Казахстаны Алма-Ата хотод хоригдож буй хүмүүсийн нэг "Үл таних хүмүүс над руу утасдаж, жагсаалд оролцохыг санал болгож, 90 мянган тенге (200 гаруй ам.доллар) өгнө гэсэн. Би Киргизэд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул зөвшөөрсөн" гэж "Хабар 24" телевизийн эфирээр ярьжээ.
Түүний хэлснээр, үл таних хүмүүс түүнд онгоцны тийз худалдаж авч өгсний дагуу нэгдүгээр сарын 2-нд Алма-Атад ирсэн байна. Улмаар түүнийг Тажикистан, Узбекистан улсын иргэдийн байсан байранд авчирчээ. Баривчлагдсан этгээд тус байранд хэчнээн хүн байсан талаар асуухад "Арав орчим хүн байсан" гэж хариулсан байна.
Казахстанд 2022 он гармагц олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Тус улсын баруун хэсэгт орших Жанаозен, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн хийн үнийг хоёр дахин нэмэгдүүлэхийг эсэргүүцэн ийн жагссан билээ.
Эсэргүүцлийн жагсаал бусад хотуудад, тэр дундаа хуучин нийслэл, бүгд найрамдах улсын хамгийн том хот болох Алма-Атад өрнөв. Тэнд дээрэм тонуул газар авч, зэвсэгт этгээдүүд төрийн байгууллагууд руу дайрч, эмх замбараагүй байдал улам гаарсан билээ. Үүний улмаас эрх баригчид нэгдүгээр сарын 19-нийг хүртэл улс орон даяар онц байдал зарлаж, терроризмын эсрэг ажиллагаа явуулав.
НҮБ-аас мэдээлснээр, Казахстанд болсон жагсаалын үеэр 1000 орчим хүн шархаджээ. Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Казахстаны аюулгүй байдлын 16 албан хаагч амиа алдаж, 1300 гаруй хүн шархадсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ