"Азийн түвшний тэмцээн хийж болдгийг харуулахыг зорьж байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.09-нд нийтлэгдсэн

"Азийн түвшний тэмцээн хийж болдгийг харуулахыг зорьж байна"

"Азийн түвшний тэмцээн хийж болдгийг харуулахыг зорьж байна"

Монголын спортын 15 холбооны нэгдсэн УАШТ-ий нээлт өчигдөр/2021.01.08/ "Мөсөн өргөө-Степпе арена"-д боллоо. Монголын спортын корпорациас зохион байгуулж буй энэ удаагийн нэгдсэн тэмцээний эхний өдөр хүндийн өргөлт болон шатрын төрлүүд эхлэв.

Нээлтийн өдөр нэгдсэн УАШТ-ийг анх удаа санаачлан зохион байгуулж буй Монголын спорытн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяраас тэмцээний талаар тодрууллаа.

Тэрбээр “Спорт холбоод хамтдаа нийлж, Азийн наадмын түвшний тэмцээн хийж болдгийг харуулахыг зорьж байна. Спортын төрлүүдээ сонгохдоо бид аль болох шинэ спортын төрлүүдийг олон нийтэд таниулах, солонгоруулахыг зорьсон. Үндсэн гол санаа нь хүн спортоор хичээллэхэд тусгай хэрэгцээ шаардлага хамаарахгүй, хөдөлгөөн хийхэд л болно гэх концепцийг барьж, эдгээр спортуудыг сонгосон. Бүх нийтийн спорт, тулааны спорт, тэргэнцэртэй спорт гээд бүхий л төрлүүд багтаж байна” гэв.

Нэгдсэн УАШТ-ий медаль нь NFT агуулдгаараа онцлогтой. Энэ талаар тэрбээр ярихдаа “Манай компаниас блокчейн дээр суурилсан Азийн спортын NFT биржийг албан ёсоор нээж байна. Өнөөдөр албан ёсоор зарлалаа. Ирэх Мягмар гаригаас манай NFT хөрөнгө байршиж эхэлнэ. Нэгдсэн улсын аваргаас медаль хүртсэн тамирчдын медаль нь NFT дээр, блокчейн дээр нэмэгдэж явна” гэв.

Бид энэ ондоо 15 төсөл хэрэгжүүлнэ. Эхнийх нь нэгдсэн улсын аварга. Нийгмийн бүх бүлэг рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна.

Мөн нэгдсэн улсын аваргын хүрээнд хаалттай бонд гаргаж байгаа аж. Тэрбээр үргэлжлүүлэн “Холбоодын нэгдсэн улсын аварга маань бүтээгдэхүүн, хөрөнгө болж бүртгэгдэж байна. Цаашдаа эрүүл, өөрөө өөрийгөө авч явах зорилгоор энэхүү 10 өдрийн арга хэмжээгээ бид санхүүгийн хэрэгсэл болгон, хаалттай бонд гаргаж байна. Спортын төслийн хүрээнд энэ нь анхдагч” хэмээн ярилаа.

Нэгдсэн улсын аваргад өөрсдийн спортын төрлүүдээ оролцуулж буй холбоодын төлөөлөлтэй ярилцлаа.

Монголын жюү жицү холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ:

-Нэгдсэн улсын аварга зохион байгуулагдсанаар спорт хоорондын нэгдэл, маркетинг, менежментийн тал дээр шинэлэг зүйл болж байна. Монголын спортын корпораци ч үүн дээр сайн ажиллаж байна гэж манай холбооны зүгээс үзэж байна. Манай тэмцээн нэгдүгээр сарын 12-ны өдөр болно. Анх удаа бүсний ангилалгүй улсын аварга болох гэж байна. Жил бүр манайх бүсний ангилалтай хийдэг байсан. Бид Азийн тоглолтын эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв гээд нийт найман жингийн тэмцээнээ бүсний ангилалгүй хийнэ. Шалгарсан тамирчид маань Азийн тоглолтын шигшээ багт дуудагдаж, есдүгээр сард болох тэмцээнд оролцоно.

Монголын электрон спортын холбооны генсек А.Амаржаргал:

-Бидний хувьд PUBG Mobile төрлийн тэмцээнээ зохион байгуулж байна. Аварга баг нь энэ жилийн Азийн наадамд оролцоно. Ерөнхийдөө оноо цуглуулах байдлаар Азийн наадамд оролцох болзлоо хангана. Одоогийн байдлаар нээлттэй сонгон шалгаруулалтаас 30 гаруй баг, урилгаар мэргэжлийн багууд оролцож байна. PUBG Mobile төрлийг уламжлалт төрлүүдтэйгээ ойролцоо, хүмүүст илүү танигдсан гэдэг утгаар сонгосон. Мөн "Степпе арена"-д 64 хүн суулгаад, тэмцээн хийнэ гэдэг сонирхолтой, шинэлэг зүйл.

Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Өнөболд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт, нийлбэр дүнгээр 3 ангилалдаа тэргүүллээ. Тэрбээр Монгол Улсын рекордыг хоёр удаа буюу түлхэлттэй өргөлтөөр 101 кг, хоёр дахь оролтоороо 105 кг-ыг өргөж шинэчлэв. Нийлбэр дүнгээр 191 кг өргөж, сүүлийн таван жил дараалан түрүүлж байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер, "Алдар" спорт хорооны тамирчин н.Эрдэнэзул түлхэлттэй өргөлтөөр дараалан хоёр (93кг, 98 кг) удаа улсын дээд амжилтыг 6 кг-аар ахиулан шинэчлэн тогтоож, нийлбэр дүнгээр 174 кг өргөж, аваргын болзол хангалаа.

Харин Элит Брэйн олон улсын шатрын академийн нэрэмжит "Элит Гран При" тэмцээн өчигдөр болж, гавьяат тамирчин, их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Г.Мөнхгал, С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул тэргүүтэй нийт 50 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулав. Тэмцээний эрэгтэй төрөлд Д.Батсүрэн, эмэгтэй төрөлд Т. Мөнхзул нар шалгарч, алтан медаль хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж