байгаа юм. Манай намд ийм л зүйл болж байна. Эхлээд шинэчилье, хүмүүсээ солъё гэдэг зарчим үйлчлэх ёстой. Шинэчлэхийн тулд тамга хэрэгтэй биз дээ. Тамгыг шинээр авъя гэхээр наад тамгыг чинь зөвшөөрөхгүй гээд гацаа үүсгэчихлээ. Тэд Захиргааны шүүхэд гацаа үүсгэн, давж заалдан цаг хожиж байгааг улс төрийн зорилготой гэж харж байна. Энийг зориуд гэхээс өөр арга байхгүй.
Дүрмээрээ бол хуучин байсан хүн нь шинэчлэлийг эхлүүлээд сунгаа хийгээд гарсан хүнд нь ажлаа хүлээлгэж өгдөг хуультай. Хуучин байсан хүн нь хэн бэ гэвэл С.Эрдэнэ. С.Эрдэнэ дарга сунгаа хийчихсэн, хүнээ сонгоод явъя гэсэн.
-Тэгвэл М.Тулгатын нэрийг Улсын дээд шүүхээс яагаад эргүүлэн татсан юм бэ?
-Би яагаад татсаныг нь мэдээгүй. Тайлбарыг нь сонсоход зарим нэг бичиг бүрдүүлэлт дутуу байсан, засаад дахиад өгч болно гэж ойлгосон.
-О.Цогтгэрэлийн АН-ынхан өнгөрсөн онд Онц их хурлаа хийснийг та санаж байгаа байх. Онц их хурлаар намын даргаа сонгож, маргаанд цэг тавьсан гэж мэдээлж байсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Намын их хурал хийлээ гэсэн, зорилго зөвхөн дарга л томилох байсан уу. Намын дүрэмд намын Их хурал хийх гэж байгаа бол өрсөлдөөд гараад ирсэн даргыг баталгаажуулах зорилготой байдаг. Гэтэл асуудал нь өрсөлдөөн хаана болсон бэ гэдэгт байгаа юм. Дүрмээ харах юм бол намын дарга сунгаа зарлаж, өрсөлдөөд гарсан хүнийг батламжилна. Өөрөөр хэлбэл, хуучин дарга сунгаа зарлах дүрэмтэйшүү дээ. Хуучин дарга нь хэн байсан юм С.Эрдэнэ шүү дээ. С.Эрдэнэ дараагийн даргын сунгаа хийхээр тэрийг зөвшөөрөхгүй. Хуучин огцорсон хүмүүс суугаад хурал хийгээд байж болохгүй биз дээ.
-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулна гэж О.Цогтгэрэл мэдэгдсэн. Нэг ёсондоо АН-ын бүлэг ахиад хоёр хуваагдчихаж байгаа юм уу?
-Д.Ганбат даргын хувьд их тодорхой. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд байдагчлан “Сонгуулийн үр дүнгээр ялсан нам Засгийн газар байгуулна, сонгуулийн дүнгээр найман суудал авсан нам бүлэг байгуулна, хэрэв эвслээр орвол эвсэл” гэж заадаг. Тэгэхээр нам бүлэг байгуулах нь тодорхой байна шүү дээ. Гишүүдийн бүлэг биш. Намаас байгуулсан бүлэг байхгүй юу. Тиймээс намаас нэрийг нь УИХ-ын даргад санал болгодог. Жишээ нь Д.Тогтохсүрэнг МАН-ынхан Удирдах зөвлөлөөр оруулаад шийдэж байна. Өнөөдөр эсрэгээрээ бид нар энийг огцруулна, шинээр бүлэг байгуулна гэж ярьж болохгүй.
-УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр жил үлдлээ. АН энэ байдлаараа явбал дахин өвдөг шороодох вий. Цаашдаа АН яах вэ?
– АН-ын хамгийн том алдаа бол доторх асуудал, хэрүүлээ олон нийтэд ил болгодог юм. АН-ынхан сонгуулиас өмнө хоёр асуудал шийдэх ёстой.
Нэгдүгээрт, энэ мэт хэрүүлээ УИХ-ын чуулган дээр олдсон хэдхэн минутад ярихгүй байх ёстой. Сөрөг хүчин гэдэг төрийн ордон доторх хүмүүсийг хэлдэг. Хоёрдугаарт, ойлголцъё гэвэл хуулийн гаргалгаанд нэгдээч ээ. Хуульчид нь хүрч ирээд нэг байр суурьтай болооч ээ.
-О.Цогтгэрэлийн талаас М.Тулгатыг дэд даргаар ажиллахыг урьж, хэрүүл маргаандаа цэг тавья гэж байсан шүү дээ?
-Нэгдүгээрт урих эрх бүхий субъект биш. Хэн нэгэн манай гэрийг цэвэрлээд цалин ав гэвэл гүйж очоод байж болохгүй биз дээ. Хоёрдугаарт, нь хоёр тал нэгэн байдлаар мэдэгдэл хийхгүй гэж тохирсон гэсэн. Гэтэл О.Цогтгэрэлийн тал манай хэдийг хулхидчихсан юм билээ. Тэрийг би өнөөдөр хэвлэлээс мэдлээ. Би аль болох хэрүүл хиймээргүй байна. Би өмнө нь УИХ-д байхдаа найман жил эрх баригчидтай хэрэлдээд, бас болоогүй Н.Энхбаяр намаа хувийн өмч шиг зарах гээд байхаар нь хэрэлдээд, одоо АН-ын хэрүүл.
Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг учраас “Ц.Туваанаа болио, та нар надаас ирж зөвлөгөө ав зөв, чигт нь оруулъя” гэж хэлж байсан. Хэн ч хүлээж аваагүй, эцэст ингээд хоёр тийшээ хараад суучихлаа.
-АН-ын өнөөдрийн хэрүүл маргаанд хэн буруутай гэж та харж байна вэ. Нэр цохоод хэлэх боломж бий юу?
-Ухаантай нь буруутай гэж үг байдаг. Гэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр би фэйсбүүктээ пост хийсэн юм байна. Тэнд “Манай Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний эв нэгдлийг хангахад санаа тавьдаггүй, харин МАН-ын эв нэгдэлд илүү санаа тавьдаг” гэж бичсэнийг нүүр ном сануулж байна л даа. Гурван жилийн дараа Х.Баттулга гэдэг хүн хэний зөвлөх болсон байна вэ. МАН-ын даргын зөвлөх болсон байгаа биз дээ.
Х.Баттулгад хамааралтай хүмүүс өнөөдөр намаа эвдрэлцүүлээд яваад байгаа юм. Үнэндээ МАН-ын даргын зөвлөх хийж байгаа хүний барьцаанд байгаа хүмүүстэй юу ярих юм. Яаж эвлэрч ойлголцох юм.
Хэний буруу вэ гэдгийг би гурван жилийн өмнө намын гишүүн байгаагүй хэрнээ хэлж байсан. Намыг эрх мэдэлд хүрэх гишгүүр гэж харах нэгэн байхад зарим нь эрүүгийн хэргээс хамгаалагдах, бүлэглэлийн сав гэж хардаг. Цөөн хэд нь ард түмний асуудлыг шийдэх ёстой гэж харж байна.
-Таныхаар АН хэрхэн шинэчлэгдэх ёстой юм бэ?
-Би улс төрийн асуудал хариуцсан хүн биш, хууль зүйн талаас нь танд тайлбараа өгчихлөө. Яаж шинэчлэгдэх тал дээр миний хувьд толгойн өвчин болгох шаардлагагүй. Өнөөдөр УИХ-д 62 гишүүн дураараа авирлаж байна. Хүүхдийн фонд нэрээр мөнгө босгож, хоёр тэрбумаар хөшөө бариад маргааш нь нурааж байна. Үүнийг би биш төрийн ордонд байгаа гишүүд ярих ёстой. Нам яаж шинэчлэгдэх ёстой вэ биш, сөрөг хүчинг яаж бий болгох ёстой вэ гэдэгт гэдэгт санаа зовох ёстой. Танай гэр ядуу байгаа эсэх биш, танд эрүүл мэнд эрх чөлөө хэрэгтэй. Түүн шиг улс оронд байгаа тулгамдсан асуудалд анхаарах цаг болсон. Энэ чигээр нь байвал дараагийн улс төрийн нүүдэл хийхээс өөр гарц гарахгүй байх.
Холбоотой мэдээ