Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон аж. Иргэн н.Туул манай редакцитай холбогдож, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярьсан юм.
н.Туул:
-Би өөрөө хөгжлийн бэрхшээлийн иргэдийн нэг. Цар тахлын тухай хууль батлагдаж, 100 мянган төгрөгний тэтгэмж бидэн дээр нэмэгдэн сар бүр 288 мянган төгрөг авч байв. Гэвч одоо энэхүү 100 мянган төгрөгний нэмэгдэл маань зогсч, эргээд 188 мянган төгрөг авдаг боллоо. Монголд 145 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хүн бүр өөрийгөө илэрхийлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй, янз бүрийн асуудлууд бий. Бид нарын төлөө байх ёстой Нийгмийн даатгалын сан болон түүний хэрэгжүүлж буй хөтөлбөрүүүд хөрсөн дээрээ буухгүй, хүртээмж муу байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө зам, талбай бүтээ, барь л гээд яриад байдаг. Зам л байвал болчих юм шиг яриад байна. Үнэндээ эдгээр хүмүүсийн амьдрал, ахуй хэцүү байна шүү дээ. Бензин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр л өсч байна.
Бид ямар хоёр сая төгрөгнийхөө нэг саяыг хасуулж байгаа. Сардаа ганц л удаа 288 мянган төгрөг авдаг байсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн байгууллагууд их байна. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр бид нарын эрхийг хамгаалах өдөр гэж бий. Хэдэн гар урлал, хоол үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн дүрсийг телевизээр, мэдээг нь сонин сайтуудаар цацаад л өнгөрдөг. Гэтэл ард нь эрхээ мэдэхгүй, хамгаалуулж чадахгүй, хүртэх ёстой халамжаа авч чадахгүй өчнөөн хүн байна. Нөгөө бид нарын нэрийг барьдаг байгууллагууд яагаад дуугарахгүй, ойлгохгүй байна вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн ч төр засгийн хандлага өөрчлөгдөхгүй байна.
Нийгмийн даатгал, халамжийн мөнгө хоёр бол өөр ойлголтууд. Халамжийн мөнгийг төрөхөөсөө, багаасаа гэмтсэн, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хүмүүст олгодог. Харин нийгмийн даатгалын мөнгийг ажиллаж байх хугацаандаа гэмтсэн хүмүүст хөдөлмөрийн доод хэмжээгээр олгодог. Тасралтгүй гурван жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн хүн л нийгмийн даатгалын 350 мянган төгрөг авдаг. Гэтэл бид нарт ажил, хөдөлмөр эрхлэх боломж тааруу. Гурван жил тасралтгүй ажиллана гэдэг хэцүү. Ажлын байр алга.
Заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хасах шаардлага байсан уу? Өөр аргаар мөнгө хэмнэх арга Засгийн газарт байгаагүй гэж үү? Энэ 288 мянган төгрөгөөр амьдардаг гэр бүлүүд улсын хэмжээнд олон байна ш дээ. Бид барилга, байгууламж, цэцэрлэгт хүрээн, стандартын шат хүссэнгүй. Зүгээр л 288 мянган төгрөгөө хасахгүй олгооч гэж төр засгаасаа гуйж байна. Мөн нийгмийн даатгалын тухай хуулиа эргэн харах хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ