Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингөөс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Казахстан улсад байгаа монгол иргэдийг яаралтай тохиолдолд хэрхэн татан авах вэ?
-Аливаа асуудлыг бодлого, төлөвлөгөөтэй шийдвэрлэхэд Гадаад харилцааны яамнаас анхаарч байна. Казахстанд болж байгаа үйл явдлын талаар Элчин сайдын яамнаас тогтмол мэдээлэл авч, яаралтай үед ямар арга хэмжээ авч болох талаар судалж байна. Тус улсад Монгол Улсын нийт 4200 орчим иргэн бий. Одоогоор, Монгол Улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй. Юу, юуны духанд хүрээгүй байж иргэдээ татаж авна гэж болохгүй. Зохих төлөвлөгөө, журмын дагуу шат дараатайгаар асуудлыг шийдвэрлэнэ. Өчигдөр шөнөөс эхлээд Казахстанд нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа гэсэн мэдээ ирсэн.
Гэхдээ Алматыгаас бусад хотод байдал тогтворжиж байна. Тиймээс Алматы хотод амьдарч байгаа иргэдээ жагсаал цуглаанд оролцохгүй, аль болох гэртээ байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал хүндэрвэл эхний ээлжид тухайн хотоос өөр муж руу иргэдээ нүүлгэх арга хэмжээг авах талаар мөн ярьж байгаа.
-Хуваарьт нислэг үйлдэх боломжгүй бол газраар, автомашинаар иргэдээ татах боломжтой юу? /Нова-Алматы-Баян-Өлгий болон бусад маршрутаар/
-Онгоц нисэхгүй байгаа учраас хамгийн бодит хувилбар бол газраар иргэдээ татах. Гэхдээ зөвхөн Нова-Алматы-Баян-Өлгий маршрут биш. Өөр боломжит хувилбаруудыг судалж байгаа.
Нөхцөл байдлыг харгалзаж ямар нэгэн шийдвэр гаргахаас шууд маргааш иргэдээ татна гэж болохгүй. Үүнийг иргэд ч ойлгох хэрэгтэй.
Алматыгаас бусад хотод асуудал намжиж байгаа нь сайн. Гол нь үүсээд байгаа нөхцөл байдал хэр хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай тохиолдол үүсвэл тухайн улс дотор нь нүүлгэн шилжүүлэх зохицуулалт хийнэ.
-Шаардлагатай тохиолдолд Казахстан дахь иргэд яаралтай холбогдож болно гэсэн. Гэвч сүлжээ болоод бусад асуудлаас болоод холбоо тогтоож чадахгүй байгаа хүмүүс байгаа болов уу?
-Энэ хамгийн чухал зүйл. Сүлжээ орж, гарах, тасалдаж байгаагаас шалтгаалж холбоо тогтоох боломжгүй байгааг иргэд мэдээж байгаа. Элчин сайдын яам дээр иргэдээс асуудалд ороод байна гэсэн дуудлага мэдээлэл хүлээж аваагүй ч аль болох тухайн улсад байгаа иргэдтэй холбоо тогтоохыг хичээж байна. Хэрэв дуудлага, мэдээлэл, хүсэлт гаргавал дээр хэлсэнчлэн шат дараатайгаар арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа.
Яамны зүгээс иргэддээ хүргүүлж буй гол зөвлөмж бол тухайн үймээн самуунд монгол иргэдийг оролцохгүй байхыг хүсч байна. Учир нь тухайн улсад зэвсэгт хүчнийхний эсрэг бослого гарч байна. Тэгэхлээр иргэд аль болох өөрсдийн аюулгүй байдлаа хангаж гэр гэртээ байх л чухал байна.
-Өмнөд Солонгос улс манайхаас зорчигч хүлээн авахгүй, зөвхөн өөрийн орны иргэнээ л хүлээж авна гэж мэдэгдсэн. Монгол Улсын хувьд ямар бодлого баримталж байна вэ?
-Одоо шууд мэдэгдэл гаргаад арга хэмжээ авна гэж болохгүй. Нөхцөл байдлын өрнөл дээр үндэслэж албан мэдэгдэл гаргаж, арга хэмжээ авна. Өнөөдрийн байдлаар тэнд байгаа монгол иргэдийн эрх ашиг, амь нас хамгийн чухал. Тиймээс элчингээс иргэдийн тоон мэдээлэл дээр тулгуурлаж хаяг, байршил зэргийг тодорхойлж байна. Түүнээс бусад улс орон албан мэдэгдэл гаргахад түүнийг дагаж шийдвэр гаргана гэдэг ташаа.
-Олон улсад үүсээд буй цар тахал болоод үймээн самуунаас шалтгаалж хуваарьт нислэгүүд цуцлагдаж эхэллээ. Цаашид яах вэ?
-Гадаад харилцааны яамнаас хуваарьт нислэг рүү орон эрхийг нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл ОХУ, Өмнөд Солонгос руу хуваарьт нислэг хийх гэх мэт. Тус улс руу хийх нислэгийн эрх буюу зөвшөөрлийг олгосны дараа МИАТ болон Зам тээврийн яам өөрсдийн бодлогоор зохицуулалтыг хийдэг. Тэгэхлээр эрх олгосон нислэгийн долоо хоногт нисэх нислэгийн хуваарь болоод бусад асуудлыг ГХЯ хариуцахгүй гэсэн үг. Цуцлагдаж байгаа нислэгүүдэд манай яамнаас хяналт тавьдаггүй учир хариуцаж байгаа газрын мэргэжилтнээс тодруулах нь зүйтэй.
-Бусад улс орон, тухайлбал, Тайланд зэрэг оронд гацсан иргэдээ хэрхэн эх оронд нь авч ирэх талаар зохицуулалт хийж байгаа юу?
-Үүнийг бол ГХЯ дангаараа шийдвэрлэхгүй. Улсын онцгой комисс болон бусад холбогдох газруудтай хэлэлцэж байж шийдэлд хүрнэ.
-Гадаад харилцааны яамнаас дээрх асуудлаас гадна хил нээх асуудалд хэрхэн анхаарч байна. Эрээн-Замын-Үүдийн чиглэлийн автозамаар тээвэрлэлт яг хэзээ хэвийн үргэлжлэх үү?
-Хил гэхээс илүү автозамын тээвэрлэлт гэж ярих нь зүйтэй. Өнгөрсөн сард үе шаттайгаар нээнэ гэдгийг мэдээлсэн. Эхний ээлжид Эрээн талд байгаа ачаатай автомашинуудыг гаргах, гаалийн талбайг чөлөөлөх ажил дуусаад байна. Дараагийн шатны ажил нь халдвар хамгаалалтын үнэлгээг Эрээний талтай хийх. Гуравдугаарт чингэлэгт тээвэр буюу ачилт хийгдэж байгаа. Одоогийн байдлаар гаалийн хашаанд 300-400 чингэлэгт ачилт хийгдсэн байгаа гэсэн. Одоо бол дөрөвдүгээр шатны ажлаа хийж байна. Ачилт хийсэн чингэлгүүдээ гаргахаар ажиллаж байна.
Эрээн талд суугаа Консулаас автозамын тээвэрлэлтийг дахин гурван сараар сунгаж, нээхгүй гэдэг мэдээллийг үгүйсгэсэн. Ямартай ч автозам болон төмөрзамын тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж л байна.
Холбоотой мэдээ