Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан, Засгийн газраар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хуулийн төслийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, санал авах зорилгоор өнөөдөр (2022.01.07) хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэхүү хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг шинэчлэн боловсруулах үндэслэлийн тухайд
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд “эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлнэ, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлнэ” гэж заасан билээ.
Мөн тогтвортой хөгжлийн засаглалын хүрээнд “төрийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлнэ” гэж заасан.
Өдгөө мөрдөгдөж буй төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого 2009 онд батлагдсан ба 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар Төрөөс баримтлах бодлогын үргэлжлэх хугацааг 8-10 жил гэж заасны дагуу өнгөрсөн жил хугацаа нь дуусгавар болсон билээ.
УИХ-аас 2009 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн /цаашид “ТХХТ” гэх/ талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг, 2010 онд Концессын тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн.
Төсвийн тухай хуулийн Төр ба хувийн хэвшлийн түншлэл гэсэн 30 дугаар зүйлд ТХХТ-ийн хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх суурь зохицуулалт болон Өрийн удирдлагын тухай хуульд улс, орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээнд тавих шаардлагыг тусгасан байна.
Хөрөнгө оруулалтын тухай, Чөлөөт бүсийн тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай зэрэг 10 гаруй хуульд тухайн төсөл, арга хэмжээг концесс болон ТХХТ-ийн дагуу, эсхүл ТХХТ-д тулгуурлан хэрэгжүүлнэ гэж заасан боловч чухам тухайн түншлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, төр болон хувийн хэвшил ямар оролцоо, чиг үүрэгтэй нь тодорхойгүй, санхүүжилтийг хэрхэн шийдэх, ТХХТ-ээр хэрэгжүүлэх төслийг хэрхэн сонгох, эрэмбэлэхтэй холбоотой зохицуулалт, эрх зүйн орчин бүрхэг.
ТХХТ-ийн талаарх нэгдсэн бодлого, үзэл баримтлал бий болгох, дээр дурдсан хууль тогтоомжууд дахь ТХХТ болон Концесстой холбоотой зохицуулалтуудын уялдаа холбоог боловсронгуй болгох, ТХХТ-ийн тухай шинэ хуулийг боловсруулах, улмаар төр болон хувийн хэвшлийн тогтвортой, үр дүнтэй, харилцан ашигтай түншлэлд зориулсан хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага тулгарсан. Эдгээр нь төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг шинэчлэн боловсруулах үндэслэл болжээ.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛНА
Засгийн газрын 2021 оны 36 дугаар тэмдэглэлийн дагуу Сангийн яам “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ “Бид энэ хуулийг хувийн хэвшилтэй хамтран хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Төр, хувийн түншлэлийг одоо Концессын тухай хуулиар зохицуулж байна. Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс нь үүний нэг юм.
Бид маш хязгаарлагдмал хуулийн орчинд ажиллаж байгаа тул хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт болдог нь буруу жишиг. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг тул үүнийг халах цаг болсон. Хувийн хэвшилд ашигтай атлаа төрийн үйлчилгээг сайжруулсан төслийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна. Уг хуулийг батлахтай холбогдуулан нийт 26 хуульд өөрчлөлт оруулна” гэв.
Мөн тэрбээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна гэж мэдэгдлээ. Б.Жавхлан сайд "Энэхүү төв нь шинээр байгуулж буй Эдийн засгийн хөгжлийн яамны харъяанд байж, мэргэжлийн зөвлөх баг ажиллана. Төр, хувийн хэвшлийн хүрээнд буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар барих-шилжүүлэх зарчмаар хийдэг гэрээ дахин байгуулахгүй. Учир нь дээрх зарчмаар хэрэгжүүлж буй төслийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг. Тиймээс эдгээр энэ хуулийн төсөлд тусгасан” гэж хэллээ.
Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Дэлгэржаргалын хэлснээр, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх сан байгуулахаар төлөвлөжээ. Эдийн засгийн хөгжлийн сайд тус санг ахлах бөгөөд уг сан нь байгууллагын бүтэцтэй бус, Засгийн газар дүрмийг нь баталж, улсын төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тусламж, бусад хандивын хөрөнгөөр санхүүжих юм байна.
Уг сан дээр төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал, орлого төвлөрч, ТЭЗҮ-ийг хийж, бүх хөрөнгө оруулалт тус сангаас зарцуулж явахаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд тусгажээ.
Төр, хувийн хэвшлийн Түншлэлийн тухай хуулийг баталснаар манай аж ахуйн нэгжүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, зах зээлээ тэлэх боломж нээгдэх юм байна. Энэ онд Улсын төсвийн тухай хуулиар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж. Гаднын зээл, тусламжийг нэмбэл 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжих юм байна. Энэ нь манай улсад шаардлагатай, 80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 10 хувь юм. Иймд үлдсэн 90 хувьд нь хувийн хэвшил хөрөнгө оруулдаг болгохын тулд Засгийн газар ажиллана гэж Сангийн яамнаас мэдээлэв.
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛНО
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд туссан онцлох заалтууд:
-Концессын тухай хууль хүчингүй болно,
-Түншлэгчтэй байгуулах гэрээний дээд хугацаа 30 жил. Гэрээ байгуулах эрхийг Засгийн газар олгоно.
-Эдийн засгийн хөгжлийн сайдаас гадна тухайн салбарын сайд, орон нутгийн захиргаа гэрээг хамтдаа баталж, гарын үсэг зурна.
-Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтын, барилга барих гэх мэт гэрээг заавал хамтад нь байгуулна.
-Төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх төслийн үе шатууд:
-Төслийн санал: хувийн хэвшил санаачилга гарган, төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой.
-Урьдчилсан үнэлгээ хийж, тухайн төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл мөн эсхийг тогтоон, тухайн төслийг улсын төсөв, гаднын зээл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхийг мөн шийднэ.
-Үнэлгээнээс гадна бүрэн шинжилгээ болон төслийн ТЭЗҮ, эрсдэлийн шинжилгээг хийнэ. (Өмнө нь манайд эрсдлээ бүрэн тооцоогүйгээс олон төсөл зогссон жишээ бий).
-Түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
Холбоотой мэдээ