Омикроны давалгаа сурагчдын амралтыг дахин сунгах "шалтаг" болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Омикроны давалгаа сурагчдын амралтыг дахин сунгах "шалтаг" болох уу?

Омикроны давалгаа сурагчдын амралтыг дахин сунгах "шалтаг" болох уу?

Цар тахлын шинэ хувилбарын давалгаа дахин тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэв. Covid-19-ийн шинэ хувилбар омикроны тархалтаас улс орнууд болгоомжилж хилийн хязгаарлалтаа чангаруулж эхэлсэн нь үүний дохио. Улмаар хөл хорих асуудал ч дахин сөхөгдөв. Өнөөдрийн байдлаар дэлхийн 145 улсад тархсан омикрон хувилбарын давалгаа Монгол Улсын хаалгыг тогшив. Тодруулбал, цар тахлын дөрөв дэх давалгааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр дэгдэх магадлалтайг эрдэмтэд тооцоолжээ.

Ялангуяа, цагаан сарын баярын дараа сурагчдын амралт дуусч, хичээл эхлэх үе. Гэтэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дахин хөл хорьж, хүүхдүүд гэрээсээ хичээллэхийг ч үгүйсгэхгүй.  Ямартай ч  сургуулийн үйл ажиллагааг  цагаан сарын баярын дараа эхлүүлэх бололтой.

Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Халдварын давалгаа хоёр долоо хоногийн дараа ямар байхыг хэлж мэдэхгүй. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл орно.

Харин дараа нь 2-3 долоо хоногт омикроны давалгаа, өвчлөл ямар байхаас шалтгаалж сургуулиуд хичээлээ ямар байдлаар явуулах талаар УОК, Засгийн газрын хэмжээнд тодорхой хувилбаруудыг хэлэлцэнэ. Хэрэв омикроны хувилбар давалгаал эхэлбэл өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй.

Өнөөдрийн байдлаар урьдчилж хэлэхэд эрт байгаа учраас гурван  долоо хоногийн дараа хичээл эхлэх үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг тухайн үед нь шийднэ” гэж өчигдөр /2022.01.10/ мэдэгдсэн. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс “Одоогоор урьдчилсан байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэлж байв.  Гэхдээ тус яамны мэдээлснээр халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 5х9 зарчмаар хичээллэх нь. Уг зарчмаар сурагчдын амралт эхлэхээс өмнө хичээллэж байсан ч ногоон бүс болсон зарим аймаг, орон нутагт танхимын сургалтаа нээсэн байжээ. Гэвч орон нутагт төдийгүй нийслэлд сүүлийн үед халдвар авсан хүний тоо ихэсч өрхийн эмнэлгүүд дахин улаан бүс болж байгаа нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин түр завсарлахгүй гэх баталгаагүй.

Хэрэв хүн бүр амны хаалтаа зүүж, гурав, дөрөвдүгээр тундаа идэвхтэй хамрагдаж чадвал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой гэнэ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлэхдээ “Монгол Улсад омикроны давалгаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт болон өвчилсний дараа дархлаа тогтсон иргэдийн эзлэх хувь өндөр байгаа. Тиймээс иргэд гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал бусад улсаас илүү нам байдлаар омикроны давалгааг даваад цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлэх боломжтой” гэсэн юм.

Одоогоор Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорихгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Гэсэн ч тайвширна гэсэн үг биш. Харамсалтай нь сүүлийн хоёр жил цар тахлын улмаас боловсролын салбар уналтад орж, хүүхэд хамгааллын асуудал орхигдлоо. Хүүхдүүдийн сурч мэдэх, чөлөөтэй гадагш гарч үе тэнгийнхэнтэйгээ тоглох, авья ас чадвараа хөгжүүлэх гээд энгийн боловч асар чухал хэрэгцээ гээгдсээр удаж байна.

Улмаар цоожтой хаалганы цаана хэчнээн хүүхэд үлдэж, бас бие махбодь, сэтгэл санаагаараа хохирч байгаа нь таашгүй. Цар тахлын үед сургууль, цэцэрлэгээ хоёр жил хөл хорьсон улс Монголд байхгүй.  Энэ ч үүднээс Covid-19-ийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж