"Мөнгөнд шунасан" малчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг "гацаажээ"

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

"Мөнгөнд шунасан" малчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг "гацаажээ"

"Мөнгөнд шунасан" малчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг "гацаажээ"

Монгол Улс эрчим хүчний хараат бус байх хүсэлтэй.  Үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж ирсэн мөрөөдөл нь. Гэвч эрчим хүч үйлдвэрлэж, илүүдлээ гадагшаа худалдах нь бүү хэл, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй, гал алдахад ойрхон байгаа. Тухайлбал, баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний шууд хараат. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд ОХУ-аас эрчим хүч худалдан авахад  300 тэрбум төгрөг зарцуулсан гэх статистик ч бий. 

Тиймээс баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчрах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барина гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амалсан. Энэ төсөл  үндсэндээ 60 жил яригдсан. Харамсалтай нь, манай эх орончдын их, бага оролцоотойгоор  өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм..  

Ямартай ч өнгөрсөн 2021 есдүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг Хятадын "Power -Power China Chengdu" түншлэлтэй байгуулсан. Барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхэлж нийт 61 сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 2021 онд батлагдсан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд дурдсанаар “2022 онд 91 өрх, 2023 онд 73 өрх, 2024 онд 106 өрхийг нүүлгэн шилжүүлнэ” гэжээ

Урьдчилсан байдлаар усан сан байгуулагдах талбайд амьдарч буй Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг гурван аймгийн 270 айл өрхийн 1083 иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд 9.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарчээ. 9.8 тэрбумыг 270 өрхөд хуваавал нэг өрхийг нүүлгэхэд төсвөөс чамгүй хөрөнгө гаргах аж.

Гэвч нөхөн олговрын хэмжээ нь эцэслэн батлагдаагүй, нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх вэ гэдгийг нарийвчлан гаргаагүй гэх шалтгаанаар үнэлгээний компаниуд нөхөн олговрыг хэрхэн тооцсон бэ гэдэгт хариулт өгөхөөс цааргалав.

Судалгааны баг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 270 айл өрх бүртэй орж биечлэн уулзан зураг дарж баталгаажуулжээ. Улмаар газрыг солих асуудлаар ярилцан бүгд дэмжсэн байна. Гэтэл  Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн зарим иргэд эсрэг санал өгчээ. Учир нь, тэдэнд нөхөн олговрын хэмжээ таалагдаагүй гэнэ . Аль эсвэл өөр шалтгаан байсныг ч үгүйсгэхгүй. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд нь Ховд голын зүүн, баруун эрэгт амьдардаг. Үүнийгээ дагаад тэдний амьдрах хэвшил нь ч ялгаатай. Увс аймгийн иргэд нэг газраа удаан суурьшиж амьдардаггүй бол Баян-Өлгий аймгийн иргэд суурьшиж амьдардаг учраас хөрөнгийн үнэлгээ хийхэд зөрүүтэй дүн гарчээ. Тухайлбал, Увс аймгийн нэг өрхөд 3-36 сая төгрөг, Баян-Өлгий аймгийн өрхөд  30-100 орчим сая төгрөг өгөх урьдчилсан тооцоо гарсан ч үүнийг зарим иргэд чамлаж байгаа бололтой. Иргэд нэгэнт нөхөн олговрыг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хуулийн дагуу дахин үнэлгээ хийх аж. 

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс орон нутагт нүүлгэн шилжүүлэлт болон нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхээр дэд ажлын хэсэг байгуулжээ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд тухайн газар оршин амьдардаг иргэд нь газар өмчлөх гэрчилгээгүй, цөөн тооны иргэд газар ашиглах гэрчилгээтэй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахад хүндрэлтэй байдал үүсгээд байгаа аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Нөхөн олговрын хэмжээ аймгаасаа хамаарч 270 айл бүрт  өөр байгаа. Тиймээс дахин тооцоолол хийж  иргэдтэй өөрсөдтэй нь тохиролцоно. Малчдын бэлчээр хадлан тэжээлтэй холбоотой судалгааг ажлын хэсэг нарийвчлан гаргасан. Эхний жилүүдэд 50-60 хувийн хөнгөлөлттэйгээр малчдын  тэжээлийг өгөхөөр төлөвлөж байна” гэжээ.

МАЛЧДЫН ХҮСЭЛТ

Малчин иргэд өвс хадлангаар улсын фондоос дэмжлэг үзүүлэх, тухайн төсөлд нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тогтмол орлоготой болгох, хүүхдүүдээ улсын тэтгэлгээр суралцах боломж бүрдүүлэх, шинээр зам тавьж төв замтай холбох, Цамбагарав, Алтан хөхүйн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын зэргийг хэсэгчлэн бууруулж нутгийн иргэд мал аж ахуй эрхлэн амьдрах боломж олгох зэрэг саналуудыг Ерөнхий сайдад ирүүлжээ.

МАЛЧДААС ГАЗРЫГ ЗААВАЛ ХУДАЛДАЖ АВАХ ЁСТОЙ ЮУ?

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих 28 мянган га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны есдүгээр  сард улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Газрын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын хавсралт “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын хүрээнд газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах хуулийн зохицуулалттай аж. Мөн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын 4 дүгээр зүйлийн 4.1. Нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авах тохиолдолд Газрын тухай хуулийн 18.1.3-т заасны дагуу нөхөх олговор олгоно гэж заасан хуулийн заалтууд байна. 

Газар бол нийтийн өмч. Тусгай хэрэгцээнд авсан нэрээр төсвийн мөнгөөр нөхөн олговор олгох ажлын ард хэн нэгний ашиг сонирхол нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Аймаг, сумын орон нутгийн удирдлагууд нь малчдын нэрээр бойкот явуулж байх ч магадлал өндөр. 

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ТОЙРСОН УЛСТӨРЖИЛТ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг тойрсон улстөржилт өнгөрсөн 2021 оны аравдугаар сараас  эхэлсэн. Монгол Улсын өмнөө барьдаг, туршлагатай хоёр компани 490 сая төгрөгөөр хоёр жилийн туршид судалгаа, үнэлгээ хийж байгаль орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөлөл, үр дагавар байхгүй гэдгийг олон нийтэд мэдээлсэн. Үүний дараа Увс аймгийн Өмнөговь сумийн малчид УЦС-ыг эсэргүүцэж, төв талбай дээр жагсч “УЦС-ын талбайд хамаарах газар нь бэлчээр төдийгүй хадлангийн нөөц газар.  Ховд гол нь экологийн хувьд үржил жимтэй, хөндийдөө маш олон төрлийн модтой. Гэтэл олон тэрбум мод нь  усан цахилгаан станцын  хөндийд орох болоод байна" гэж эсэргүүцсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнгөрсөн оны намар УИХ-ын  чуулганы хуралдаанд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг тойрсон  асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь,  “Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой. Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна. Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж