Эрх баригчид багш нарын цалинг сонгуулийн өмнөх жилүүдэд л нэмдэг. Тухайлбал, 2007, 2010, 2012, 2018, 2020 онд багш нарын цалинг нэмж байв. Өнөөдөр 25 жил улсад ажилласан багш 850 мянган төгрөгийн цалин авч байна. Харин хувийн сургуулийн багш нар хамгийн багадаа 2.5 сая төгрөгийн цалин авч байна. Тиймээс багш нарын цалинг улсын дундаж буюу 1.3 сая төгрөгтэй тэнцүүлэх, цаашид багш нарын цалинг инфляцтай уялдуулан нэмж байх нь зөв гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэж байсан удаатай.
Тэгвэл багш нарын цалинг нэг сая төгрөгт хүргэнэ гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.01.07/ чуулганы үеэр хэллээ. Тэрбээр "Багш нарыг сургаж, хөгжүүлдэг, цалин нийгмийн хамгааллын асуудлуудыг нь үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ. Багш нарын цалинг би хувьдаа 3-5 сая төгрөг байгаасай гэж хүсч байна. Тэд шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой. Хамгийн бага цалинтай хүмүүсээс өндөр үр дүн нэхэх нь утгагүй. Боловсролын салбарын багц хуулийг УИХ-д өргөн барьсан.
Энэ оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачилалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш 1 сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг багш нарт хүлээлт үүсгэж болохгүй. Ямартай ч Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг батална. Энэ нь багш нарын хувьд нэг сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ хараахан батлагдаагүй байгаа" гэв.
Холбоотой мэдээ