Тэдэнд хоол, хувцас биш боловсрол хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.01.09-нд нийтлэгдсэн

Тэдэнд хоол, хувцас биш боловсрол хэрэгтэй

Тэдэнд хоол, хувцас биш боловсрол хэрэгтэй

Цар тахал, улс төржилт, эдийн засгийн хямрал, архидалт, гэр бүлийн салалт гээд нийгмийн эмзэг асуудлуудын гол хохирогчид нь хүүхдүүд болсоор. Хоёр жил гэртээ хөл хориотой, гарах орох, сурах тоглох боломжоо хязгаарлуулсан хүүхдүүд тоглох гэж бэртэж, бас амь насаа алдсаар байна.

Одоогоос хоёр жилийн өмнө тоглох газар хайж явсан дөрвөн бяцхан зүрх гэнэн цайлган инээдтэйгээ гэрэлт хорвоог орхин одсон харамсалтай хэрэг гарч байв. 2020 оны тавдугаар сард Улаанбаатарын хамгийн том “Үндэсний”  гэх цэцэрлэгт хүрээлэнгийн тогтоол усанд дөрвөн хүүхэд эндсэнийг өнөөдөр эцэг эхээс нь бусад нь мартжээ.

Хэрэв тоглоомын талбайтай байсан бол, эрх баригчид цар тахал гэж сүржигнээгүй бол өдийд тэд эсэн мэнд байх байлаа. Дахин нэг ч гэсэн бяцхан зүрх битгий эндээсэй гэх үүднээс “Лантуун дохио” ТББ-ынхан хогийн цэгийг тоглоомын талбай болгож тохижуулсан нь сайшаалтай.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Амгалан дахь хогийн цэгийг тоглоомын талбай болгон тохижуулахдаа хог хаягдлыг дахин боловсруулж ашигласан байна. Харахад тоглоомын талбай боловч хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлсэн, бас архидалтыг ч багасгах эерэг нөлөөтэй болохыг тус ТББ-ынхан онцолсон.

Гэхдээ тоглоомын талбай, аюулгүй орчин өнөөдөр чухал ч ирээдүйд хэн болох вэ, ямар мэргэжилтэй болох вэ гэдэг чухал. Бүтэн хоёр жил цар тахлын улмаас сурч боловсрох эрхээ хязгаарлуулсан багачууд, өсвөр үеийнхэн дэлхийн хүн болох тухай “зүүдлээ ч үгүй” явна.

Уг нь тэдэнд сурах орчин хангалттай бол дэлхийд танигдаж, гайхагдах ирээдүй бий. Тэр дундаа нийгмийн эмзэг давхаргад, харахад нүд халтирам орчинд амьдарч байгаа хүүхдүүдэд нэг өдрийн хоол, хуучин хувцас хандивлахаас илүүтэй ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх нь хамгийн том хандив гэдэгтэй бизнес эрхлэгчид, уран бүтээлчид, төрийн бус байгууллагынхан санал нэгдэж байна. Тэд өнөөдөр “Ид шидтэй амвэйчид” арга хэмжээний хүрээнд нэгэн дор цуглаж, 50 сая төгрөгөөр хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулахаар болжээ.

Мөн уран бүтээлчдээс RecOn хамтлаг, Thunder Z ирж, дуу хоолойгоо хүргэн, хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахад нэгдэж байгаагаа илэрхийлсэн.

ДЭЛХИЙ УЛИАСТАЙ БИШ

“Лантуун дохио” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.УНДРАА: 

-Улиастайд "Ид шидийн орон" байгуулснаас хойш гурав дахь жилээ угтаж байна. Анх үүдээ нээсэн цагаас нь бодит өөрчлөлтийг нүдээрээ харж байна. Хүүхэд хамгааллын төв заавал байх ёстой, бас хүүхдэд тэгш боловсрол олгох зайлшгүй шаардлагатай. Үүний тулд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд томхон байгууллагуудтай хамтран ажиллах нь нэг гарц юм.

Зарим хүүхдүүдийн хувьд хичээлдээ явна, худгаас ус авна, дэлгүүр орно, баяраар л Улаанбаатарын төв рүү ордог.

Анх удаа хотын төвд орж үзэж байгаа, анх удаа театрт кино үзэж байгаа хүүхдүүд маш олон байгааг сүүлийн гурван жилийн хугацаанд олж харсан. Учир нь, хүүхдүүд тэндээ байвал илүү сайхныг мөрөөдөхөө больж, илүү гоё, сайхныг мэдрэхгүй болохоор дэлхийн хүн болох мөрөөдөл бий болохгүй. Тэндээ л байвал хогоо цэвэрлэх, ном унших сэтгэхүй бий болохгүй.

Харин дэлхий бол маш том, чиний өмнө дэлхий нээлттэй хүлээж байна гэдгийг ном, аялал, төсөл хөтөлбөр, арга хэмжээгээр дамжуулан хүүхдүүдэд таниулбал “Бидэнд боломж бий” гэсэн хариу үйлдлүүд харагдсан.

Тиймээс Улиастай бол дэлхий биш. Өнөөдрийн арга хэмжээний тухайд амвайчид нэг өдрийн арга хэмжээнээс цугласан 50 саяыг “Ид шидийн орон”-д хандивлаж байгаа юм. Энэ мөнгөөр “Сайн уу, амьдрал минь” нэртэй ахлах ангийнханд зориулсан нэг жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Уг хөтөлбөрт 9-12 дугаар ангийн 150 хүүхдийг хамруулна. Өнөөдөр 120 хүүхдийн 80 хувь нь ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй, хичээлээ сонгоогүй, элсэлтийн ерөнхий шалгалт заавал өгөх ёстой юм шиг хандаж байна. Ирэх жил гэхэд хөдөлмөрийн зах зээл дээр гарч, амьдралд хөл тавих хүүхдүүд хаашаа явахаа, хаашаа гэрэл тусгахаа мэдэхгүй зогсч байгаа нь маш том эмгэнэл. Хүүхдүүд эцэг, эхийнхээ хүсэл сонирхлыг биелүүлэх гэж огт сонирхолгүй мэргэжил сонгодог. Тиймээс мэргэжил сонгох нь чухал вэ гэдгийг ойлгуулж, хүүхдүүдэд аз жаргалаа олоход нь бид туслахыг зорьж байна.

Ахуйн бараа болон гоо сайхны хэрэглээгээр монголчуудын дунд танил болсон “Amway”-г мэдэхгүй хүмүүс байхгүй биз ээ. Хүмүүсийн дийлэнх нь уг сүлжээг луйвар, бусдад бараа бүтээгдэхүүн “шахдаг” гэх ойлголт нийтлэг. Энэ нь ташаа болохыг тус сүлжээнийнхэн нийгэмд таниулахыг зорьж буй аж. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх хамгийн том хөрөнгө оруулалт бол хүүхдийн боловсрол гэж үздэг байна.

ХООЛ, ХУВЦАС ХАНДИВЛАХ НЬ ГАНДАНД НОМ УНШУУЛЖ ТАЙВШИРДГААС ЯЛГААГҮЙ

Amway” бизнесийг үндэслэгч, бизнес эрхлэгч О.ЭНХСАРУУЛ:

-Хүүхдүүдэд дэлхий ертөнц амьдралыг харах өнцгийг нь өөрчлөх, хувь хүний хөгжлийн боловсрол олгох нь маш чухал. Тэдэнд загас өгөх биш загас барих аргыг нь зааж өгөх нь чухал. Хэдийгээр хоол хүнс, хувцас тусламж боловч Гандан орж, ном уншуулаад тайвшрахаас ялгаагүй. Харин боловсролд нь анхаарч, гар бие оролцож, ид шидийн оронд нэг өдөр ч гэсэн ажиллахад бодит тусламж болох юм.

Ерөнхийдөө сүлжээ гэхээр нийгэмд бараа зарах, амар хялбар аргаар баяжна гэсэн ойлголт байдаг. Ийм ойлголт надад ч байсан. Гэхдээ бүтээгдэхүүнүүд нь надад таалагдсан учраас би судалж, бизнес эрхэлж байна. Үндсэн гол ойлголт нь, хүмүүсийн бизнес эрхлэх сэтгэлгээг хөгжүүлснээр бид орлоготой болдог.

Ер нь хувь хүний хөгжлийн бизнес. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах хүрээнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа.

Ялангуяа ахлах ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад бага оноо авах, хүссэн сургуульдаа тэнцэж чадахгүй байх зэргээр "чөтгөрийн тойрог"-т орж байгаа юм. Ийм тойргоос хүүхдүүдийг гаргахад, өөрийнх нь хүслээр мэргэжлээ сонгоход нь тусалж, хамтран ажиллахыг зорьж байна. Тиймээс эхний ээлжид Улиастайд ерөнхий боловсролын нэг сургуульд төгсөх ангийн 120 хүүхдийн мэргэжил сонголтод нь тусална.

Төслийн хүрээнд долоо хоног бүр Улаанбаатар хотын тур аялал зохион байгуулж, мөрөөдөл, зорилго, төлөвлөгөө гаргах, амьдралаа төлөвлөх зэрэгт нь туслах бүтэн жилийн хөтөлбөр байгаа юм. Төслийн хүрээнд нэг ангийг санхүүжүүлэхэд өртөг 25-30 сая болж байгаа юм.

Өнөөдрийн арга хэмжээнээс цугласан 50 сая төгрөг бол академик боловсрол буюу элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдүүлэх багш нарын санхүүжилт. Үүний дараа хувь хүний хөгжил талаас бид хамтран ажиллана. Уг төслийг “UG palace” төвийнхөн дэмжсэнд талархаж байна. Заал түрээслэх байсан мөнгөөрөө бид хүүхдийн боловсролд хөрөнгө оруулна. Энэ бол 30 саяын бодит хөрөнгө оруулалт юм. Уран бүтээлчид хүртэл өнөөдрийн арга хэмжээн дээр үнэ төлбөргүй дуулж, бидний саналыг уриалгахан хүлээн авсан. Хүүхдийн төлөө, хүүхдийн боловсролын төлөө хүн бүрт бусдад туслах сэтгэл байдгийг өнөөдөр харлаа.


"Ид шидийн орон" төсөл хэрэгжсэнээр 2017 оноос хойш 4.7 тэрбумын хөрөнгө оруулалтыг хүүхэд хамгааллын салбарт зарцуулжээ. Тус төслийнхөн “Хандив бол хуучин хувцас, хог хаягдлаа өгөх биш, хандив бол соёл” гэж онцлов. Үүнтэй ч бас бусад хүмүүс санал нэгдэж байлаа.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “UG palace”-т өнөөдөр болсон сайн үйлсийн эл арга хэмжээнд нийт 1200 гаруй зочин цугласан. Тус төвийнхөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахад зориулж нэг өдрийн орлогоо хандивласан. Өөрөөр хэлбэл, “UG palace” төвийн хурлын танхимыг түрээслэхэд 30 сая төгрөг. Иймд зочдодоо өнөөдрийн арга хэмжээнд нь зориулж заалаа үнэ төлбөргүй ашиглуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж