Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.01.09/ дотоодод омикрон халдварын таван тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Үүний өмнө гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн болохыг мэдээлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн жиргээнээс харахад омикрон аль эрт ороод ирсэн болохыг эрх баригчид эхнээсээ хүлээн зөвшөөрч байна. Тэрбээр “Угаасаа л шинэ жилийн өмнө гарсан даа. Гэнэт тархсан мэт ярихаа болих хэрэгтэй. Тайван бэлэн байдлаа хангацгаая. Гол нь амны хаалтаа зүүж олон нийтийн газар шоу цэнгээнээс хол байцгаая. УОК, ЭМЯ сүржигнэх хэрэггүй” гэжээ.
Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгааныг албаны хүмүүс тайлбарлахдаа шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэсэнтэй холбож буй. Өнгөрсөн шинэ жилээр монголчууд цар тахлыг "ялсан" юм шиг л баяр тэмдэглэсэн нь үнэн. Гэхдээ Засгийн газар омикроныг дотоодод халдсанаа нуугаагүй бол халдварыг хумих боломжтой байсныг үгүйсгэхгүй. Халдварын тоо огцом өсч, энэ сарын сүүл, ирэх сарын ихээр Монголд дөрөв дэх давлагаа дэгдэхийг Эрүүл мэндийн сайд сануулсан. Энэ нь монголчуудын үндэсний баяр сар шинэтэй давхцаж байгаа юм.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэхийг УИХ-аар хэлэлцэх үеэр УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар хоорондоо маргалдаж, энэ үеэр "М.Оюунчимэг гишүүн ээ, аливаа асуудал судалгаа, ул суурьтай ярих хэрэгтэй шүү. Цар тахлын үед өөртөө оноо авах гэж буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Хүн доромжилдгоо боль. Өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү. Ёс зүйн хорооны гишүүн гэж өөрийгөө дөвийлгөөд байдаг. Өөрөө ёс суртахуун, хэм хэмжээтэй байна шүү. Энд жүжиглээд байх хэрэггүй" гэж Шадар сайд загнасан. Энэхүү гомдол нь М.Оюунчимэг гишүүнээс салсангүй, боломжийг ашиглан Шадар сайдыг чимхээд авсан бололтой.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ