Циркчид гэр хороололд хувийн заал 15 саяар түрээсэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Циркчид гэр хороололд хувийн заал 15 саяар түрээсэлж байна

“Бэлтгэл хийх байргүйгээс олон хүндрэлтэй асуудал гардаг. "Аса" циркт засвар хийж эхэлснээс хойш сургуулийнхаа спортын зааланд, бүр нүүдлийн цирк барьж бэлтгэл хийдэг байсан. Одоо Чингэлтэй дүүрэгт байрлах зааланд бэлтгэл хийж байгаа. Миний хувьд өглөөний эхний автобусаар хоёр дамжиж, бэлтгэлдээ ирдэг. Бусад хүүхдүүд ч гэсэн өвлийн хүйтэнд холоос бэлтгэлдээ ирдэг” тухай Н.Ууганбаяр хүү ярив.

Тэрбээр 16 настай, Монгол Улсын консерваторийн циркийн тэнхимийн оюутан. Гэр бүлийнхээ гурав дахь үеийн циркчин. Түүний бага насыг циркийн урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч энэ урлагийг сонгон суралцаж буй.

Н.Ууганбаярын адил циркийн урлагт хайртай, хүсэл мөрөөдлөө болгосон 70 гаруй хүүхэд мэргэжлийн циркчин болохоор суралцаж байна. Гэвч тэдэнд бэлтгэл сургуулилалт хийх байр алга.

Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгад бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг өмнө нь түрээсэлдэг байжээ. Өдгөө энэ мөнгөөрөө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувийн байрыг түрээсэлж байна.

Циркийн асар болон алиалагчийн зурагтай хашаанд “Цирк” гэсэн бичиг хадсан хоёр давхар заал гэр хорооллын айлууд дунд байх нь содон. Үүдээр нь ороход л хүүхдийн шуугиан, бэлтгэл сургуулилалтын чимээ сонсогдоно. Хүүхдүүд жонглёр, акробатын бэлтгэл хийж угтсан юм. Энд нийт 15 багш 70 гаруй оюутан, сурагч хичээллэдэг. Тэд өглөө 08:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл ээлжлэн бэлтгэл хийдэг аж.

“Улсын цирк хувьчлагдаж, 2016 оноос хойш бид “Аса” циркт сарын 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг байсан. Сүүлд “Аса” циркийг засварлаж эхэлснээр тэнд бэлтгэл хийх боломжгүй болсон. Бид хүүхдүүдийн хичээл сургуулийг алдагдуулахгүйн  тулд есдүгээр сарын 1-нээс гэр хороололд байгуулсан хувийн цирк түрээсэлж байна” гэж Х.Ганболд багш учирлав.

Оюутан, сурагчдын амралт эхэлсэн ч сүүлийн хоёр жил огт бэлтгэл хийгээгүй хүүхдүүд эцэг эх, сургуулийн захиргаатайгаа ярилцаж, хичээлийн хоцрогдлоо арилгахын тулд ээлжлэн бэлтгэл хийж байгаа нь энэ.

“Аса” цирк хэзээ ашиглалтад орохыг менежерээс нь асуухад "Монгол Улсын консерваторийн сургуультай хамтарч ажиллана" гэдгээс өөр тоймтой хариулт хэлсэнгүй. Тус циркийг барилгыг шинэчлэх нэрээр нурааж, "балгас" болгосон байдалтай байгаа.  Манежийг нь нурааж, хоосон хөндий барилга л болж хувирчээ. Одоогоор циркийн барилга хэзээ ашиглалтад орохыг хэн ч хэлж чадахгүй байна. "Аса" циркийнхний хувьд цар тахлын улмаас барилгын ажил удааширсан гэх үгээр ам таглаж сууна.

Циркчдийн хувьд хичээлийн шинэ байртай болно гэж багагүй хугацаанд битүүхэндээ хүлээж, тэр болтол залгамж халаагаа таслахгүй нь тулд бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж байгаагаа ярьсан юм.Циркийн  сургуулийн хуучин барилга 2015 онд шатаж, 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, эд зүйл шатжээ. Тиймээс хүүхдүүд бэлтгэл хийх тоног хэрэгслийн хувьд ч дутмаг байдгийг сурагчид хэлж байв.

Сурагч Э.Баярчимэг:

-Би циркийн сургуульд наймдугаар ангиасаа элсэн орсон. Циркийн жүжигчин болох мөрөөдөлтэй. Одоо хөлөөр шидэгчийн төрлөөр хичээллэж байгаа. Бэлтгэл сургуулилалт хийх байрны асуудлаас болоод сурагчид их хоцорсон. Энэ жилээс хичээлийн хоцрогдлоо нөхөхөөр ээлжлэн хичээллэж байна. Өмнө нь танхимаар онолын хичээл үздэг байсан.

Сурагч Б.Тэмүүжин:

-Циркийн сургуулийн арваннэгдүгээр ангид сурдаг. Анх наймдугаар ангидаа энэ сургуульд элсэн орсон. Энэ гайхалтай урлагт амьдралаа зориулна гэж боддог. Одоо банзны номер хийж байгаа. Бас акробат хийнэ. “Аса” циркт бэлтгэл хийх боломжгүй болсон учраас хуучин циркийн байранд бэлтгэл хийхэд их хүйтэн байсан. Тэр байрыг нь мэргэжлийн хяналтын газраас акталсан учраас байргүй болсон. Одоо энэ байранд бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа ч зарим хүүхдүүдийн гэрээс хол зайтай хэцүү байдаг. Өглөө автобусаар бэлтгэлдээ ирээд өдөр эндээсээ сургууль руугаа явдаг.

Холбоотой мэдээ

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос 2008 он буюу хувьчлагдах хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүх  мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээтээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай  уран бүтээлчид дурсаж сууна.

 

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ЦИРКЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БУД:

-Бид циркийн барилга сайхан болно гэдэгт итгэл дүүрэн хараад л суухаас өөр арга алга. Хувийн эзэмшлийн дэргэд очоод суултай биш. Бид цирктэй байхыг хичээсэн. Нэгэнт засвар хийх гэж байгаа бол их л гоё барилга барих биз. Хэрвээ тийм барилга барихгүй гэвэл төр засгаас өөр зохицуулалт хийж, циркчдийн байр сууцыг нэг тийш нь болгох хэрэгтэй.

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗӨВЛӨХ АРХИТЕКТОР Э.ХҮРЭЛБААТАР:

-Тухайн цаг үедээ 1971 онд нийгмийн шаардлагаар улсын циркийн барилга байгууламжийг барьж байгуулсан. Тухайн үед Румын улсын тусламжаар барихад Монголын архитекторууд гар бие оролцож байв. Тухайлбал, гавьяат барилгачин Я.Шархүү багш хамтарч барьсан автор нь гэж явдаг. Циркийн барилга өнөөгийн цагийн шаардлага хангахгүй байгаа бол өргөтгөж шинэчилж болно. Энэ барилгыг түүхэн дурсгалт барилгын жагсаалтад оруулж, хамгаалалтад аваагүй байгаа. Гэхдээ энэ барилгыг нурааж, өөр зориулалтын ресторан, баар байгуулахыг зөвшөөрөхгүй.

Анх менежментийн хувьчлалаар үйл ажиллагааг нь өөрчлөхгүй гэж байсан Улсын цирк үнэндээ уушийн газар болоод удаж байгаа билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж