ЭМЯ: Омикроны 12 тохиолдол батлагдсан

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Омикроны 12 тохиолдол батлагдсан

Эрүүл мэндийн яамнаас covid-19 цар тахлын нөхцөл байдал болон омикрон хувилбар, вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.


 

Хил дээрх хяналтыг эрчимжүүлж, омикроны давалгаа эхлэх хоногийг аль болох хойшлуулах тал дээр ажиллаж байна. Бусад улс орнуудын

  • Омикронтой хэрхэн тэмцэж байгаа,
  • Өвчлөлийн хүндрэл хэр байгаа,
  • Ямар эрсдэлт бүлэг өртөж байгаа,
  • Эмчилгээний тактик,
  • Хүний нөөц бэлдэх, амраах,
  • Эм эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх зэргээр омикроны давлагаатай тэмцэж буй тактигаас суралцах талаар судалж байна.

Дэлхийн 140 улсад омикроны хувилбар бүртгэгдлээ. Их Британи, Франц, АНУ, Итали улсуудад халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. АНУ өдөрт нэг сая гаруй тохиолдол бүртгэж байна. Өмнөд африк, Их Британ улсад халдварын давлагаа нэг сар үргэлжлээд буурлаа. Их британи улсад вакцины хамрагдалт өндөр байгаа тул хөл хорилгүйгээр бага, дунд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахаа мэдэгдлээ.

Манай улсын хувьд ч гэсэн омикроны давалгаанд өртсөн ч  хөл хорихгүй мөн дунд сургуулиудын үйл ажиллагааг хэвийн явуулна. Учир нь вакцины хамралт өндөр, өвчилсний дараах дархлаажилт сайн байгаа тул эрсдэлд бага өртөнө гэж үзэж байна.

Омикроны давалгаанд өртсөн улсуудын судалгаанаас харахад гэр бүл доторхи халдвар тархалт тав дахин нэмэгдсэн байна. Гэр бүлийн аль нэг гишүүнээс халдвар илэрсэн тохиолдолд бусад гишүүд тусах эрсдэл өндөр байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.БИЛЭГТСАЙХАН:

Сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэн ирснээс халдварын 232 тохиолдол 21 улсаас зөөвөрлөгдөн иржээ. Тэдний

  • 104 нь хилийн нэвтрэх цэгийн шинжилгээгээр,
  • 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авсан шинжилгээгээр илэрсэн байна.

Мөн нийт 3492 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээнд хамрагдсанаас 112 тохиолдлыг илрүүлсэн. Тодруулбал,

  • Алтанбулаг боомтоор 2100 хүнээс зургаан тохиолдол
  • Цагаан нуур боомтоор ирсэн 510 хүнээс дөрвөн тохиолдол
  • Боршоо боомтоор 213 хүнээс 0
  • Гашуунсухайтаар ирсэн 4751 хүнээс 64 тохиолдол тус тус батлагдаад байна.

Генийн дараалал тогтоох "NGS" төхөөрөмжөөр шинжлэхэд 12 сорьцод омикрон хувилбар илэрсэн ба үүнээс 10 нь энхийг сахиулагч, Истамбул-Улаанбаатарболон Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн тус бүр нэг хүнээс батлагдсан. Суданаас ирсэн 244 энхийг сахиулагчаас 231-д нь  "PCR" шинжилгээгээр Covid-19 илэрсэн.

"NGS"-ээр баталгаажуулах энэхүү шинжилгээг түүвэрлэн, цөөн тоогоор хийдэг. Мөн гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн болон сэжигтэй тохиолдлуудад шинжилгээг хийж байна. "NGS" шинжилгээний технологи нь олон үе шаттай ба 7-10 хоног шаарддаг. Лабораторийн хариу гарч ирсний дараа генүүдийг нэг бүрчлэн угсран "S" ген дээр байгаа 30 гаруй мутациудыг тодорхойлдог учир багагүй цаг хугацаа ордог. Японы эрүүл мэндийн салбартай хамтран судалгааны ажлууд явуулдаг бөгөөд үүний хүрээнд бид өнгөрсөн оны арваас арванхоёрдугаар сард авсан 100 гаруй сорьцыг шинжлүүлэхээр Япон улс руу илгээсэн.

ХӨСҮТ-ИЙН ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ НЭГЖИЙН ЭМЧ Ч.УРТНАСАН

Томуугийн өвчлөлийн байдал амбулаториор үйлчлүүлэгчдийн 10,000 тохиолдолд 16, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 15 хувийг томуугийн А хүрээний вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Орон нутгийн хувьд 21 аймгийн 50 орчим хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн болон алаг цоохор дэгдэлтийн түвшинд хүрсэн. Томуугийн дэгдэлт нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг. Энэ үе маань Covid-19 халдварын үетэй давхцаж байгаа. Хэрвээ энэ хоёр халдвар зэрэг дэгдвэл орны ачаалал нэмэгдэнэ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж