Хотын дарга Д.Сумъяабазар авлигыг "цэцэглүүлэгч" зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, зочлох үйлчилгээ зэрэг 74 чиглэлийн үйл ажиллагааа явуулахад ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжтойг дуулгасан.
Тэгвэл нэгдүгээр сарын 6-ны байдлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 162 гаруй хүсэлт ирж, бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдээс худалдааны чиглэлээр 91, хоол үйлдвэрлэлд 22 , ахуй үйлчилгээнд 15, авто үйлчилгээнд 14, зочлох үйлчилгээнд хоёр, соёл урлагт дөрөв, үйлдвэрлэлийн чиглэлээр долоо, тоглоомын чиглэлээр зургаан хүсэлт тус, тус ирүүлжээ.
Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуйн нэгж байгууллага жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөг зарцуулдаг аж.
Дээрх шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Энд нэг зүйлийг онцлоход, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хуулиар зохицуулдаг учраас баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллагууд тусгай зөвшөөрөл заавал авна. Харин үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардагдахгүй юм.
Дашрамд дурдахад, 2020 оны судалгаанд “Бизнесийн салбарынханд авлига, хээл хахууль хүндрэлтэй, төрийн үйлчилгээ, хүнд суртал бизнест хамгийн их саад болж байгаа”-г онцолсон байдаг. Төрийн байгууллагын дарамт шахалтаас болоод дампуурсан, хаалгаа барьсан нь ч бас цөөнгүй. “Авлига өгөхгүй бол албаны хүмүүсийн араанд зуугдана. Захын цагдаа, мэргэжлийн хяналтынхан орж ирээд дээрэлхэнэ” гэдгийг ч бизнес эрхлэгчид ярьсан удаатай.
Холбоотой мэдээ