Бээжин-2022 өвлийн олимп дөхөж буйтай холбогдуулан та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс нийтлэг асуултуудад хариуллаа.
Өвлийн олимп хаана, хэзээ эхлэх вэ?
–Өвлийн 24 дэх олимпийн наадам хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжин хотод албан ёсоор нээлтээ хийж, хоёрдугаар сарын 20-н хүртэл Бээжин, Жанчхүү, Яньцин зэрэг гурван хотод тэмцээн уралдаанууд болно. Зарим тэмцээнүүд хоёрдугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
Нийт 19 өдрийн турш 15 спортын 109 багц медалийн төлөө баг тамирчид өрсөлдөнө.
Бээжин-2022 өвлийн паралимп гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.
Өвлийн олимп цуцлагдах эсвэл хойшлох боломжтой юу?
–Бүх зүйл боломжтой. Гэхдээ олон улсын олимпийн хороо болон олимпийн наадмын зохион байгуулагч комиссын зүгээс олимпийг цаг хугацаанд нь төлөвлөгөөний дагуу явуулахаар бүхий л боломжтой зүйлсийг хийж байна. Хятад улс үүнд ач холбогдол өгч, дотоодын халдварын дарж, хил гаалиа чангатгаж байгаа.
Олимпийн наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс бүгд вакцинд хамрагдсан байх шаардлагатай. Эмчийн заалттай, вакцин хийлгэж болохгүй тамирчид 21 өдөр тусгаарлагдсаны эцэст тэмцээндээ оролцоно. Хүн бүр өдөр болгон шинжилгээнд хамрагдах ёстой.
Монгол Улсыг төлөөлөн хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр оролцох вэ?
–Одоогоор Монгол Улс гүйлтийн цанын төрөлд хоёр эрх аваад байна. "FIS" оноо нь хамгийн өндөр хоёр тамирчин энэхүү эрхийг эдлэх бөгөөд урьдчилсан байдлаар Б.Ачбадрах, А.Энхтуул нар оролцох төлөвтэй байна.
Нээлт, хаалтын ёслолд Монголын тугийг хэн өргөх нь тодорхойгүй байна.
Паралимпийн наадамд Б.Ганболд цанын төрөлд өрсөлдөнө. Тэрбээр ийнхүү гурав дахь паралимпдоо оролцох гэж байна.
Монгол Улс өвлийн олимпийн түүхэндээ ямар амжилт үзүүлж байсан бэ?
– Монгол биатлон, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цанын спортод тамирчдаа илгээж байсан түүхтэй. Гэвч гүйлтийн тэшүүр, биатлоны спортын олимпийн буухиа тасарчээ.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд өвлийн олимпийг шууд дамжуулах эсэх нь тодорхойгүй байна.
Гүйлтийн тэшүүрийн тамирчид хамгийн сүүлд 2002 оны Солт-Лэйк Ситигийн өвлийн олимпод оролцож, тухайн үед Г.Жаргаланчулуун, Б.Октябрь нар өрсөлдөж байв. Харин биатлончид тэртээ 1968 оны Греноблийн өвлийн олимпод оролцоход Б.Дашгай, Б.Дамдинжав нар эх орноо төлөөлж байжээ. Тэгвэл хамгийн сүүлд болсон 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд Б.Ачбадрах өрсөлдөж 97 дугаар байранд орсон бол эмэгтэйчүүдийн цанын гүйлтийн 10 км зайд Ч.Отгонцэцэг өрсөлдөж, 84 дүгээр байрт орж байв.
Монголын багийн өмсөх хувцсыг хэн урлах вэ?
–Монголын багийн ёслолын болон бэлтгэлийн хувцсыг “Michel Amazonka” урлаж байна. Тэд өмнө нь Токиогийн зуны олимпод оролцсон баг тамирчдын хувцсыг урлаж байсан.
Ямар улсууд дипломат бойкот хийсэн бэ?
–Олон улсын хүний эрхийн байгууллагууд, улс орнуудын зүгээс Хятадын засгийн газрын Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, Өвөрмонгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй төрийн арга хэмжээ, бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Үүний улмаас АНУ, Австрали, Их Британи, Канад зэрэг улсууд дипломат бойкот хийж буйгаа зарлав.
Дипломат бойкотын хүрээнд дээрх улсуудын төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнууд, албаны хүмүүс олимпод оролцохгүй бөгөөд харин баг тамирчид нь чөлөөтэй оролцоно.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпод оролцоно гэдгээ мэдэгдсэн.
Ямар улсууд өвлийн олимпод оролцохоос татгалзсан бэ?
–Хойд Солонгос өвлийн олимпод оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэд цар тахлын улмаас Токиогийн зуны олимпод мөн баг тамирчдаа илгээгээгүй билээ.
NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тамирчид омикроны улмаас өвлийн олимпод оролцохгүй.
Өвлийн олимпийн үеэр цэнгэлдэхэд үзэгч оруулах уу?
–Оруулна. Гэхдээ хязгаарлалттай, цөөн тооны үзэгч оруулах төлөвлөгөөтэй байна. Хятадын эрүүл мэндийн байгууллагууд олимпийн үеэр мөрдөх цар тахлын журмыг боловсруулсан бөгөөд цэнгэлэдэхэд нэвтэрсэн үзэгч зөвхөн алга ташиж болно. Харин орилох хориотой гэнэ.
Спортын шинэ төрлүүд олимпийн хөтөлбөрт багтсан уу?
–Зургаан төрлийн тэмцээн энэ удаагийн олимпод нэмэгдэж байгаа.
- Цанын чөлөөт гулгалт: Холимог багийн агаарын үзүүлбэр
- Цанын чөлөөт гулгалт: Эрэгтэйчүүдийн уртын харайлт
- Цанын чөлөөт гулгалт: Эмэгтэйчүүдийн уртын харайлт
- Шорт-трейк: Холимог багийн буухиа
- Цанын харайлт: Холимог багийн тэмцээн
- Снөүбоард: Холимог багийн кросс
Өвлийн олимпийн хөтөлбөрт ямар спортууд багтдаг вэ?
-Уулын цана, биатлон, бобслей, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, цанын чөлөөт гулгалт, шайбтай хоккей, луж, цанын хос төрөл /Nordic combined/, скелетон, цанын харайлт, снөүбоард, гүйлтийн тэшүүр зэрэг спортууд өвлийн олимпийн хөтөлбөрт багтдаг.
Дараагийн олимп хаана, хэзээ болох вэ?
–Ирэх зуны олимп 2024 онд Парист болно. Харин 2026 оны өвлийн олимп Италийн Милан болон Кортина хотуудад болно.
Холбоотой мэдээ