"Ньюс" агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
АРДЧИЛСАН НАМ УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВДЛЫН САЛХИЙГ ХАГАЛАВ
Шинэ оны эхний долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ долоо хоногийн улс төрийн үйл явдлын салхийг Ардчилсан нам хагалав. Тус намын Онц их хурлыг Улсын дээд шүүх хүчин төгөлдөр гэж бүртгэсэн тухай УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлсэн. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "2021 оны Арванхоёрдугаар сарын 31-нд УДШ-ээс 11 хуудас бүхий тогтоол албан ёсоор гардуулсан. Үүнд ноднин арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн. Тиймээс төлөөллийн төв байгууллага дараагийн шийдвэрийг авч ажиллана. УДШ-ээс нөгөө талд байгаа АН-ын Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Тиймээс тус хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан бүх шийдвэр, тогтоол хүчингүй" гэж мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Захиргааны хэргийн шүүх дээр “УБЕГ-аас С.Эрдэнэд тамга олгосон акт хууль бус" гэсэн гомдлын дагуу үүссэн хэрэг хянагдаж буй. Тус шүүх 2022.01.06-нд С.Эрдэнийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах агуулгаар гаргасан” хүсэлтийг шүүх хүлээж авсангүй. Мөн С.Эрдэнийн өмгөөлөгч О.Баасанхүү МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авсангүй. Ингэснээр АН-ын тамганы шүүх хурал дахин үргэлжлэх болсон талаар Ардчилсан нам мэдээлэв.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН АЛДАГДАЛТАЙ БАЙГААГ "ИЛЧИЛЛЭЭ"
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэв. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас нийгмийн даатгалтай холбоотой таван хуулийн төсөл өргөн барьсан. Бүлгийн гишүүд тус хуулийн төслийг сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын баг байгууллаа. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд суурь тэтгэвэр, тэтгэвэр өвлөгддөг болох, олон төрлийн даатгал зэрэг томоохон шинэчлэл багтаж байгаа тул тооцоо судалгааг сайтар хийх шаардлагатай” гэж мэдээлэв.
Мөн тэрбээр “Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгааг илчилж, "Нийгмийн даатгалын сангийн төсвийг 2022 онд 2.8 их наяд төгрөгөөр баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч буй татаас байгаа юм. Үндсэндээ хоёр орчим их наяд төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулж, түүнийхээ 1.3 орчим их наядыг тэтгэвэрт, үлдсэнийг нь тэтгэмжид өгч байна” гэв.
ОН ДАМЖИН “ДУНШСАН” ДАРХАНЫ ЗАМЫГ ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтыг 2023 оны аравдугаар сараас өмнө дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дарханы 204.11 километр автозамыг 4 эгнээ, хатуу хучилттай болгон өргөтгөх ажил 2019 онд эхэлсэн.
ЗТХЯ-ны мэдээлснээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар уг төслийн I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй нь 62.48 хувьтай байгаа аж.
II багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 18.5, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй, III багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.
IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байгаа аж.
COVID-19-ИЙН ҮЕД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРМЫГ ШИНЭЧИЛЖЭЭ
Засгийн газар Covid-19-ийн үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн батлав. Уг журмыг анх цар тахал тархаж эхэлж байхад баталсан бөгөөд өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нийт хүн амын 66.5 хувь вакцины хоёрдугаар тунд, 28.5 хувь гуравдугаар тунд хамрагдсан тул шинэчлэх шаардлага үүссэнийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлсэн. Мөн уг журмыг ойрын хугацаанд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулна гэв.
Тэрбээр "Нийтээр нь хаадаг, хязгаарладаг байдлаас бид аль болох татгалзаж байгаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааны онцлогт тохируулан тусгай журам боловсруулж мөрдөхөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад халдвар бүртгэгдсэн тохиолдолд ямар зохицуулалт хийхээ тэр журмаараа зохицуулна” гэсэн юм.
БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭГ САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв. Тэрбээр “Багш нарын сургаж, хөгжүүлдэг, цалин нийгмийн хамгааллын асуудлуудыг үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ. Багш нарын цалинг би хувьдаа 3-5 сая төгрөг байгаасай гэж хүсч байна. Тэд шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой. Хамгийн бага цалинтай хүмүүсээс өндөр үр дүн нэхэх нь утгагүй. Боловсролын салбарын багц хуулийг УИХ-д өргөн барьсан.
Энэ оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачилалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш 1 сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг багш нарт хүлээлт үүсгэж болохгүй. Ямартай ч Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг батална. Энэ нь багш нарын хувьд нэг сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ хараахан батлагдаагүй байна" гэв.
ОМИКРОН ХУВИЛБАР ИЛЭРЧ, ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ТОО 1000 ДАВЛАА
Дэлхийд омикрон хувилбар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийн байдлаар 138 улс оронд тархжээ. Манай улсад энэ долоо хоногт омикрон хувилбарын 12 тохиолдол илэрч, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000 давав.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханы хэлснээр "Шинэ жилийн баярын бөөгнөрөлтэй холбоотой халдварын тоо эрс өсч, энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Удахгүй сар шинийн баяр болно. Иргэдийн халдвар хамгааллын дэглэм алдагдах, тэр хэрээр халдварын тоо ихсэх эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд олон хүн бөөгнөрсөн газраар аль болохгүй явахгүй байх, зай барих, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ алдахгүй сахихыг зөвлөж байна" гэсэн юм.
Нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдсан ба үүн дотор энхийг сахиулагч 10, Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг тохиолдол, Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг тохиолдол багтжээ.
ДӨРӨВДҮГЭЭР ТУНГ САЙН ДУРААР ХИЙЛГЭЖ БОЛНО
Манай улсын зорилтот бүлгийн иргэдийн 48.2 хувь нь вакцины гуравдугаар тундаа хамрагдсан. Судалгаагаар, вакцины хамгаалах чадвар 60-65 хувьд хүрчээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины дөрөвдүгээр тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн тухай мэдээлэв.
Судалгаагаар, вакцинд хамрагдсан хугацаа уртсах тусам хамгаалах чадвар нь суларч байгаа аж. Тиймээс дээрх тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлсэн байна. Иргэн гурван тун хийгээд өвдсөн бол өвдсөнөөс хойш 21 хоногийн дараа вакцин хийлгэх боломжтой талаар журам гаргахаар төлөвлөж буйг дуулгав.
Дэлхий даяар омикрон хувилбарын 200-400 мянган тохиолдол өдөрт бүртгэгдэж байгаагийн зэрэгцээ нийт 104 хүн нас бараад байна. Манай улсад 11 дүгээр сарын 27-ноос хойш 104 онгоцоор 10 мянга гаруй хүн ирснээс 411 тохиолдол батлагдсан. Тэдгээрийн дунд 244 энхийг сахиулагч байсны 231-ээс нь халдвар илэрсэн бөгөөд энэ сарын 3, 4-нд эдгэрч эмнэлгээс гарчээ.
ГХЯ: КАЗАХСТАНД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХАЛДЛАГАД ӨРТСӨН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ
Бүгд найрамдах Казахстан улсад онц байдал тогтоосон билээ. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн хэлснээр, Казахстан улсад өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4200 орчим иргэн бий ч халдлагад өртсөн тухай мэдээлэл ГЯХ-нд ирээгүй аж.
Тэрбээр дэлхийн “халуун цэг” болоод буй тус улсад харилцаа холбоо, интернэт тасалдаж, суурин утас ажиллаж байгаа ч ихэнх тохиолдолд тасалдаж, холбоо барих нөхцөл хүнд хэвээр байгааг мэдээлсэн юм. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын хувьд Казахстанд байдал хүндэрвэл иргэдээ татан авах нөхцөл нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэсэнгүй.
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ ГАЛ ГАРАВ
“Таван толгой” ХХК-ийн баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарсны улмаас тус үйлдвэрийн нэг шугам бүрэн ажиллагаагүй болов. Гэвч сайжруулсан түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж буйг албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймэр тархаагүй байна. Харин үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн ч 7 шугам нь хэвийн ажиллаж байгаа аж. Гал гарсан шугамд үзлэг хийж дууссаны дараа буюу 14-20 хоногийн дотор нөхөн сэргээх боломжтой юм байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Гал гарсан шугамын хувьд өдөрт 150 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан хэдий ч шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдана. Энэ шугамыг нөхөх зорилгоор Зүүн бүсийн буюу Налайх дүүрэгт байрлах үйлдвэрийн нөөц шугамыг ажиллагаанд оруулсан. Мөн тус үйлдвэрт ажиллах нөөц ажилчдыг бэлтгэсэн. Тиймээс өнөөдөр 640 цэгээс ирсэн 3080 тонн түлшний захиалгын нийлүүлэлт хэвийн байна" гэв.
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-Д 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЖЭЭ
ШӨХТГ-аас 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд шинэ автомашины импорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Япон Улсын "Тоёота мотор корпорац"-ын Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Өрсөлдөөний хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлж, өнгөрсөн оны 11-р сарын 3-нд тус компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээжээ.
Улмаар “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.1 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулав.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮГ АТГ-ААС СААТУУЛАН ШАЛГАЖ ЭХЛЭВ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас баривчлан, шалгаж эхэлсэн. АТГ-аас түүнийг 48 цаг түр саатуулж, түүнд холбогдох хэргийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байгааг мэдээлсэн юм. Улмаар "Хуулиараа прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын талаар мэдээлэл өгнө" гэв.
Хуулийн байгууллагын эх сурвалжийн өгсөн мэдээллээр Д.Нямхүүг үргэлжлүүлэн цагдан хорихгүй бөгөөд түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валютаас гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон аж.
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ