Сурлагын хоцрогдол нөхөхөд 373 тэрбум төгрөг шаардагдана
УИХ-ын Баасан гаригийн нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Цар тахал улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарт хүчтэй нөлөө үзүүлснээс боловсролын салбарт хамгийн ихээр нөлөөлсөн. Үүнээс үүдэн сурагчдад үүссэн хохирлыг тооцож барахгүй. Хэрэв хөл хориог боловсролын салбарт үргэлжлүүлбэл ирээдүйд амьдралын чадамж хүртээмж зорилгоороо бусад үеэс хоцроно гэдгийг Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд дурдсан байна. Танхимын сургалт урт хугацаанд хаагдаж зайн, цахим хэлбэрт шилжсэн энэхүү үзэгдлийг дан ганц хичээл сургалтын хоцрогдол бус айдас, түгшүүр, сэтгэл санааны хямрал давхацсан нэгэн үеийн сүйрэл гэж Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО онцолж байсан.
Цар тахлын улмаас танхимын сургалтыг 2020 оны нэгдүгээр сараас бүрэн зогсоож хичээл сургалтыг хоёр жил зайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан.
Сурагчид 2019-2020 онд танхимаар хичээллэх нийт өдрийн 74 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувийг зайн болон цахим хэлбэрээр явуулсан. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар цэцэрлэгийн сурагчдын хоцрогдол 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд боловсрол 36 хувьтай байна. Тэд эзэмших ёстой мэдлэг чадварынхаа дөнгөж 40-50 хүрэхгүй хувийг эзэмшиж байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд уламжлалт танхимын сургалтад ашиглаж ирсэн сургалтын арга зүйг хүүхдийн сонирхолд нийцүүлэн өөрчлөх шаардлага гарч байна. Хүүхдийн амьдарч буй орчин, гэр бүлийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан боловсролын хүртээмж тэгш бус байна. Тухайлбал, эрчим хүч, техник хэрэгслийн хүртээмжгүй байдлаас улсын хэмжээнд 178 мянган хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдаж чадаагүй. Энэ нь биднийг цахим сургалтаас гадна өөр хувилбартай болох ёстойг харуулж байна. Цахим сургалтын чанар хангалтгүй байгааг улсын хэмжээнд хийсэн судалгаанаас харж болно.
Багш нарын мэдээлэл харилцаан технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь сургалтын чанарт нөлөөлж байна. Эцэг эхчүүдээс цахим сургалт хангалтгүй байна гэдгийг шүүмжилж ирсэн. Эцэг эхчүүд бага ангийн хүүхэд анхаарал төвлөрөх, бие даан ажиллах чадвар хангалттай төлөвшөөгүй учраас хүүхдүүд гэрийн орчинд хичээл хийхэд хүндрэлтэй байна гэдгийг хэлж байна.
Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх, бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн хичээл, сурлагын хоцрогдол нөхөх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2021-2023 онд нийт 373 тэрбум төгрөг шаардагдана.
2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сард эхлүүлсэн. Танхим болон танхимын бусаар зохион байгуулсан. Гуравдугаар ангийн сурагчдын хувьд нэг хичээлийн жилийн хичээлтэй тэнцэхүйц хоцрогдол үүссэн. Дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд 50 хувийн алдагдлыг нөхөх боломжтой. Танхимын сургалтыг юугаар ч орлуулж, нөхөх боломжгүйг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа сургуулийн өмнөх, бага боловсролын түвшинд. Хэдий зайн сургалтын боломжит олон хувилбар нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа ч дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд олон зүйлд бид бэлэн биш байлаа.
Хуучин арга барилаараа давтлага өгсөөр байвал хоцрогдол арилахгүй. Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил ч багадаж магадгүй.
БШУЯ Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх гурван жилийн буюу 2021-2023 оны төлөвлөгөө гаргасан. Энэ нь цаашлаад боловсролын реформ болох суурь нь болно.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Цар тахлын хүнд нөхцөлд боловсролын салбар чадлаараа ажилласан гэдгийг бид үгүйсгэхгүй. Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны хөтөлбөрт улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө хуваарилдаг. Гэвч сургууль, цэцэрлэгийн бэлтгэх систем гажуудалд орсон. Тухайн сургууль, цэцэрлэгийн дарга, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд үдийн хоол хөтөлбөрийг хариуцуулдаг. Үүний тогтолцоог өөрчлөх цаг болсон. Ер нь сургууль, цэцэрлэгийн байгууллагын төлөөлөл өөрсдөө бэлддэг эрх зүйн орчныг бий болгох боломж байна уу?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-2021 оны хичээлийн шинэ жилийн онцлог нь үдийг цайг үдийн хоол болгосон1-5 ангийн 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилсэн. Үүнд хүндрэл бэрхшээл бол бий.
Нийслэлд байгаа сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой. Нэг хүүхдэд өгөх хоолны хувьсах зардал нт 900 төгрөг байсныг Засгийн газар 1500 төгрөг болгосон.
Тооцоо судалгаа хийгээд үзэхэд түрээсийн гал тогтоотой сургуулиудын нэг хүнд оногдох 1500 төгрөгийн 800-900 нь хувийнхны халаасанд орж байна. Уг нь бол 1500 төгрөг бүхэлдээ л хүүхдийн аяганд хоол болж орох ёстой. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулиуд түрээсийн гал тогоогүй байна гэдгийг хуульчилсан.
УИХ-аас баталсан Хоол үйлдвэрлэлийн тухай хуулиар гал тогоогоо түрээслэхийг хориглосон. Ганц жилийн дотор бүх сургуулийн түрээсийн гал тогоог гаргаж чадахгүй болохоор энэхүү арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020-2022 оны төсөв дээр сургуулиудыг гал тогоотой болгох, тоног төхөөрөмжөөр хангахад яамны зүгээс бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Кембрижийн боловсролыг хэрэгтэй, хэрэггүй гээд нэг хэсэг их маргасан. Кембрижийн боловсролыг үнэтэй гээд байсан. Боловсрол үнэтэй л байх хэрэгтэй. Үүнээс гадна багш нарын цалин хэд байна вэ. Би хувьдаа багш нарыг бага цалин авдаг гэж боддог. Бага цалинтай хүмүүсээс яаж үр дүн нэхэх юм. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг хассантай бол би санал нийлэхгүй. Монголын боловсрол бүхэлдээ кембриж хөтөлбөрөөр явах хэрэгтэй.
Боловсролын хуулиар яг юу өөрчлөгдөхөөр байна. Монгол хүүхдүүд маш сайн оюуны чадавхтай. Сайн материалаар маш муу бүтээгдэхүүн хийдэг. Үнэндээ монгол хүүхдүүд шиг ачаалалтай хүүхдүүд байхгүй. Монгол бичиг сурна, кирилл бичиг сурна. Дээр нь англи хэл сурна. Англи хэлийг хоёрдогч хэл болгоно гэж ярьсан хэвээрээ юу. Ер нь бүх мэдээлэл англи хэл дээр байгаа цагт нэг мөсөн кириллээ болиод, латин үсгээр бичдэг болсон нь зөв.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Би Боловсролын сайдын ажлыг аваад арван сар болж байна. Энэ хугацаанд Боловсролын салбарын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль нь МАН-ын хууль биш. МАН, АН-ын хууль гэж ерөөсөө байж болохгүй. Боловсролын багц хуулийг бага Үндсэн хууль гэж болно. Боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог бид дээрх хуулиар шинэчилнэ. Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байна. Чанараар нь үнэлдэг болно.
Харьцангуй нэг үеэ бодвол сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирсан. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд гурван ээлжийн цэцэрлэгтэй сургууль байхгүй.
Таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс санхүүжилтийн тогтолцоогоо өөрчилнө. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардал орон нутаг болон нийслэлд өдөр шөнө шиг ялгаатай байдаг мөртлөө чанарыг нь үнэлэх үзүүлэлт байхгүй. Багш нарыг сургаж, хөгжүүлдэг, цалин нийгмийн хамгааллын асуудлуудыг нь үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ.
Багш нарын цалинг би хувьдаа 3-5 сая төгрөг байгаасай гэж хүсч байна. Тэд шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой.
Хамгийн бага цалинтай хүмүүсээс өндөр үр дүн нэхэх нь утгагүй. Сургууль, цэцэрлэгийн томилгоо улстөржсөн гэдэгтэй би санал нийлнэ. Өвөрхангайд гарсан хэрэг, Архангайн цэцэрлэгийн багш сурагчдаа гар хүрсэн зэрэг сэтгэл эмзэглүүлэм асуудалд Боловсролын яам шүдгүй арслантай адил байна. Хариуцлага тооцож чадахгүй. Гэтэл мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга нь өнөөдөр сумын мал эмнэлгийн эмчийг томилдог босоо тогтолцоотой байна. Гэтэл БШУ-ны сайд аймгийн боловсролын газрын даргыг томилж чадахгүй байна. Ийм чөдөр тушаагаас болж боловсролын салбарт чанар хүртээмж нэхэх хүлээх суурь нь бүрдээгүй. Үүнийг Боловсролын салбарын багц хуулиар өөрчилнө.
Хөтөлбөрийн шинэчлэлт ойр ойрхон хийснээс үүдэн боловсролын салбарт цар тахлын өмнөх хоцрогдол болон дараах хоцрогдол үүссэн. Тиймээс цаашдаа боловсролын салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг хийхэд хамгийн багадаа 10 жил ёстой. Харин бид сүүлийн 16 жилийн дотор 3-4 удаагийн маш том хөтөлбөрийн шинэчлэлүүдийг хийсэн. Үүнээс улбаалан бид багш нар, сурах бичиг, хөтөлбөрөө бэлдэж чадаагүй. Үүний гор нь цар тахлаар илэрсэн. Кембрижийн хөтөлбөрөөс бидэнд авах зүйл олон бий. Төлбөрийн чадвартай хүмүүсийн хүүхдийг сургадаг хөтөлбөр ч бас биш л дээ. Бид ойлголтуудаа өөрчлөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Үр дүнд суурилсан, боловсролыг чанартай олгосон багш нарыг урамшуулахаар 80 гаруй тэрбум төгрөгийг шийдсэн. Хэрэгжиж эхэлсэн үү? Тухайлбал, Төв аймгийн зарим суманд хүүхдийн тоо нэмэгдсэн бол багш ажилчдын тоо хэвээрээ байгаа. Тухайн хүмүүст илүү цагийн урамшуулал өгөх гэхээр төсөв нь дуусдаг. Багш ажилчдын тоог хүүхдийн тоотой нь уяах байдлаар шийдэх асуудал Боловсролын хуульд орох уу?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-2022 оны улсын төсөв батлахад шинэ эх үүсвэрийг баталсан. Өмнө нь боловсролын салбар урсгал зардал, цахилгаан дулааных нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн эх үүсвэртэй байсан. 2022 оны улсын төсөвт нэмэгдэл буюу үр дүнд суурилсан санхүүжилт гэж 80 орчим тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн. Багш нар үр дүнгийн урамшуулал гэж авдаг. Гэхдээ үүнийгээ 100 хувь бүтэн авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн сургууль дээр очсон мөнгөө тэгшитгээд хуваарилж, багш нар хохирч үлддэг байсан.
Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс багш нарын суурь цалинг нэмэх ёстой гэж шийдсэн. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш 1 сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-ээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг багш нарт хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя гэж байгаа. Энэ нь багш нарын хувьд 1 сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ батлагдаагүй байгаа.
Холбоотой мэдээ