Үзэгчдээс шинжилгээ авах 10 хоногийн “настай” журам

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Үзэгчдээс шинжилгээ авах 10 хоногийн “настай” журам

Үзэгчдээс шинжилгээ авах 10 хоногийн “настай” журам

Улсын онцгой комисс халдвараас сэргийлэх нэрийдлээр удаа дараа шинээр зохицуулалт хийж, арга хэмжээ авах болсноо зарладаг болсон. Он гарахын өмнө гэхэд л урлаг, соёлын үйл ажиллагааг танхимын дүүргэлт 50 хувь байхаар зохицуулалт хийсэнтэй холбоотойгоор шинэ журам гаргаснаа танилцуулсан. Гэхдээ Улсын онцгой комисс, Засгийн газраас иргэдэд үйлчлэхдээ заавал гуравдугаар тунг баримтаар баталгаажуулах, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардсан юм. Энэ шийдвэр иргэд, аж ахуйн нэгжүүдийн аль алинд нь халгаатай байгааг тухайн үед хэлж байсан ч хэн ч тоогоогүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр тус шийдвэр хэрэгжиж байгаа эсэхийг дахин сурвалжиллаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөл хориотой  байсан кино театр, үзвэр үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг л хүсч байна. Гэтэл эрх бүхий байгууллагуудаас хариуцлагын гэрээнээс гадна шаардах хуудас, мэдэгдэл хүргүүлж, хэвийн ажиллагааг нь доголдуулж байгаад тэд гомдолтой байгаа гэлээ.

Хэдийгээр үүд хаалгаа нээсэн ч өнгөрсөн сард хэрэгжиж байсан түр журмын шийдвэрээс болж үзэгчид, үйлчлүүлэгчдийн тоо эрс багассан. Жүжиг үзэх иргэд болон зарим тусгай захиалгат үзвэр үзэх иргэд гуравдугаар тундаа хамрагдаагүй тохиолдолд 20 мянган төгрөгөөр шинжилгээ өгч байсан. Гэхдээ тус шийдвэрийг аж ахуй нэгж болоод иргэд чанд сахиж байсан ч хоёр дахь долоо хоногоос албан журам шаардлага гараагүй учир хэрэгжүүлэхээ больсон байна.

АЛБАН ШААРДЛАГА НЬ БАТЛАГДААГҮЙ БАЙХАД АРД ИРГЭДЭД ТУЛГАН ШААРДСАН УУ?

Халдварын тархалт өндөр, өвдөх магадлал их байгаа ч  Covid-19-ийн батлагдах тохиолдол нэмэгдэж байгаа нь 100 хувь иргэдээс хамаараагүй. Гэтэл УОК, ЭМЯ зэрэг нэгжүүд халдвар ихээр тархаж байгаа нь иргэдийг халдварын дэглэм сул барьсантай холбож байгаа. Тиймээс улиг болсон хэрэгжилтэд хяналт байхгүй шийдвэрүүд гаргаж иргэдээ холгодог. Дэлхий нийтээр цар тахалтай дасан зохицох хэв маягт шилжээд байгаа ч Монгол Улс шилжээгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Үзвэр үзэх тоолондоо шинжилгээ өгөхөөс өөр аргагүй болсон иргэд нэгнээ хүндэтгэж шийдвэрийг аргагүй эрхэнд дагаж, шинжилгээ өгч байлаа. Гэтэл тус шийдвэр нь бүх аж ахуй нэгжүүдэд адил хэрэгжээгүйд байгууллагууд ч дургүй байна.

Нийслэлд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг тоотой хэдхэн театр бий.  Улсын драмын, Дуурь бүжгийн, Хүүхэлдэйн болон мөн кино театрууд. Эдгээр байгууллагаар үйлчлүүлэх иргэд таашаал авахаас илүү бухимдалтай байгаа нь нэг талаар харамсалтай. Иргэдээ сүрдүүлж, барьцаалсан шийдвэр удаа дараа гаргаж буй УОК үргэлж сайн дурын үндсэн дээр хэмээн тодотгож тулган шаарддаг болохыг ч иргэд хэлж байв.

Улсын драмын эрдмийн театрын хувьд 2021 оны арваннэгдүгээр сарын 5-наас  гуравдугаар тун, эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэж үзвэр үзүүлэх болсон. Харин энэ онд тус шийдвэр үргэлжилж хэрэгжих эсэхийг асуухад “Сайн мэдэхгүй байна. Ямартай ч нэгдүгээр сарын үзвэр 28-наас эхэлж байна. Тухайн үед дээрээс ямар чиглэл ирнэ түүний дагуу л бид журмаа мөрдөнө” гэсэн юм.

Улсын драмын театрын угтах ажилтнаас энэ талаар тодруулахад “Улсын онцгой комиссоос гаргасан захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулна. Үзвэрийн танхим, заалны халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах, хүн хоорондын зайг тодорхойлсон. Гэхдээ хамгийн чухал нь халдвартай иргэн танхимд орж ирж бусад хүнд тараах эрсдэл өндөр учир Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж, бичиг баримтыг заавал шалгаж байж нэвтрүүлэхээр болсон. Дээрээс өгсөн чиглэлийн дагуу бид Covid-19-ийн үед дасан зохицож ажиллахаас өөр аргагүй. Үзвэр үзэх гэж байгаа иргэд бухимдахаас илүүтэй энэ шийдвэрийг харин ч дэмжиж байгаа санагдсан” гэлээ.

Драмын жүжиг үзэхээр зорин ирсэн ч хараахан гуравдугаар тундаа хамрагдаагүй иргэд төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр дугаарлаж байсан бол одоогоор үзвэрийн тов гараагүй учир театр хүнгүй байлаа.

Хүмүүсийн хэлж байгаагаар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дэмжих нь зөв. Харин төрийн байгууллагууд төлбөртэй шинжилгээ авч байж нэвтрүүлнэ гэсэнд дургүйлхэж байгаагаа илэрхийлэв. Зарим хүн эдийн засаг хүнд байгаа энэ үед ганц жүжиг үзэх гэж дахин зарлага гаргах хэцүү байгаагаа ч хэлсэн юм.

КИНО ТЕАТРУУДАД III ТУН, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ АЛИНЫГ Ч ШАЛГАХГҮЙ

Биднийг үзвэр, үйлчилгээний байгууллагуудаар ороход, ялангуяа кино театруудад албан мэдэгдэл ирээгүй учир иргэдийн халууныг хэмжиж, QR код уншуулаад л нэвтрүүлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг сонссон ч албан бичгээр хүлээж аваагүй учир иргэдэд хүндрэл учруулахгүйг зорьж ажиллаж байна гэв.

Ямартай ч театрт хэрэгжиж байсан журам хоёр долоо хоног хэрэгжээд л замхарсан байна. Харин бусад үзвэр үйлчилгээний газарт III тунг шалгах ч сонирхогүй байгаа нь харагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж