Covid-19-өөр өвдсөн хүмүүст эмийн багц өгөхөө больжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-өөр өвдсөн хүмүүст эмийн багц өгөхөө больжээ

Covid-19-өөр өвдсөн хүмүүст эмийн багц өгөхөө больжээ

Монголчууд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэсэн. Мөн гадаад, дотоодод багагүй аялж зугаалсан. Тиймээс омикрон Монголд  хэдийнэ орж ирсэн мөн дотоодод алдсан болохоо ЭМЯ хүлээн зөвшөөрлөө.

Шинэ жилийн өмнө өдөрт халдварын шинэ тохиолдолд 100-200 байсан бол өдгөө огцом өсч, хэдийнэ 1000 давжээ. Цаашлаад өдөртөө 20 мянган хүртэл халдварын тохиолдол бүртгэгдэж болзошгүйг УОК анхааруулсан.  Ийнхүү халдварын тохиолдол өсөхийн хэрээр өрхийн эмнэлгүүд дахиад халдварын "улаан бүс" болж, ажиллах хүний нөөц багасч ачаалал нь ахин эрс нэмэгджээ.

Өрхийн эмнэлгийн эмч нар үндсэн эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлэхээс гадна гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүстэй харилцах, биеийн байдал нь хүнд болон нэн хүнд байгаа хүмүүсийг дараагийн шатны эмнэлэгт хүргэх зэргээр ажил нь ихэссэн тухайгаа хэлж байна.

Хүний хөл үл тасарч, цайны цагаа ч мартсан эмч, сувилагчид бичиг цаас барин яаран алхах нь эмнэлгийн ачаалал их байгааг илтгэнэ. Тэднээс гадна эмнэлгийн коридорт нярай болоод бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмчид үзүүлэхээр хүлээж суугаа нь цөөнгүй.

Covid-19-өөс гадна ханиад томуугийн өвчлөл өндөр байгаа төдийгүй хүүхдийн товлолт вакцины сар учир өрхөөр орж, гарах хүн огт тасрахгүй байлаа. Бид өдрийн 12:30 цагт Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны “Цэдэн-Эрдэнэ” ӨЭМТ дээр очиж,  тус эмнэлгийн дарга, их эмч С.Энх-Эрдэнээс нөхцөл байдлын талаар тодруулахад "Өнгөрсөн долоо хоногоос халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэн. Сүүлийн 24 цагт л гэхэд өрх дээр ирж түргэвчилсэн шинжилгээ өгсөн иргэдээс 38 хүн эерэг гарсан. Мөн гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд өгөх 160 мянган төгрөгийн багцаас болж нэлээд маргаан, үл ойлголцол эмч, иргэдийн хооронд өрнөж байна. Гэхдээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад иргэд харьцангуй мэдээлэлтэй байгаа учир эмч нар руу дайрах нь багассан. 2022 он гараад нэг ч иргэнд Covid-19-ийн эсрэг эмчилгээний багц өгөөгүй. Цаашид энэ тусламжийн багцыг зогсоож, зөвхөн эмч ажилчдын хамгаалах хэрэгсэлд гаргах санхүүжилтийг олгож магадгүй гэсэн. Гэхдээ энэ талаар албан мэдэгдэл одоогоор гараагүй" гэв.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны зүгээс" “Covid-19-ийн тусламж, үйлчилгээ хариу арга хэмжээний багт нийслэл болон орон нутгийн хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, мэргэжилтэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд олгох эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг 70 мянган төгрөг байсныг 160 мянган болгож нэмэгдүүлсэн.

Тухайн 160 мянган төгрөгийн багцад хоёр удаагийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, хамгаалах хувцас, хэрэглэл, 10 хоногийн турш өдөр хоёр удаа утсаар ярих төлбөр, 24 ширхэг Витамин С, D, өвчин намдаах, халуун бууруулах эм норов-7, мана-4 болоод эмч, сувилагч, жолооч нарын нийлбэр цалингийн урамшуулал зэргээр төсвийг тусгаж багтааж байсан. Харин энэ жилээс тус багцыг зогсоож шаардлагатай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд төсөв зарцуулахаар судалж байна” гэх тайлбарыг өгсөн юм.

COVID-19-ӨӨР ӨВДСӨН ХҮМҮҮСТ БАГЦ ӨГӨХӨӨ БОЛЬЖЭЭ

Иргэдийн зүгээс эдгээр үнэд багтсан үйлчилгээг өрх харилцан адилгүй үзүүлдэгт бухимдаж байгааг шүүмжилсээр ирсэн. Багц өгөхгүй байгаа нь иргэдэд хэр хүндрэлтэй байгааг асуухад "УОК, ЭМЯ анхнаасаа холион бантан хутгаж, хүнд сурталтай, харилцан ялгавартай ийм ажил хийх хэрэггүй байсан. Үүнээс болж өрхийн эмнэлэг, ХӨСҮТ, ЭМЯ гээд холбогдож болох бүх газар руу залгаж иргэд бухимдлаа барлаа" гэж байлаа.

Ийнхүү хэл ам таталсан багцын үйлчилгээг зогсоосноор эм тариа авах санхүүгийн боломжгүй хүмүүс яах вэ гэх асуулт гарч ирж байна. Энэ асуултад яамнаас тайлбар авахыг хүссэн боловч анхан шатны болоод шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлнэ гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. Шинэ хувилбарын үед илрэх шинж тэмдэг нь ихэнхдээ халуурах, бие арзайх, нусгайрах зэргээр илэрч байгаа аж. Ийм тохиолдлоос болж өдөрт өрхийн эмч рүү залгах дуудлага 40-70 болж өсчээ.

Дуудлагын эмч гэж өрхөд тусгайлан зааж гаргасан хэдий ч ачаалал их байгаагаас тус эмч нь хүнээ ч үзэж, утсаараа ч зөвлөгөө өгч байна. Ямар сайндаа цайны цагаараа бүх эмч, сувилагчид ажиллаж байлаа. Арга ядахдаа багц байхгүй, үзлэг хийж, зөвлөгөө өгнө гэдгийг утсаар мэдэгдэж байж эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсээ эргэж болжээ.

НЭГ ЭМЧ ӨДӨРТ 30 ДУУДЛАГА АВЧ, 10 ХҮН ҮЗЭЖ, ИРГЭДЭЭ ХЯНАДАГ

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 17, 26 болон Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгүүдээр очиход хүн ихтэй байв. Нарийн коридорт нь хүн зөрөх зай хомс бөгөөд нярай хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд вакцинаа хийлгэж, эмчид үзүүлэхээр оочерлон суужээ.
Тэдний хэлснээр том хүн, хүүхэд ялгаагүй шинж тэмдэг илэрч байна. Өрхөд хандахаар тоох ч хүн алга гэцгээнэ. Эмч нар үүний хариуд “Та хүн ихтэй байгааг харж байна. Бид энд 10-уулахнаа ажиллаж байгаа ч өдөрт 100 орчим хүнд тасралтгүй үйлчилж байгааг ойлгох хэрэгтэй” гэв.

Нэг эмч өдөрт дунджаар 30 дуудлага авч, зөвлөгөө өгөхөөс гадна 10 хүн үзэж, тусгаарлалтад байгаа ажиглалтад буй хүмүүсээ давхар хянаж байгаа аж. Үүнээс гадна шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ ч авах зохицуулалттай ажиллаж байна.

Иргэд болоод эмч нарын аль аль талд эрх ашиг зөрчигдөж, эрүүл мэндээрээ дэнчин тавих тохиолдол нэг бус удаа гарч байгаа. Тухайлбал, өрхийн эмч нар тусгаарлалтын өрөөнд шинжилгээ авахад өдөрт багадаа 10-20 тохиолдол эерэг гарч гэрийн тусгаарлалтад шилжиж байна. Үүний цаана эмч, сувилагчдаас гадна тэдний ар гэрийнхэн нь эрсдэл орж байгаа юм. Тиймээс хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг л удирдах шатны нэгжүүдээс эмч нар хүсч байна.

ИРГЭД ЭМИЙН САНГААС ТЕСТ АВЧ, ӨРХ ДЭЭР ИРЖ ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ

Иргэд шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд өөрөө эмийн сангаас түргэвчилсэн оношлуур авч, өрх дээрээ ирж шинжилгээ өгөх боломжтой аж. Харин өрхийн эмнэлэг дээр олгож байсан өдрийн 5-10 тестийг ч өгөхөө больжээ. Тэгэхлээр мөнгөгүй хүн бол Covid-19-өөр өвдсөн эсэхээ ч мэдэхгүй байж байгаад хүндрэх эрсдэл өндөр байна. Өрхийн эмнэлэгт өдөрт зөвхөн Covid-19-өөр өвдсөн хэдэн хүн хандаж байгаа талаарх тоон мэдээ удирдах шатны байгууллагуудад очдог баймаар.

Гэтэл шаардлагатай иргэдэд хэрэглэх тест оношлуур, хүнд хүмүүст өгөх эмийн багц ч үгүй өрхийн эмнэлгийн эмч, ажилчид өөрсдөө хүртэл өвдөөд үнэхээр туйлдаж байгаагаа хэлсэн юм. Хариуцлагагүй удирдах шатны хүмүүсийн шийдвэрээс болж өрхийн эмнэлэг ийнхүү ахин улаан бүс болжээ. Хэрэв омикроны тархалт нэмэгдвэл одоо үүсээд байгаа орны нөөцөөс эхлээд, эмчийн хүрэлцээ зэрэг олон асуудал өнгөрсөн жилийнхтэй ижил сөхөгдөх нь ээ…

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж