Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"УЛААНБААТАРТ НИСДЭГ ТЭРЭГ ХӨӨРЧ, БУУХ 11 ТАВЦАН БИЙ"
ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн албаны дарга, инженер-нисгэгч Г.Цолмонтой ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр баталснаас хойш даруй гурван жил өнгөрчээ. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгөв үү. Хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн үү?
-Юуны өмнө Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ оны эхний босгон дээр учран золгож байгаад баяртай байна.
Тэгэлгүй яах вэ, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Үндэсний хэмжээний хөтөлбөр болгон батлуулсан. Тус хөтөлбөр нь үндсэн долоон зорилтоос бүрдсэн байдаг. Нэг дэх зорилтод эрх зүйн орчныг бүрдүүлэхээр арга хэмжээг тодорхойлсон байдаг. Дээрх зорилтын хүрээнд Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой Иргэний нисэхийн багц дүрмүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар 2019, 2021 онуудад тус тус шинэчлэн батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Тус дүрмүүдийн хүрээнд төр, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид болон хувь хүн өөрийн хэрэгцээндээ агаарын хөлөг эзэмшиж, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж, Монгол Улсад бүхий л боломжит нислэгийг үйлдэх боломж бололцоо бүрдсэн.
-Мэргэжилтнүүд “Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам таруу суурьшдаг онцлогтой тул бага, жижиг оврын нисэх онгоц маш тохиромжтой” гэж үздэг. Энэ төрлийн нислэг манай улсад хөгжиж байна уу?
-Тийм ээ, мэргэжилтнүүдийн байр суурьтай 100 хувь санал нийлж байна. Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх нь стратегийн өндөр ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Ерөнхий зориулалтын нисэхийн талаар нийгэмд маш их мэдээ мэдээлэл гарч, ойлголтын зөрүү нэг төвшинд хүрч, хэрэгцээ шаардлага тулгарч байгааг амьдрал дээр харуулж байна. Дэлхий даяар үйлдэгддэг нислэгийн 90 орчим хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг бөгөөд 400 мянга гаруй агаарын хөлөг, 1.3 сая нисгэгч энэ салбарт харъяалагдаж байна. Харьцуулбал, арилжааны нислэгт ердөө 50 мянга гаруй агаарын хөлөг нислэг үйлдэж, 600 мянга гаруй нисгэгч ажиллаж байна. Монгол Улсад нислэг үйлддэг гадаад, дотоодын бүртгэлтэй 49 агаарын хөлөг байна. Үүнээс нислэгийн зорилгоос хамааран ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр 30 орчим агаарын хөлөг нислэг үйлдэж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал ерөнхий зориулалтын агаарын хөлгийн тоо, үйлдэх нислэгүүд маш ихээр нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Цаашдаа ч багагүй нэмэгдэх хандлагатай байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"УОК 24 МЯНГАН ИРГЭНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН"
Цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн талаар хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Үүний нэг жишээ нь, гадаадаас ирсэн иргэдийг олон хоногоор тусгаарласан шийдвэр байв. УОК-оос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 удаа шийдвэрээ өөрчилсөн ч албажаагүй шийдвэр хэрэгжүүлж, олон мянган хүний эрхийг хязгаарлан, ноцтой зөрчил гаргасан талаар хуульчид судалж тогтоожээ. Энэ талаар “Өмгөөллийн фиделитас партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахлын үед хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна гэдгийг хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Та бүхний хувьд тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
-Манай баг өнгөрсөн зургадугаар сард “Нээлттэй нийгэм” форумын нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт хоёр төслөөр шалгарсан. Бүтэн зургаан сарын турш уйгагүй ажилласны үр дүнд шүүхэд хандахаас өмнөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатны үр дүнд хүрсэн.
Нөгөө төслийн тухайд ярихгүй юу. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн гэсэн үү?
-Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирсэн Covid-19 халдварын шинж тэмдэггүй иргэнийг 35 хоног тусгаарласан хоёр шийдвэрт холбогдох нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр арванхоёрдугаар сарын 30-ны өдөр үүссэн. Өнөөдөр “Нээлттэй нийгэм” форумын хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” энэ төслийг голлон ярья.
Улсын онцгой комисст арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гурав дахь удаагаа сунгасан цар тахлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.8 дахь заалтаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах” эрх олгосон. Судалгаа, шинжилгээ хийлгүй баталсан энэ хуулиар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комисс зэрэг байгууллагад хэм хэмжээний акт батлах эрх олгосноос цар тахлын үеийн хүний эрхийн зөрчил ихээр гарсныг манай баг ажиглаж, Цар тахлын тухай хууль дээр үнэлэх нь сэдэвт судалгааг хийж, хэвлэлтэд шилжүүлсэн.
Манай баг төслөө бичиж байх үед буюу 2021 оны тавдугаар сард Улсын онцгой комиссын долоо дахь удаагийн шийдвэр болох 2021 оны тавдугаар сарын 7-нд тусгаарлах байранд долоо хоног, гэрт нь долоо хоног нийт 14 хоног тусгаарлах шийдвэр хүчин төгөлдөр байсан. Үүнээс хойш гурван удаа шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн шинж тэмдэггүй иргэнийг тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон 10 удаагийн шийдвэр гаргаад байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ АЙМШИГТ УТААНААС АВАРНА"
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
ДЭЛХИЙН 31 ОРОНД 438 ЦӨМИЙН РЕАКТОР АЖИЛЛАЖ БАЙНА
-Хүн төрөлхтөн цөмийг илрүүлж, цөмийн эрчим хүч ашиглаж эхэлсэн түүхээр энэ удаагийн ярилцлагаа эхлүүлэх үү?
-Одоогоос 100 гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн цөм гэгч зүйлийг анх шинээр нээн илрүүлж, судалж эхэлсэн байдаг. Тодруулбал, анх 1896 онд Францын физикч А.Беккрель ураны давснаас нүдэнд үл үзэгдэх цацраг ялгарч буйг санамсаргүй тохиолдлоор олж нээжээ. Удалгүй Францын физикч Пери Кюри Польш гаралтай эхнэр Мари Кюригийн хамтаар цацраг идэвхийг нээж, уг нүдэнд үл үзэгдэх цацраг гурван янзын өөр шинж чанартайг илрүүлж, латин цагаан толгойн эхний гурван үсгээр Альфа, Бета, Гамма цацраг гэж нэрлэсэн байна. Харин 1911 онд Английн физикч Эрнист Резерфорд /Ernest Rutherford/ алтны нимгэн ялтсаас альфа бөөм сарниж байгааг илрүүлснээр атомын цөмийг анх илрүүлсэн түүхтэй. Ингээд энэ төрлийн судалгаа, шинжилгээ цааш үргэлжилж, Итали гаралтай, Америкийн физикч Энрико Ферми өөрийн багийн хамт цөмийн хуваагдлын явцад их хэмжээний энерги ялгарч, түүнийг удирдлагатайгаар явуулж болохыг анх туршсанаар хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэж эхлэх үндэс суурь тавигджээ.
-Хамгийн анхны цөмийн эрчим хүчний реактор хаана бүтээгдэж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Зөвлөлт Холбоот Улс буюу одоогийн ОХУ-ын Обинскт анхны цөмийн реактор ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Цөмийн эрчим хүчний станц гэдэг нь цөмийн хуваагдах гинжин урвалыг удирдлагатайгаар явуулж, эрчим хүч гарган авдаг төхөөрөмж юм.
-Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд нийт хэчнээн цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна вэ?
-2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага”-аас гаргасан. Үүний ихэнх нь Зүүн Азийн орнууд, Хятад зэрэг улсад байх төлөвтэй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
УЙТАЙ УЛААНБААТАРТ ХӨГ НЭМЭХ "ДҮЛИЙ МУУРНУУД"
"Блюз хүүхэд төрүүлсэн, тэр хүүхдийн нэр нь Рок-н-ролл" хэмээн Америкийн дуучин Мадди Уотрс хэлсэн байдаг. Тэгвэл баялаг түүх, аялгуу хэмнэлээрээ дэлхийг байлдан дагуулдаг Блюз урсгалаар Монголд тоглодог цөөхөн хамтлаг бий. Байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон “Deaf cats” хамтлагийнхантай ярилцлаа.
-Танай хамтлагийн нэр их сонирхолтой. Монголоор "Дүлий муурнууд" гэж байгаа. Яагаад ийм нэр өгөх болов?
Гоцлол дуучин Ц. Ариунбулган:
-1930-аад оны үед жазз,блюз урсгалаар тоглодог африкчуудыг "Cat" гэдэг байсан. Яагаад гэхээр нийгэм нь тэднийг их гадуурхдаг байж. Тиймээс яг муур шиг шөнө олон хүний нүднээс далд, газар дор тоглодог байжээ. Мөн жазз, блюз хөгжмийн хэмнэлийг муурын алхаатай зүйрлэдэг. Бид энэ урсгалаар тоглож байгаа юм чинь өөрсдийгөө "Cat" гэж нэрлэсэн. "Deaf" гэдэг нь дүлий гэсэн утгатай үг. Сонсголгүй хүмүүс хүний юу гэж хэлж байгааг сонсдоггүй шиг манай хамтлагийг шүүмжилсэн хүмүүсийг огт сонсолгүй гэсэн агуулгатай. Зөвхөн өөрсдийнхөө дуу хоолойг сонсч уран бүтээлээ хийнэ гэсэн утгаар “Deaf cat” гэж нэрлэсэн дээ.
-Тэгвэл та нарыг монголчууд хэр хүлээн авч байна. Залуу хамтлагууд, тэр тусмаа амьд хөгжмийн хамтлагууд нэр алдарт гарахд хэцүү байдаг уу?
Гоцлол дуучин Ц.Ариунбулган:
-Ялангуяа амьд хөгжмийн хамтлагуудыг нийгэм их буруугаар ойлгодог. Хорт зуршлуудад донтсон, буруу зүйл рүү бусдыг уриалдаг гэж боддог. Ялгаагүй хөгжмийн нэг төрөл, урлаг шүү дээ. Дуу хөгжимгүй ертөнц үнэхээр уйтгартай байх нь мэдээж. Тэр дундаа амьд хөгжим нийгэмд маш их хэрэгтэй. Бусдад аз жаргал, эрч хүчийг мэдрүүлж байдаг. Үнэндээ манай хамтлагт урлагийн чиглэлээр суралцдаг хүн байхгүй. Бүтээсэн дуунуудаасаа аз жаргалыг мэдэрч байвал болоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ