Этиопын Тиграй мужид хойд бүс нутгийн харгис мөргөлдөөний улмаас дүрвэсэн энгийн иргэдийн хуаранд агаараас цохилт өгсний улмаас 56 хүн амиа алдаж, 30 хүн шархадсан талаар босогчид болон хүмүүнлэгийн ажилтнууд мэдээлжээ.
Тиграйн Ардын чөлөөлөх фронт (TPLF)-ын хэвлэлийн төлөөлөгч Гетачью Реда өнгөрсөн Бямба гаригт твиттер хуудастаа Ерөнхий сайд Абий Ахмедын хүчнийхэн Дедебит дэх дотоод дүрвэгсдийн хуаранд “нисгэгчгүй онгоц"-оор дахин аймшигт цохилт өгч, гэм зэмгүй 56 энгийн иргэн амь насаа алдлаа" гэж мэдэгджээ.
Эритрейтэй хиллэдэг бүс нутгийн баруун хойд хэсэгт орших Дедебит хотод өнгөрсөн Баасан гаригийн орой халдлага гарч, түүний улмаас олон хүүхэд шархадсан талаар тусламжийн ажилтнууд “Ройтерс” агентлагт мэдэгдсэн байна. Тусламжийн ажилтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих эрхгүй тул нэрээ нууцлахыг хүсчээ.
“Ройтерс” агентлагийн тайлбар авах хүсэлтэд тус улсын Цэргийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Гетнет Адане, Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Легессе Тулу, Ерөнхий сайд Абий Ахмедийн хэвлэлийн төлөөлөгч Биллен Сейум нар ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Тус улсын засгийн газар 14 сар үргэлжилсэн босогчид болон Тиграйн хүчнийхний мөргөлдөөний улмаас энгийн иргэд хохирсон мэдээллийг өмнө нь үгүйсгэж байжээ. Этиопийн Засгийн газар Баасан гаригийн өглөө сөрөг хүчний хэд хэдэн удирдагчийг шоронгоос суллаж, эвлэрлийг эрхэмлэн, улс төрийн өрсөлдөгчидтэйгөө яриа хэлэлцээ хийхээ мэдэгдсэн байна.
Орон нутгийн эрх баригчид Баасан гаригт агаараас өгсөн цохилтод өртөж амиа алдсан хүмүүсийн тоог баталгаажуулсан гэж тусламжийн ажилтнууд мэдэгджээ. Тусламжийн ажилчид эмнэлэгт авсан, шархадсан хүмүүсийн дотор олон хүүхэд байгаа зургийг "Ройтерс" агентлагт илгээсэн байна.
Шархадсан хүмүүсийг эмчлүүлэхээр авчирсан Шир Сухул нэгдсэн эмнэлэгт очсон тусламжийн ажилтнуудын нэг дүрвэгсдийн хуаранд олон өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүд байгааг мэдэгджээ.
Эх сурвалж: REUTERS, AL JAZEERA
Холбоотой мэдээ