Хууль бусаар томилсон дарга нарыг чөлөөлж, сонгон шалгаруулалт явуулна

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Хууль бусаар томилсон дарга нарыг чөлөөлж, сонгон шалгаруулалт явуулна

Хууль бусаар томилсон дарга нарыг чөлөөлж, сонгон шалгаруулалт явуулна

Цар тахлын тухай хуулиар халхавчлан өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны байгууллагад дарга нарыг томилсоор ирлээ. Уг хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан.

Энэ нь эрх баригчдад “өөрсдийн хүн”-ээ томилох завшаан болсон гэхэд хилсдэхгүй. Уг хуулийн заалтыг ашиглан өнгөрсөн хугацаанд 530 гаруй хүн хууль бусаар томилогдсон тухай Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байв.

Үүний дотор төрийн хамгийн өндөр албан тушаал болох Төрийн нарийн бичгийн дарга нар ч багтаж байгаа юм. Одоогийн байдлаар нэр тодроод байгаа  таван яамны Төрийн нарийн бичгийн дарга  нараас ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна. Иймд төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолоор  таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг ирэх сарын 1-ны дотор  чөлөөлөх үүрэг болгоод байгаа.

Гэсэн ч эрх баригчид Цар тахлын тухай хуулийг зургаан сараар сунгасан нь сонгон шалгаруулалтгүй томилогдсон яам, агентлагийн дарга нар албан тушаалаа хадгалж үлдэхийг ч үгүйсгэх аргагүй. Энэ тухай Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, хуульч С.Батбуян “Хэрэв Цар тахлын тухай хуулийн хэрэгжилтийг хүчингүй болговол сонгон шалгаруулалтаар ажиллах ёстой хүнийг нь томилох шаардлага гарч ирнэ. Энэ нь Засгийн эрхийг барьж буй институт бодлогын хувьд төрийн өндөр албан тушаалтнуудыг тогтвортой ажиллах, ажлын үр дүнг харах зорилгоор ийм шийдвэр гаргасныг үгүйсгэхгүй. Цар тахлын тухай хуулийг сунгаж байгаа нь улс төрийн шийдэл болов уу” гэж байв.

Нөгөө талд, хэрэв дээрх сонгон шалгаруулалтгүй томилогдсон яам, агентлагийн дарга нарыг чөлөөлбөл дараагийн томилгоог сонгон шалгаруулалттай зохион байгуулах уу гэх асуултад Төрийн албаны зөвлөлөөс “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зургаан сарын үйлчлэлийн хүрээнд томилгоо хийхдээ заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар хүмүүсийг томилох зөвлөгөө өгч байна” гэх мэдээллийг өгч байгаа юм.

Хэрэв зайлшгүй томилгоо хийх тохиолдолд олон нийтэд зарлан мэдээлж, шалгалтаар нөхөх гэнэ. Ямартай ч сонгон шалгаруулалтгүй томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргыг Засгийн газрын тогтоолоор томилгоог хийдэг учир чөлөөлөх асуудлыг Засгийн газар өөрсдөө хийх ёстой болж байгаа юм. Хэрэв ирэх  сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нарын чөлөөлөхгүй бол томилсон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүсэлтийг Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлэх аж. Үүнтэй холбогдуулан тус зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа.

Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтгүй томилогдсон 17 даргыг ирэх сарын 1-ны дотор чөлөөлөх ёстой. Хэрэв сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан хаагчдыг чөлөөлсөн тохиолдолд дараагийн хүмүүсийг хэзээ сонгон шалгаруулах вэ?

-Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны хууль тогтоомжид нийцээгүй, сонгон шалгаруулалт өгөөгүй, албан тушаалтны шаардлага хангаагүй хүмүүсийг томилсон гэдэгт албан ёсны тоо гаргаагүй.  Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаагүй.  Гэхдээ 17 албан тушаалтны нэр яригдаж байсан.

Үүний дотор Халамж үйлчилгээний газар, Соёл урлагийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар агентлаг зэрэг яригдаж, хоёр ч агентлагийн даргыг чөлөөлсөн. Ашигт малтмалын газрын тосны дарга, Газрын харилцааны даргыг чөлөөлсөн. Жишээ нь, Ашигт малтмалын газрын тосны газрын даргыг чөлөөлж Улаанбаатар төмөр замын даргаар томилсон. Ер нь томилгоо хийгээгүй мөртлөө тус газрын дарга нарыг чөлөөлсөн. Одоогоор сул албан тушаалд томилох захиалга ирээгүй.

Цар тахлын тухай хуулийг зургаан сараар сунгасан. Тиймээс дахин сонгон шалгаруулалтгүй томилгоо явуулахыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр Төрийн албаны зөвлөл яаж анхаарах вэ. Хуулиа дагах уу?

-Төрийн албаны зөвлөл хууль дээдэлж ажиллана. Энэ хүрээнд 411 дүгээр тогтоолоор хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлж, оронд нь сонгон шалгаруулалтаар дараагийн томилгоог явуул гэдгийг шаардаж байгаа. Тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Цар тахлын тухай хуулиар томилогдсон иргэдээ томилох эрх бүхий байгууллага,  албан тушаалтнууд өөрсдөө чөлөөлөх ёстой. Сул гарсан орон тоонд томилгоог сонгон шалгаруулалтаар явуулахыг манай зөвлөлөөс шаардаж байгаа.

Төрийн байгууллагууд сул гарсан орон тооны мэдээллийг төрийн албаны зөвлөлд долоо хоногийн дотор өгөх ёстой. Сонгон шалгаруулалтыг 21 хоногийн дотор зарлах ёстой.

Тэгэхээр тухайн албан тушаалтны тодорхойлолтыг шаардлага хангасан иргэдийн бүртгэлийг зохион байгуулж сонгон шалгаруулалт явуулж нөхөх боломжтой. Төрийн албаны зөвлөл хууль дээдэлж ажилладаг. Ер нь Цар тахлын тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөх хугацаанд зайлшгүй томилгоо хийх шаардлага гарвал захиалгыг нь Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ. Зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Цаад утгаараа хууль битгий зөрч, төрийн албаны үйлчлэл зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлж ажилла гэсэн үг.

Хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудыг хоёрдугаар сарын 1-ны дотор чөлөөлөхгүй бол яах вэ?

-Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолоор хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудын тайлан мэдээллийг хоёрдугаар сарын 1-ны дотор өгөхийг заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлээгүй бол Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийн хүрээнд томилсон шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

Хэрэв хүчингүй болгох эрх хэрэгжихгүй бол зөрчилтэй байгаа албан тушаалтныг чөлөөлөх үүрэгтэй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, удирдлагад нь мэдэгдэнэ.

Гурав дахь асуудал бол, төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зөрчсөн албан тушаалтныг төрийн албанд гурван жил орох эрхгүй чөлөөлөх зохицуулалт хийнэ. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагч буюу Төрийн нарийн бичгийн дарга, яам агентлагийн дарга, төсвийн шууд захирагч нарт хамаатай.

Гэхдээ төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлбөл дараагийн томилгоог хэрхэн зохион байгуулах вэ. Сонгон шалгаруулалт олон нийтэд нээлттэй болж чадах уу?

-Төрийн албаны сонгон шалгаруулалт нь тухайн байгууллагаас захиалга ирсэн тохиолдолд олон нийтэд нээлттэй зохион байгуулж байгаа. Төрийн албаны зөвлөлийн цахим сайт руу нээлттэй сонгон шалгаруулалт хэсэг рүү ороход, төсвийн шууд захирагч нар,  дунд шатны менежер, гүйцэтгэх албан тушаал буюу яам, агентлаг, нийслэл сум дүүргийн мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалт багагүй тоогоор зохион байгуулсан.

Сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ээс аль болох шуурхай, нээлттэй маргаангүй зохион байгуулж байна. Энэ бол сонгон шалгаруулалтыг цахимд шилжүүлсэнтэй холбоотой.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлснөөр ажил зогсох юм шиг ойлгох нь нийтлэг ойлголт байгаа юм. Тэгэхээр төрийн нарийн бичгийн доор харьяалалд ажилладаг яам болгонд төрийн захиргааны удирдлагын газрын дарга бий. Түр орлон гүйцэтгүүлэх журамд зааснаар төсвийн шууд захирагч чөлөөлөгдөж сул орон тоо гарсан бол тухайн албан тушаалд хамгийн ойр албан тушаалтнаар түр орлон гүйцэтгүүлнэ. Иймд төрийн нарийн бичгийн даргын хамгийн ойрын албан тушаалтан бол төрийн захиргааны удирдлагын дарга. Магадгүй бодлого төлөвлөлт, стратеги төлөвлөлтийн газрын дарга гэх мэтчилэн хуулийн дагуу томилогдсон албан тушаалтан төрийн нарийн бичгийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж болно.

Цар тахлын хуулиас өмнө сонгон шалгаруулалтгүй томилогдсон дөрвөн агентлагийн дарга нарыг чөлөөлөх ёстой болж байна. Тухайлбал, Стандарт хэмжилзүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга нарыг томилгоог яах вэ?

-Дөрвөн байгууллага дотроос Стандарт хэмжилзүйн газрын албан тушаалын захиалга  Төрийн албаны зөвлөлд ирж, бүртгэл зохион байгуулалтыг хийсэн. Гагцхүү сонгон шалгаруулалт хийж амжаагүй. Бусад гурван агентлагийн даргын сонгон шалгаруулалттай холбоотой томилох бүхий захиалга ирээгүй. Цар тахлын тухай хуулийн дагуу томилогдсон нь үнэн.

Төрийн албанд хууль бусаар томилогдсон 530 гаруй албан хаагч байгаа гэсэн. Эдгээр хүмүүсийг чөлөөлөх үү?

-Шинэ оны өмнө Цар тахлын тухай хуулийн хүрээнд хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудын судалгаагаар 1100 орчим хүн шууд томилогдсон байсан. Энэхүү судалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд дахин шүүхэд 532 хүн зөрчилтэй үлдсэн болохыг тогтоосон. Гэсэн ч хууль бусаар томилогдсон албан хаагч нарын тоо цөөрч байна гэж үзэж байгаа. Хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудын асуудал сөхөгдөх үед Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Оюуны өмчийн газрын дарга, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга нар шалгалт өгч байсан.

Цахимд нийтлэгдсэн мэдээллүүдээс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Гадаадын иргэн харьяатын газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нар хууль ёсны шалгалтаа өгсөн.

Ер нь Цар тахлын хуультай холбоотой төрийн албан хаагчдыг чөлөөлөх асуудал үүссэн нь Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар бүх томилгоог хууль ёсны дагуу болгож, сонгон шалгаруулалтаар томилгоог явуулахыг удаа дараалан ярьсан. Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн төлөвлөгөөнд Цар тахлын тухай хуулиар томилогдсон хүмүүсийн томилгоонд хяналт тавих, албан тушаалтны шаардлага хангаагүй хүн томилогдсон бол чөлөөлөх арга хэмжээг ав гэсэн төлөвлөгөө гарсан. Тиймээс албан хаагчдыг чөлөөлөх ажлыг зөвхөн төрийн албаны зөвлөл эхлүүлж бужигнуулсан асуудал байхгүй. Тиймээс Засгийн газар, төрийн албаны зөвлөл хамтран ажиллаж байна гэж ойлгож болно. Эцэст нь хэлэхэд  үнэн зөв бодит мэдээллийг Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс мэдээлнэ.

Гэсэн ч хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудаас  таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар яригдаж байгаа. Урьдчилсан байдлаар  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны  ТНБД нарын томилгоо тодорхой болоод байгаа шүү дээ?

-Хууль бус томилгоонд Эрүүл мэндийн яам, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар яригдаж байгаа нь үнэн. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн тухайд одоогоор шалгалт өгөөгүй. Тухайн үед Цар тахал хүрээгээ тэлсэн учраас эрүүл мэндийн яамны аппаратыг тодорхой хүн удирдах зайлшгүй шаардлага гарсан. Энэ ч үүднээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийг шууд томилсон.

Мөн Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль бусаар томилсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Цар тахлын тухай хууль батлагдсаны дараа 2020 онд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад Цэдэвсүрэн хууль ёсны дагуу томилогдсон. Гэтэл амьдрал баян учраас сайд болж дэвшээд эргээд л Төрийн нарийн бичгийн дарга боллоо. Тухайн хүний хувьд хоёр чиг үүрэг нь хасагдсан. Уг нь хариуцсан чиг үүрэг нь нэмэгдвэл шалгалт өгнө, хасагдвал шаардлага байхгүй шүү дээ. Эргээд л албан тушаалд нь томилох боломж байсан. Бид ямар шалгалт авахын өвчин туссан биш. Ер нь Засгийн газар л өөрснөө шийдэж түр томилгоог явуулж байна гэж ойлгож байна.

Төрийн албан хаагчдыг чөлөөлснөөр төрийн албаны ажлыг хэрхэн зохицуулах вэ. Нөгөө талд нэг дор олон хүнийг чөлөөлөх нь  төрийн үйлчилгээ доголдох вий гэсэн болгоомжлол ч байна?

-Нэг дор олон хүн чөлөөлсөн ч  төрийн алба тасалдахгүй. Тухайн байгууллагад хуулийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч нар богино хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллана. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтаар нөхөгдөх хүртэл ажиллах эрхзүйн зохицуулалт нь хүртэл байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж