Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэн эцэг эхчүүд сонголттойгоор авахаар болсон билээ. Тодруулбал, эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргаснаар энэ оны долдугаар сар хүртэл бэлнээр авах боломжтой. Харин энэ оны долдугаар сарын 1-нээс хуримтлал хэлбэрээр хүүхдийн мөнгө олгогдох талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм.
Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхдийн мөнгө олгох журам шинэчлэгдэж байгаа. Төсөв нь Сангийн сайдын багцад шилжсэн ч хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлэх, зохицуулалт гаргах гэх зэрэг ажил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт хэвээрээ байгаа. Одоо журмаа боловсруулж байгаа тул Засгийн газрын дараачийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох шинэчилсэн журмаа батлахаар ажиллаж буй. Хүүхдийн мөнгөний тухайд эцэг эхчүүд хүсвэл 100 мянган төгрөгийг авч болно. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа. Ингэхдээ “E-barimt” системийг ашиглан дансыг нь авч 300,000 төгрөг, вакцины 50,000 төгрөг олгосон туршлага бий.
Иймээс “E-barimt”, “E-halamj” аппликэйшнийг хөгжүүлж байна. Мөн эдгээрийг "Е-Mongolia"-д холбоно. Хэрэв гар утас, цахим хуудсаар дамжуулан хүсэлтээ илэрхийлэх боломжгүй бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын бүхий л хэлтсүүдээр дамжуулж хүсэлтийг авна. Аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдийн мөнгийг олгох болно" гэв.
Холбоотой мэдээ