Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дэлхий дахины анхаарал татсан омикрон хувилбар 145 улсад бүртгэгдсэн. Монгол Улсын хувьд өнгөрсөн Баасан гариг буюу гаднаас ирсэн иргэдийн сорьцод 12 тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээлсэн . Монгол Улс геномын дараалал тодорхойлох шинжилгээ хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн иргэд болон дотоодод бүртгэгдсэн сорьцуудад шинжилгээ хийсэн.
Өнөөдөр ПСР шинжилгээгээр S генийн алдагдал илэрсэн дүн илэрсэн. Эдгээрээс омикроны таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрдэмтэд давлагааны оргил үеийг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байна гэж тооцоолсон. Гэсэн ч иргэд та бүхэнд айж сандрахгүй байхыг зөвлөж байна. Омикрон хувилбар нь дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн болохыг олон улсын судалгаагаар тогтоосон.
Сүүлийн хоёр хоногийн хугацаанд хоногт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдлын тоо 1000-аас дээш бүртгэгдэж байна. Улаанбаатарын хэмжээнд 700-800 тохиолдол, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Орон нутагт Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймагт хоногт 50-иас дээш тохиолдол бүртгэгдэж байгаагаас харахад цаашид орон нутагт тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь, сүүлийн нэг сарын хугацаанд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн, баяр өргөн хүрээнд тэмдэглэсэн. Гэхдээ иргэдийн хувьд вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд хүн амын 70 хувь, хоёрдугаар тунд 66.9, гуравдугаар тунд зорилтот бүлгийн 48.9 хувь, хүн амын 25 хувь тус тус хамрагджээ. Энэ нь гурав дахь тунгийн дархлаажуулалтын тоогоор өндөр улс орнуудын жагсаалтад багтаж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 6-наас дөрөв дэх тунд хамрагдах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй иргэн дөрөвдүгээр тунд хамрагдсан байна. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, омикрон хувилбар зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн тул Монгол Улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлж байгааг анхааруулъя" гэв.
Холбоотой мэдээ