Япон Улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан. Энэ талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,
"Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн Covid-19 халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан. Одоогийн байдлаар зөвхөн Япон Улсын иргэний гэр бүл зэрэг(болон Байнгын оршин суугчийн гэр бүл зэрэг статус бүхий оршин суух зөвшөөрөл бүхий иргэд болон нэн хүндэтгэн үзэх шалтгаантай онцгой тохиолдолд (гэр бүлийн гишүүн нас барсан зэрэг) хил нэвтрэх боломжтой. Харин бусад төрлийн визний мэдүүлгийг хүлээж авахгүй байгаа. Уг арга хэмжээ тодорхойгүй хугацаанд үргэлжлэн хэрэгжинэ. Визийн мэдүүлгийг хүлээн авч эхлэх тохиолдолд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдэгдэх болно” гэжээ.
Covid-19 халдварын шинэ хувилбар омикроны эсрэг гадаадын улс орнууд хилээ хязгаарлах арга хэмжээг авсан. Одоогоор Япон болон БНСУ хилийн хязгаарлалтаа чангаруулсныг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Тухайлбал, иргэний агаарын тээврийн МИАТ компани энэ сард болон ирэх сард Сөүл, Токиогийн чиглэл хийх байсан зарим нислэгээ цуцалж байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын чиглэлд энэ оны нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29 болон хоёрдугаар сарын 8, 15, 22-ны Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаарт аяллын нислэг цуцлагдав. Мөн Япон улсын Токио хотын чиглэлд, мөн энэ оны нэгдүгээр сарын 30-ны Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/ОМ502 дугаар аяллын нислэгийг цуцалжээ.
Дээрх аяллуудаар зорчихоор тийз худалдан авсан зорчигчид тийзээ буцаах тохиолдолд хураамжгүй байх бөгөөд мөн нэмэлт хураамжгүйгээр өдрөө солиулах боломжтой аж.
Холбоотой мэдээ