“Талх Чихэр” ХК жил бүрийн оны эхэнд зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 1 сарын 9-ний ням гарагт бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. 17 дахь жилдээ “Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан оны анхны баридаанд түрүүлсэн бөх тухайн жилээ улсын цол хүртэхийг бэлгэшээж, аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг. Тэр тусмаа энэ жил “Талх Чихэр” ХК болон “Мах Импекс” ХК-ийн залуу бөхчүүд барилдсан нь онцлог байлаа.
256 бөх уран мэхээ уралдуулан, ид хаваа гайхуулсан уг барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, Жавхлант дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд спорт хороо, Увснуур дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэсэн байна. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат, Хилчин спорт хороо, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн арслан М.Бямбадорж, Г.Ганбаатар, Я.Бумбаяр, О.Эрдэнэбат нар үлдэв. Уран барилдааны шагналыг аймгийн арслан М.Бямбадоржид гардууллаа.
“АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдааны үеэр үзэгч, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас 3 азтан тодруулсан бөгөөд эхний азтан Хөвсгөл аймгийн харьяат н.Батмөнх хэмээх залуу байсан бол хоёр дахь азтан нь барилдаанд барилдахаар бүртгүүлсэн боловч багтаагүй н.Цэнд-Аюуш хэмээх залуу, 3 дахь азтанаар аймгийн заан Г.Батмөнх нар тодорч, "Талх-Чихэр" ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК-ийн бүтээгдэхүүний дээжийн эзэд болсон юм.
Холбоотой мэдээ