Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийнхнийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийнхнийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнөөдөр ард түмний төлөөлөл болсон зарим
иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо.

Эхлээд Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн хамт олон
Ерөнхийлөгчид үйл ажиллагаагаа танилцууллаа. Уулзалтанд тус төвийн
тэргүүн Ж.Цогтсугар, Эрүүл идэвхтэй амьдрал клубын удирдагч
Б.Батбаатар, тус төвийн ажилтан Б.Амаржаргал, Т.Түвшинцэнгэл нар
оролцсон юм.
Тэдний үзэж байгаагаар “Хавтгайрсан архидалт бол үндэсний мөхөл, өөртөө
хийж буй чимээгүй дайн юм” гээд сүүлийн жилүүдэд архинаас шалтгаалсан
өвчин эмгэг, гэмт хэрэг, хүчирхийлэл, осол эндэгдэл, гэр бүл салалт,
ажилгүйдэл зэрэг сөрөг нөлөөлөл тогтмол өсч тахлын хэмжээнд хүрч байгаа
нь суурь судалгаанаас батлагдаж байна. Архины шалтгаант сэтгэц, зан
үйлийн эмгэгт өртөгсөд насанд хүрэгчдийн 51.5 хувийг эзэлж, уламжлалт
ёс заншил гажуудан, Монгол хүний удмын санд маш их сөрөг нөлөө үзүүлж
байгааг ярилаа.
Үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахын тулд архидалтын эсрэг
хэрэгжүүлж буй ажлын арга барил, сэтгэлийг анагаах, хувь хүний
боловсрол, өөрийгөө хайрлах хамгаалах үзэл санаанд нь тулгуурлан олон
төрлийн нийгмийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэйг онцолж байв.
Тэрхүү шинэ арга барилдаа залхаах хашраах биш, уриалах лоозогнох бус,
бодитой нийгмийн хандлагыг нь сууриар нь өөрчилж архидалтын эсрэг
шинэлэг аргаар ажиллахыг санал болгов.
Тухайлбал,  тус төвийн судалгаагаар Монголын насанд хүрсэн
эрэгтэйчүүдийн 20 орчим хувь, эмэгтэйчүүдийн тав орчим хувь нь архинд
донтох болсныг тэмдэглээд архидалтын эсрэг нийгэм, хамт олонд нь
тулгуурласан стратеги боловсруулснаа танилцуулж “Монгол хүнээ хайрлая”
нэртэй цуврал лекцийн арга хэмжээ санаачлан зохион байгуулж буйгаа
танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг архидалтын эсрэг тэдний
санал санаачилгыг дэмжиж ийнхүү хүлээн авч уулзан бодит ажлыг хамтран
эхлүүлэх болсонд нь талархал илэрхийлэв.
Энэхүү уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч онцлон хэлэхдээ, архидалтын
асуудал бол Монгол хүний аюулгүй байдалтай холбоотой нийгмийн сөрөг
үзэгдэл юм. Монгол хүний аюулгүй байдал бол Монгол Улсын үндэсний
аюулгүй байдалтай шууд холбоотой учраас нийгмийн сөрөг тал болсон
архидалтын эсрэг бид тууштай тэмцэх болно. Энэ ажлыг сайн дураараа
итгэл үнэмшлээрээ хийж буй та бүхний ажлыг дэмжин ажиллана гэв хэмээн
Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж