Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16095.8 сая ам.доллар болжээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 3220.5 сая ам.доллар буюу 25 хувиар өссөн дүн юм.
Экспорт импортын дүнгээс 2398.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав. Экспортод 9247.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар ихэссэн байна. Экспортын барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзлэв.
Экспортын барааны нийт дүнд:
Эрдэс бүтээгдэхүүн 7516.0 сая ам.доллар буюу 81 хувь;
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 89 сая ам. доллар буюу 1.0 хувь;
Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 1025.4 сая ам. доллар буюу 11.1 хувь;
Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 47 сая ам.доллар буюу 0.5 хувь;
Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 370.7 сая ам.доллар буюу 4.0 хувийг тус тус эзэлжээ.
Эдгээр нь нийт экспортын дүнгийн 97 хувь болж байна. 2021 онд экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 92 хувийг БНХАУ-д гаргажээ.
Харин жоншны 72.6 хувийг БНХАУ-д, 27.4 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 84.3 хувийг Италид, самнасан ноолуурын 70 хувийг Италид, 14.4 хувийг Их Британид; ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны 15.4 хувийг БНСУ-д, 84.6 хувийг Швейцар руу тус тус экспортолжээ. Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92 хувь болж байна.
Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортолсноос:
БНХАУ-д 82.6 хувь,
Швейцарт 9.4 хувь,
Сингапурт 2.8 хувь,
БНСУ-д 2.4 хувь тус тус ногдож, нийт экспортын 97 хувийг дээрх орнууд эзэлжээ.
Гаалийн байгууллага гадаад худалдааны өнгөрсөн оны гүйцэтгэлийг экспортын 25.8519, импортын 246.012 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргасан байна. Үүнээс тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 12.620, импортын 40.93 мэдүүлэг байжээ.