НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх долоо хоногт яаралтай хуралдаж, Хойд Солонгосын хөөргөсөн пуужингийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. НҮБ-аас мэдээлснээр, АНУ, Их Британи, Франц зэрэг таван орон Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан хийх хүсэлт гаргасан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг маргааш буюу Даваа гариг (2022.01.10)-т хуралдуулахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын "Родонг Синмун" сонин тус улс хэт авиан пуужин харвасан талаар мэдэгдсэн. Туршилтад Япон, АНУ баллистик пуужингийн технологи ашигласан нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
KCNA агентлагийн мэдээлснээр, пуужин 700 км зайд буй байдаа оновчтой туссан байна.
БНАСАУ газарт суурилуулсан төхөөрөмжөөс баллистик байж магадгүй пуужин Япон тэнгис рүү харвасан гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр, пуужин Японы тэнгист тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.
Өнгөрсөн оны ес, аравдугаар сард Хойд Солонгос пуужин харвах үед Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж байв. Барууны орнууд пуужин хөөргөхийг буруушаасан мэдэгдэл хийхийг уриалсан ч БНХАУ, ОХУ эсэргүүцжээ.
Тус хоёр улс Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг бусад улс оронд уриалж, барууны орнуудаас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсээр буй юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг дахин нэгдсэн фронт гаргаж чадахгүй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: YONHAP, TASS, KCNA
Холбоотой мэдээ